МӨРДЭС ГОЁСОН БҮСГҮЙЧҮҮД ЧУУЛАВ
  • 14:36
  • 3180
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын “Мөрдөс гоёсон бүсгүйчүүд” анхдугаар чуулга уулзалт Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдлаа.

Дэд ахлагч Н.БУЯНЖАРГАЛ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын “Мөрдөс гоёсон бүсгүйчүүд” анхдугаар чуулга уулзалт Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдлаа. Уулзалтыг аймгийн хэмжээнд ажиллаж амьдарч буй, эмэгтэй цэргийн алба хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний санал санаачилгыг сонсож, төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Аймгийн хууль зүйн хэлтэс хамтран зохион байгуулав. 

Чуулга уулзалтад Хилийн 0129, 0168, 0108 дугаар анги, Зэвсэгт хүчний 336, 281, 090, 253 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Сайншанд өртөө, Зүтгүүрийн депо, Замын дөрөвдүгээр анги, Замын-Үүд сум дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын нийт 350 гаруй эмэгтэй алба хаагч оролцсон юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр, Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Сэмжидтуяа, МЭХ-ны гүйцэтгэх захирал сэтгэл судлалын ухааны доктор А.Алтанчимэг, Хилчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ахлах дэслэгч Ө.Сарантуяа нар оролцож үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Мөрдэс гоёсон бүсгүйчүүд та бүхэн цаг ямагт эх орондоо эрх зүйт төрийг бүрэн  төлөвшүүлэх, иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгмийг тогтоох их үйлсэд хүчин зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, идэвх нэмэгдсэнээр нийгэмд эрх тэгш, ил тод, цогц хариуцлагын тогтолцоо бүрдэж улс орон тогтвортой хөгжиж байгаа билээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын эмэгтэй алба хаагчид гэдэг эх орны хатуу тушаал дор, хууль журмын хатуу сахилга баттай ажилладаг. Энэ хүнд ажлын хажуугаар эх хүний хувьд гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ахуй амьдралаа зохицуулах амаргүй үүргийг турьхан биедээ тээж яваа та бүгдээрээ бахархаж байна. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа эмэгтэй алба хаагчдын ололт амжилтыг энэхүү чуулганаар хэлэлцэхээс гадна, та бүгдийн дуу хоолойг сонсох, мэдлэг ур чадвар, цалин хангамж, нийгмийн хамгаалал, албан тушаалын зэрэглэл, жендерийн тэгш байдал зэрэг асуудлыг хөндөж, тулгамдаж буй асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгуулахад анхаарч, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг эрчимжүүлэх, та бүхний дэвшүүлсэн асуудлыг төрийн эрх бүхий байгууллагад хүргэнэ гэдгээ амлаж байна” гэв. Нээлтийн үйл ажиллагааг СГЗ Ш.Гүрбазар хөтлөн явуулсан бөгөөд тэрбээр бүсгүйчүүдийг магтан шүлэглэж, “Мөрдэс гоёсон бүсгүйчүүд та бүгд өнөөдөр бас өөрсдөө мөрдэсөө гоёсон байна” хэмээн баяр хүргэсэн юм.   

Энэ үеэр Монгол Улсаа төлөөлөн энхийг дэмжих олон улсын ажиллагаанд оролцсон Хилийн 0129 дүгээр ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, ахмад О.Лхагвацэцэгт аймгийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм. Үргэлжлүүлэн Хил хамгаалах байгууллага, аймгийн Засаг дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбооны шагналаар салбар салбартаа манлайлсан шилдэг бүсгүйчүүдийг шагнаж урамшууллаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан салбартаа манлайлсан шилдэг 20 бүсгүйд хүндэтгэл үзүүлж хувийн зүгээс гарын бэлэг гардуулсан юм.

 Бүсгүйчүүдэд МЭХ-ны гүйцэтгэх захирал, сэтгэл судлалын ухааны доктор А.Алтанчимэг “Хандлагын хүч”, Хан голомт Консалтингийн захирал, илтгэгч Ц.Азбаяр “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Соёлын өв ба үнэт зүйл”, Авьяаслаг монголчууд шоуны алтан базерын эзэн Б.Нарандэлгэр “Төрийн алба хаагчдын харагдах байдлын стандарт”, Scuti нүүр будалтын төвийн захирал Э.Эрдэнэсувд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр тус тус илтгэл тавьж, бүсгүйчүүдийнхээ тулгамдсан асуудлыг хөндөн ярилцав. Ийнхүү туршлага судалсан, санал бодлоо солилцсон, лекц сургалтад хамрагдсан, шагналын хур буусан “Мөрдэс гоёсон бүсгүй-2019” анхдугаар чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.