ХУРАНДАА Б.ЛУВСАНРАВДАН: ХИЛЧИН БҮРИЙГ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ ГЭЖ “ХИЛЧИН БИ ЖАРГАЛТАЙ” ДУУГАА ЗОХИОСОН
  • 13:02
  • 5073
ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн штабын дарга, хурандаа Б.Лувсанравдан нэгдүгээр сарын 23-ны өдөр “UB Palace”-т “Үрсэд минь үлдэх эх орон” тоглолтоо хийх гэж байна. МУСТА, ая зохиогч, хилчин хурандаатай тоглолтынх нь талаар хөөрөлдлөө.

Дэслэгч М.Уранбайгаль

-Та тоглолтынхоо талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Өөрийн анхны бие даасан тоглолтоо “Үрсэд минь үлдэх эх орон” гэж нэрийдсэн. Бидний өвөг дээдэс энэ сайхан газар нутгийг онгон дагшин чигээр нь үлдээхийн төлөө амь хайргүй тэмцэж ирсэн. Гэтэл бид өнөөдрөөр амьдрал дуусах мэт байгаль дэлхийтэйгээ хайр гамгүй харьцаж байна. Тиймээс ирээдүйдээ юу үлдээх вэ гэдгийг яг энэ цаг мөчөөс хүн бүр ухаарах цаг болсон тул “Үрсэд минь үлдэх эх орон” дууг бүтээж, тоглолтоо ийнхүү нэрийдсэн. Миний бүтээсэн 60 гаруй дуу бий. Үүнээс 23-ыг нь дээжлэн авч хүргэх болно.  

-Тоглолтын үеэр дуулагдах уран бүтээлээсээ сонирхуулаач? 

-Аав ээж, эх орон, хил, хилчдийн сэдэвтэй уран бүтээлүүд тоглогдоно. Тоглолтод “Fire”, “Увертюра”, “Хурд” хамтлаг, МУГЖ Б.Ганчимэг, МУСТА Т.Дэлгэрмөрөн, Я.Гэрэлчулуун, Д.Найдандорж, П.Пэрэнлэйлхагва, Л.Сүхбаатар, Х.Хаш нарын олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байгаа. Дуулагдах дуунуудын хувьд олны мэдэх “Нандин хайр”, “Яг л чи минь”, “Хайрын дурсамж”, “Түмэн эх”, “Хилчин би жаргалтай” зэрэг уран бүтээлүүд тоглогдох юм. 

-Тоглолтын гэнэтийн бэлгээс задалвал?

-Дотоод хэргийн их сургуулийн онцлогийг харуулсан, сонсогч нарын минь бахархал болохуйц шинэ дуу анх дуулагдана. Бодож төлөвлөсөн зүйл их бий. Та бүхэн тоглолтонд минь хүрэлцэн ирээд хамтдаа бэлгээ задалвал илүү сонирхолтой болов уу.  

-Таны уран бүтээлүүд дундаас хамгийн сонин үүх түүхтэй бүтсэн нь?

-Зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгэнд анх ая хийгээд дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан. Анх сонссон хүн бүр их гайхаж хүлээн авч байсан юм. Харин хамгийн богино хугацаанд бүтсэн уран бүтээл хурандаа Х.Энхтайваны үг “Яг л чи минь” дуу. Дууны шүлгийг аваад 10 минутын дараа аяыг нь хийгээд буцаагаад утсаар дуулж өгч билээ. “Яг л чи минь” дууг МУСТА Д.Найдандорж дуулж олны хүртээл болгосон байдаг. 

-Бие даасан анхны уран бүтээлээ яагаад ийм хожуу хийж байна вэ?

-Тоглолт хийе гэж боддоггүй байлаа. Бас төрийн албаны их ажлын хажуугаар тоглолт хийх цаг зав ч байгаагүй юм. Тоглолт хийнэ гэдэг их ажилтай гэдгийг сая л өөрийн биеэр мэдэрч явна. Удаа дараа найз нөхөд, уран бүтээлч дүү нар тоглолтоо хийгээч гэж санал тавьсны дагуу анхны бие даасан уран бүтээлээ хийхээр зориг шулуудаад явж байна даа. 

-Цомгийн хувьд?

-2019 онд  “Нандин хайр“ нэртэй цомог гаргасан. Тоглолтынхоо дараа “Үрсэд минь үлдэх эх орон” нэртэй хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөсөн байгаа. Дуунууд нь ч бэлэн.  

-Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Тоглолтыг минь олон хүн дэмжиж, чадлаараа тусалж байна. Тэр хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр ажил цэгцэрсэн шүү. Одоогоор 80 хувьтай явагдаж байна. Энэ дашрамд нийт хилчдийгээ, үе үеийн шавь нараа тоглолтондоо урья. 

-Хэзээнээс уран бүтээл туурвиж эхэлсэн бэ? 

-Манай удамд урлагийн авьяастай хүн байхгүй. Аав, ээж хоёр минь сайхан дуулчихдаг л хүмүүс байсан. Анх гуравдугаар ангид байхад ээж 60 төгрөгний орос гитар авч өгсөн. Өнөөх гитараа гудамжны ах нартайгаа нийлж тоглосоор байгаад сурсан юм. Есдүгээр ангид ороод төгөлдөр хуур сонирхож эхэлсэн. Зарим хичээлээ таслаад хөгжмийн багшаасаа гуйж урлагийн зааланд цоожлуулж байгаад шимтэн тоглож эхэлсэн. Би сонсогч байхдаа анхны дуугаа зохиосон. Тоглолтод дуулагдах 23 дууны хамгийн түрүүчийнх нь 2000 онд аав, ээж хоёртоо зориулан зохисон “Ээж аав минь” дуу. Харин хамгийн сүүлийн уран бүтээл 2020 онд зохиогдсон МУСТА Я.Гэрэлчулууны дуулсан “Арван халтар” дуу байна. Яг 20 жилийн хугацаанд зохиогдсон дуунуудаасаа сорчилж тоглох юм. 

-Анх таныг олонд таниулсан, цаашид уран бүтээл туурвих урамыг өгсөн бүтээлээ нэрлэвэл?

-ХЦДБЧ-аас 2011 онд хилийн сэдэвтэй дууны уралдаан зарлахад “Хилчин би жаргалтай” дуугаа зориулан сойсон. Хилчдийгээ жаргалтай байгаасай гэсэн үүднээс зохиосон дуу юм. Гэхдээ тэр уралдаандаа амжилт үзүүлж чадаагүй. Ингээд 2015 онд дуучин Т.Дэлгэрмөрөн “Хилчин би жаргалтай” дуугаар “Морин хуур наадам” тун амжилттай оролцсон. Эргээд сонсохнээ аялгуулаг сайхан уран бүтээл болсон шиг санагддаг. Мөн 2002 онд зохиосон “Хилчин сонсогч” дуундаа хайртай. Сонсогч нар жагсаалд дуулаад алхахыг сонсох сайхан байдаг. 

-Уран бүтээл хийх цаг завыг өөртөө хэрхэн гаргадаг вэ? 

-Ажилтай үед уран бүтээл туурвиж амждаггүй. Тиймээс амралтын өдрүүдэд ихэвчлэн уран бүтээл дээрээ суудаг. Яг цаг хугацаа нь тулсан бүтээл дээр бол оройн цагаар суулгүй яахав. Гэхдээ ажил дээр сууж байхад гэнэт уран бүтээлийн онгод орж ирдэг шүү.