ЭЭЖДЭЭ
  • 13:44
  • 93
Хилийн 0166 дугаар ангийн ахлах ахлагч П.Мөнхбулган ахлагчтай эмэгтэйчүүдийн I хэсэг сургалтын төвийн хугацаанд шинэ дайчдын дунд “Ээждээ бичих захидал” уралдааныг зохион явуулжээ. Тус уралдаанд тэргүүлсэн байлдагч нарын захидлыг дээжлэн хүргэж байна.

Сайн байна уу ээж ээ, тандаа энэхүү захидал очих өдрийн мэндийг буюу тэнгэрт алтан наран мандаж хүүгийн тань цагаан цаасан дээр сэтгэл буулган очсон тэр өдрийн мэндийг хүргэе. Дэлгэсэн тэрлэг шиг эх орныхоо дархан хил дээр үеийн олон нөхөдтэйгөө мөр зэрэгцэн эх орноо хамгаалж буй Хилийн 0166 дугаар ангиас том хүү нь тандаа захидал бичиж сууна. Та нар минь цөм сайн биз дээ. Ээж ээ хүү нь албаа сайн хааж байгаа. Хүү нь арван жилдээ элдэв тэмцээн уралдаанд оролцож цэргийн албаны талаар мэдлэгтэй болсон учраас энд будлиад байх юм алга. Эхэндээ ах нарын ярьсан шиг яанаа, яах бол гэж боддог байсан ч байдал өөр юм байна. Цэргийн албанд бүх зүйл цагийн хуваарийн дагуу явагдана. Хүү нь барилга дээр ажиллах зэргээр хар бор ажил хийж байсан болохоор ядрахгүй байна. Хувцас, оо, сойз, саван гээд бүхий л ахуйн хэрэглэлээр хангасан. Ээж ээ та хүүгээ өлсөж ядрах байхдаа л гээд байсан. Энд харин ч хоолны амт чанар сайн юм. Дарга нар надад их сайн байгаа. Хүү нь үеийн олон аавын хөвгүүдтэй жаргал, зовлонгоо хуваалцаад сайн байгаа шүү. Гурван дүүгийн хичээл ном  сайн биз дээ. Сумъяа намайг их ярьж байна уу? Аавын бие өвдөөгүй биз дээ? Таны зүрх чинь гайгүй байгаа юу? Та хоёр минь дөрвөн хүүхдээ гэсээр өөрсдийнхөө биеийг хайхардаггүй шүү. Өвдөх зүйл гарвал өөрөөсөө мөнгө битгий харамлаарай. Эм тариагаа хийлгээрэй. Хүү нь бүх ажлаа зохицуулаад цэргийн албанд мордсон. Сүүлийнхээ цалингаар тандаа хөлдөөгч авч өгөхдөө таныгаа сүү цагаан идээгээ хөлдөөг гэж бодсон юм шүү. Таны минь ухаан тэнгэр мэт уудам, үрээ гэсэн сэтгэл тань ямар агуу юм бэ гэдгийг хүү нь ойлгосон. Таны минь захиж хэлсэн үгнүүд өдий хүртэл сургаж хүмүүжүүлсэн их ухаан тань хязгааргүй, та миний амьд бурхан билээ. 

Миний ээж 

Хавраар дэлбээлсэн цэцэгсээс хайгаад олдоогүй 

Хачин гоё өнгөтэй мөнхийн цэцэг Миний ээж 

Үүрээр шивэрсэн борооны дараа

Үүлэн чөлөөнд туяарсан солонгын долоон өнгө Миний ээж

Намраар буусан шувуудаас 

Намайг гээд үлдсэн бодлын цагаан хун Миний ээж

Хялмаалж орсон цасны дараа

Харж болохгүй гялалзсан цасан ширхэг.

Ээж ээ энэ шүлгийг хүү нь тандаа зориулж зохиосон юм шүү. Хүү нь албаа нэр төртэй сайн хаагаад очно. Яагаад гэвэл би чинь аавын удам залгаж, агтны төвөргөөнд өссөн хүү, ээжийн сургаал, хүмүүжилд ухаан нь тэлсэн хөх толбот хүү шүү дээ. Ээж ээ хүү нь тандаа хязгааргүй их хайртай шүү. 

Хилийн 0166 дугаар ангийн гуравдугаар салааны байлдагч Г.Дорждэрэмээс 

Баянхонгор аймаг, Өлзийт сумын тавдугаар багт суугаа хайрт ээж С.Ганцэцэгтээ

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.