МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРГАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
  • 13:35
  • 1819
Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд, энэ онд батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олон сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Ингээд эдгээр сургалтын явцаас та бүхэнтэй хуваалцья.

Ахлах дэслэгч Г.МӨНХБАЯР

 

 ЦЭРГИЙН ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙН СУРГАЛТЫН ЯВЦААС

 

Үлээвэр хөгжимчдийг бэлтгэх хөгжмийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор Цэргийн үлээвэр хөгжмийн сургалтын төвд 2019 оны аравдугаар сарын 01-ээс цэргийн үлээвэр хөгжмийн анхан шатны сургалт амжилттай хичээллэж байна. Хилийн 15 ангийн 36 алба хаагч тус сургалтад хамрагдан суралцаж байгаа юм. Сургалтын хүрээнд мэдвэл зохих найрал хөгжим, хөгжмийн онол соноршуулга, хөгжмийн зэмсэг судлал, цэргийн хөгжмийн алба, мэргэжлийн ур чадвар зэрэг нийт 170 цагийн танхимын хичээл, 360 цагийн дадлага сургуулилалт явагдаж байна. Энэ удаагийн сургалтыг явуулахдаа хоёр хичээлийн танхим, нэгдсэн бэлтгэлийн өрөөг засварлан тохижуулж сургалт явагдах таатай орчин нөхцлийг бүрдүүлжээ. Мөн мэргэжлийн урлагийн сургууль төгссөн суралцагчид хамрагдаж байгаагаараа энэ удаагийн сургалт онцлогтой юм.

ХИЛЧИН ХОЛБООЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА

Холбооны сургалтын төвийн “Радио телеграфчин бэлтгэх анхан шатны сургалт” 2019 оны есдүгээр сарын 25-наас эхэлж радио чимээний 300, техникийн бэлтгэлийн 120, компьютерийн хэрэглээний 80 цагийн сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтад хилийн 12 ангийн нийт 30 алба хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтын хугацаанд Улсын аварга шалгаруулах “Өндөр хурд”-ны телеграфын тэмцээн зохион байгуулагдаж тус тэмцээнд суралцагч Б.Хишигчулуун Радио спортын II зэрэг, Хилийн 0257 дугаар ангийн Н.Катюша, Хилийн 0165 дугаар ангийн М.Азжаргал, П.Наранцацрал, Хилийн 0245 дугаар ангийн Т.Оюунхүү, Т.Нямзаяа, Хилийн 0214 дүгээр ангийн Г.Батчимэг, Б.Энхзаяа, Б.Хулан нар радио спортын III зэргийн болзол хангав. Монголын радио спортын холбооны шүүгч нар радио телеграфыг богино хугацаанд сайн эзэмшсэнд нь баяр хүргэж амжилт хүссэн юм. Ингээд сургалтад хамрагдаж байгаа суралцагсадын сэтгэгдлийг хуваалцлаа

ЖОЛООНЫ СУРГУУЛЬ

Хилийн 0151 дүгээр ангийн МСҮТ-ийн Жолооны сургууль нь Хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа цэргийн алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааны хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалыг үндэслэн хилийн ангиудын захиалгаар тэдгээрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бие бүрэлдэхүүнийг жолооны сургалтад хамруулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ашгийн бус төрийн байгууллагын бүтцэд хамаарах дотоодын мэргэжлийн сургалтын салбар нэгж юм.

Улсын нэгдсэн аттестатчилалд хамрагдаж “А”, “В”, “ВС”, “М” үндсэн ангиллын, ангилал дэвшүүлэх “С”, “D”, “Е”, давтан сургалтуудыг явуулж бүх ангиллын сургалтуудын хөтөлбөрт техникийн онолын хичээлийг тусгайлан заадаг онцлогтой. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2012-2019 онуудад нийт 40 удаагийн сургалтыг зохион байгуулж, жолооны анхан шатны болон ангилал ахиулах сургалтад 865 жолооч техникчдийг хамруулж төгсгөөд байгаа юм. Харин 2019 онд хилийн 15  ангийн 78 цэргийн алба хаагч жолооны сургалтад хамрагдаад байна.