Дэслэгч З.Ундралмаа
-Тавтай сайхан өвөлжиж байна уу? Говь-Алтай аймаг өвөлжилтийн бэлтгэл хэр хангасан талаар ярилцлагаа эхэлье?
-Сайхан өвөлжиж байна. Юуны түрүүнд эх орныхоо хилийг сахин хамгаалж буй мянга мянган хилчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Говь-Алтай аймгийн хувьд энэ жил зуншлага сайхан болсон ч намар бороо хур бага байснаас газрын гарц муудсан тал бий. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил, тэр дундаа өвсний нөөцийг аймаг өөрөө хариуцан бэлдсэн. Үүний дагуу 300 тонн өвс бэлдэж, сум орон нутгийн удирдлагууд ч өөрсдийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлж үндсэндээ өвөлжилтийн бэлтгэл хангагдсан. Цаг агаарын хувьд дулаахан сайхан өвөл болж байна. Урьдчилсан байдлаар ирэх нэгдүгээр сард манай аймгийн нутгаар цас их орно гэсэн төлөв бий. Энэ талаар малчид, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бэлтгэл ханган ажиллах талаар чиглэл өгч шат шатандаа анхаарч ажиллаж байна. Аймгийн мал сүрэг өмнөх жилийнхээс 700 гаруй мянгаар нэмэгдэж 4.2 сая тоо толгойд хүрээд байна.
-Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл 2019 оны ажлаа дүгнэлээ. Зөвлөлийн даргын хувьд өнгөрөгч жилийн ажлын дүнг танилцуулаач?
-Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нэгдсэн зөвлөгөөнөө хийж, ажлын тайлан дүнгээ танилцууллаа. Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөө 75 хувьтай биелсэн байна. Хилийн таван сумын салбар зөвлөлүүд төлөвлөгөөг ханган биелүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллажээ. Тухайлбал, “Нэг сум-Нэг мотоцикль”, “Нэг баг-Нэг агт” аяныг явуулж, хилийн сумд тодорхой хэмжээнд аяны төлөвлөгөөг биелүүлж, хилчдийн алба үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Алтай сумын хувьд орон нутгийн санхүүжилтээр 36 хүний суудалтай автобус худалдан авахад дэмжлэг үзүүлсэн. Аймгийн зүгээс хилчдийн алба үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилласан.
-Ирэх оны төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Төлөвлөгөөнд тусгагдсан онцлог ажлууд юу байна вэ?
-Миний бие өнгөрөгч есдүгээр сард хууль, хүчний байгууллагын удирдлагуудын хамт хилийн бүс нутгаар явж, хилчдийн алба, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцсан. Ингэхдээ хилийн бүс нутагт юунд анхаарах шаардлагатай талаар тодорхой ойлголт мэдээлэл авч, ирэх жилийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тусган ажиллахаар боллоо. Тухайлбал, ундны усны цэг гаргах асуудал чухал байна. Хилийн 0201 дүгээр салбар ундны ус муутай, 30 гаруй километрээс ундны усаа зөөвөрлөдөг. Тиймээс ч худаг усны асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн хилийн анги, салбар, харуулд автомашин, техникийн хэрэгцээ байгааг харж ирэх жилийн төлөвлөгөөнд тусгалаа. Хилийн бүс орчимд явахад анхаарал татсан нэг асуудал бол хилийн торон саад байсан. Хэдий алслагдмал бүс нутаг, цагийн байдал тайван ч гэлээ хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс торон саадыг шинэчлэх, сэргээх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс шийдвэр гаргах түвшинд саналаа оруулж, аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хилийн бүс, шугамын дагуу торон саадыг байгуулах ажлыг ирэх жил хэрэгжүүлнэ.
-Өмнөх жилүүдийн туршлагаас харахад аймгийн хэмжээнд хил хамгаалалтад туслах чиглэлийн төсөв хуваарилалт ямар түвшинд байв. Ирэх жилийн төсөвт хэрхэн тусгагдсан бэ?
-Хилийн тухай хууль, бусад хууль тогтоомжуудад заасны дагуу нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нөхцөл байдлыг үнэлж тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг. Аймгийн засаг даргын хувьд энэ жил хилийн анги, салбарт хүрч үйл ажиллагаа болоод амьдрал ахуйтай танилцсан. Өнгөрсөн жил Хилийн 0214 дүгээр ангид 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлснийг ахуй тохижилтын ажилд зарцуулсан байна. Ер нь алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг биелүүлж буй хилчдийнхээ ажил үйлсэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч, дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Төсвийн хуваарилалтын хувьд жилдээ дунджаар 20-30 сая төгрөг байхаар тооцож байна.
-Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажил Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилттой тодорхой хэмжээнд уялдах ёстой болов уу. Хилчдийн нийгмийн баталгааг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллав?
-Орон нутгийн хэмжээнд засгийн газраас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Аль болох тэр болгонд хилчдийгээ хамруулахад санаачилга гарган ажилладаг. Өнгөрөгч жилийн хувьд “Хавдрын эсрэг аян”, “Элэг бүтэн Алтай” төсөл хөтөлбөрийн дагуу хоёр удаагийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Мөн хилийн сумдын удирдлагууд энэ чиглэлд хамтран ажиллаж буй сайн жишээнүүд бий. Тухайлбал, Алтай сумаас олгосон 36 суудалтай автобусыг хилчдийн хүүхдүүдийг сургуульд зөөвөрлөх, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэн ашиглаж байна. Хилийн 0214 дүгээр анги хүүхдийн цэцэрлэг, хүүхэд хөгжүүлэх танхимыг тохижуулан, хилчдийнхээ нийгмийн асуудалд анхааран ажиллаж байна. Энэ мэт сайхан ажлуудад цаашид дэмжлэг үзүүлж ажиллах боломж бололцоо бидэнд нээлттэй бий.
-Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлд хэрхэн ажиллав?
-Иргэд олон нийтэд Хил хамгаалах байгууллагыг сурталчилах чиглэлийн ажил уламжлал болон зохион байгуулагдаад хэвшчихсэн. Өнгөрөгч онд Говь-Алтайн 1000 залуусын чуулган, баруун бүсийн наадам, сумдын түүхэн ойд хилчдийн төлөөлөл, урлаг сурталчилгааны бүлгийг оролцуулж, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран зохион байгуулсан. Мөн Говь-Алтай аймаг дахь төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол цэргийн холбоог байгуулж, төрийн тусгай албанд хүчин зүтгээд цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудыг үйл ажиллагаандаа оролцуулах, иргэд, хүүхэд залууст хилч, эх оронч үзлийг сурталчлах чиглэлд хамтарч ажиллахаар уриалаад байна.
-Хилийн 0214 дүгээр анги байрлаж буй Алтай сумын хувьд төв суурингаас алслагдмал бүс нутагт оршдог, төвлөрсөн цахилгаангүй, зам харгуй муутай гээд дэд бүтцийн хөгжил сайнгүй. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Алтай сум нь нийслэл хотоос 1400 орчим километр, аймгийн төвөөс 350 гаруй километр зайтай алслагдсан бүсэд оршдог. Аймгийн хэмжээнд цахилгаан дамжуулах шугамд холбогдоогүй ганц сум. Засгийн газар, гадаад харилцааны түвшинд хэлэлцээр хийгдэж, хилийн боомт бүхий бүсийг гэрэл цахилгаантай болгох асуудлыг ирэх онд шийдвэрлэх тухай хүсэлт гаргаад байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдвэрлэгдвэл цаашид сум орон нутгийг гэрэл цахилгаантай болгох асуудал үе шаттайгаар шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Үүнээс гадна алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй нэг асуудал болох интернэтийн хэрэглээний асуудал. Үүнийг ирэх онд шийдвэрлэхээр Цээл-Алтай сумын чиглэлд тавигдах шилэн кабелийн ажилд зориулж 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгуулаад байна.
-Ер нь хил хамгаалалтад туслах ажлын ач холбогдол, хилчдийн алба үйл ажиллагааны талаар та хувь хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Алслагдсан бүс нутагт, дэд бүтцийн хөгжил цэцэглэлтээс хол ажиллаж амьдардагийг нь тооцоход үнэхээр хүндрэлтэй. Хилд үүрэг гүйцэтгэж тэрхүү алба хаагчдын эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх чиглэлд аймаг орон нутгаас эхлээд төр засгийн зүгээс анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Би өөрөө цэргийн хүн, цагдаагийн сургууль төгсөж, орон нутагтаа цагдаагийн байгууллагад шат шатны албан тушаалыг эрхэлж байгаад төр захиргааны удирдах байгууллагад ажилласан. Тиймдээ ч төрийн тусгай алба хаагчдынхаа ажил амьдралыг сайн мэднэ. Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга төдийгүй цэргийн хүний хувьд хилээ дархлан хамгаалж буй хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ирэх он жилүүдэд анхаарч, хилчидтэйгээ ойрхон байж, зөвлөлийн ажлыг шинэ шатанд гаргаж, дорвитой үр дүн хүрч ажиллана гэдгийг хэлмээр байна. Ингээд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр хүндтэй албыг хашиж буй хилчин офицер, ахлагч, цэрэг дайчид, ажилтан алба хаагч, тэдгээрийн ар гэрийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улсынхаа торгон хилийг хамгаална гэдэг хэн бүхэнд олдоод байхгүй аз завшаан гэж би боддог. Та бүхний ажил үйлс өөдрөг, хилийн тэнгэр цэлмэг байх болтугай.