БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН: ТЭВЧЭЭРТЭЙ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛ, ЗҮТГЭЛТЭЙ ОЛОН МЯНГАН ЗАЛУУС ЭХ ОРНОО ХАМГААЛЖ БАЙДАГ
  • 14:39
  • 1444
Баян-Өлгий аймаг дахь улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга А.Гыламхантай уулзаж хил, хилчдийн талаар ярилцах боломж олдсон юм. Түүнтэй салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, хил хамгаалалтад чиглэсэн ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа талаар ярилцлаа.

Дэслэгч Ё.СЭНДЭР

 -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажлын талаар ярилцлагаа эхлье?

-Улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Манай аймаг БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг хоёр аймгийн нэг. Баян-Өлгий аймагт хилийн долоон сум байна. Монголчууд бид эртнээс мал аж ахуйгаа түшиж, ажил амьдралаа залгуулж ирсэн нүүдэлчин ард түмэн. Малчдын хувьд мал бол хөдлөх хөрөнгө. Өнөөдрийн байдлаар манай аймагт 2,6 сая мал байгаагийн 70 хувь нь жилийн дөрвөн улиралд хилийн бүс зурваст идээшиж байна. Малчдын хувьд тулгамдаж байгаа асуудал нь малаа хулгайд алдах. Иймээс ард иргэдийг хил хамгаалалтад өргөнөөр оролцуулахын тулд нутаглаж буй газар, мал хариулгын районоор нь хил хамгаалалтад оролцуулж байна. Малчдад Монгол Улсын Хилийн тухай хуулийг сурталчилж, цагийн байдлын мэдээллийг хилчдэд түргэн шуурхай өгч хэвших талаар ХХТХСЗ-ийн дарга байнга ухуулж байна. Иргэн, төр хоёрын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс долоон сумын засаг дарга, орлогч, тамгын газрын дарга нарыг оролцуулсан зөвлөгөөнийг жил бүр хийж хэвшсэн. Зөвлөгөөний гол зорилго нь улсын хилийг хамтарч хамгаалахад аймаг, сумдын удирдлага, харилцан ажиллагаатай байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршдог. Өнөөдрийн байдлаар 33 ажил төлөвлөснөөс 90 гаруй хувьтай хэрэгжсэн байна. Мөн Хилийн 0165, 0285 ангиудын хил хамгаалалтад шаардагдах хөрөнгийг шийдэж өгөхөд анхаарч байна.

-Улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн даргын хувьд салбар зөвлөлийн дарга нараа хэрхэн чиглүүлж ажилладаг вэ?

-Сумын Засаг дарга нарт хил хамгаалалтад малчдыг идэвхитэй оролцуулахад анхаарах асуудал, хилийн анги, салбарын бие бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллах, мэдээлэл солилцох талаар үүрэг чиглэл өгдөг. Өнөөдрийн байдлаар хил дамнасан малын хулгайн зөрчил бодитоор буурч байгаа нь хилчид ард иргэдийн уялдаа холбоо сайжирсан, хилийн анги, салбарууд хууль сурталчилах өдөрлөгийг цагдаа болон прокурорын байгууллагуудтай хамтарч үр дүнтэй зохион байгуулж байгаагийн илрэл юм. 2020 онд салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх замаар төлөвлөсөн ажлуудаа 100 хувь биелүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.

-Хилчдийн алба, үйл ажиллагаа, амьдралын онцлогийг хэрхэн ойлгож, үнэлдэг вэ?

-Хилчид алсагдсан газар амьдардаг. Тэр тусмаа Баян-Өлгий аймаг улсын нийслэлээс 1700 км-т оршдог. Чухамдаа яг хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид аймгийн төвөөс 100-200 км-т ажиллаж амьдарч байна. Гэхдээ хилчид төв суурин газраас хол, төр, нийгмийн үйлчилгээг авч чадахгүй байна гэж зовлон тоочдоггүй. Харин ч илүү их тэвчээртэй, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй, зүтгэлтэй олон мянган залуус эх орноо хамгаалж байгаад хувьдаа маш их бахархаж явдаг. Хилчдээ дэмжих, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэхэд их анхаардаг. Тэр тусмаа амьдрах орчин нөхцлийг нь сайжруулахад тусалж дэмжих ёстой. Хилчдийнхээ эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлд талархаж явдгаа хувиасаа болон Баян-Өлгий аймгийн хүн зоныхоо нэрийн өмнөөс илэрхийлэхэд таатай байна.

-Хилийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй, түргэн шуурхай хүргэх тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ?

-Хил тайван байж л хүн ардын сэтгэл амар тайван байдаг. Биднийг хамгаалж байгаа хилчдээ хүндэтгэх ёстой. Баян-Өлгий аймгийн ард түмэн тун зочломтгой. Аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууддаа хилийн анги, салбартай хамтарч уялдаа холбоотой ажиллах тал дээр үүрэг чиглэл өгдөг. Жил бүрийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнд 30 гаруй байгууллагын төлөөлөл цуглараад санал хүсэлтээ солилцож, цаашид хамтарч ажиллах ямар боломж бололцоо байгааг хэлэлцдэг нь төрийн үйлчилгээг хилчдэд түргэн шуурхай хүргэхэд чиглэсэн ажил гэж ойлгож болно.

-Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд олон тэмцээн уралдаан, үйл ажиллагаа болдог. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг уялдулахад ямар бодлого барьж байгаа вэ?

-Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэг үеэ бодвол маш сайн хамтарч ажиллаж байна. Ихэнх байгууллагын удирдлага залуужсан. Тэд маш олон арга хэмжээг хамтарч зохион байгуулдаг. Энэ нь ард иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Бид сумдад бүтээн байгуулалтын ажил төлөвлөдөг. Гэтэл энэ бүгдэд хилчид, тусайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид аль хэдийнэ ханцуй шамлан ордог. 2020 онд Баян Өлгий аймгийн 80 жил болно. Ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөөд байна. Төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой. Харин бидний хамтын ажиллагаа хэдий чинээ сайн байна, төдий чинээ үйл ажиллагаа уялдаж, сайжрах юм. 2018 онд үер болоход хилийн болон зэвсэгт хүчний ангиуд тусгай зориулалтын машинуудтайгаа ирээд их тус дэм болж байсан. Ард иргэд радио, телевизээр талархалаа илэрхийлж байсан. Цаашид бидний хамтын ажиллагаа улам бүр сайжирна гэдэгт итгэлтэй байна.

-Хилчдийн хүүхдийн боловсролын асуудал бас тулгамдаж байгаа зүйлийн нэг. 2019 оны төлөвлөгөөнд хилийн 0309 дүгэр салбарын цэцэрлэгийг засварлаж тохижуулах ажил тусгагдсан байсан?

-2016 оноос хойш Засаг дарга хийх хугацаанд сумдаар явж байхдаа хилийн салбаруудаар орж байсан. Ялангуяа цэцэрлэгийн асуудал их тавигддаг. Хүүхэд харах үйлчилгээ бас эрчимтэй явагдаж байгаа. Тус цэцэрлэгийг засварлаж, тохижуулах талаар санал тавьсан нь 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан юм. Энэ бол ирээдүй болсон үр хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр анхаарч байгаа нэг хэлбэр юм.

-Үндэсний аюулгүй байдлыг хангах тусайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд чиглэсэн ажлуудыг цаашид улам их хийх байх. Хилчдэдээ хандаж хэлэх үгээр яриагаа өндөрлөе.

-Эх орныхоо дархан хилийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа хилчдэдээ амжилт хүсье. Та бүхэн амжилтаа улам бататгаж, эрч хүчтэй, шинэлэг сэтгэлгээгээр илүү сайж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Үр хүүхдээ сургаж, бүх боломжоо ашиглаж хамтарч ажиллаарай. Дархан хил маань тайван байж, хүн зон нь амгалан байх болтугай.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.