ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТАНХИМ
  • 13:06
  • 634
Хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийг дагаад алба хаагчдын оюуны болоод биеийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү танхимыг манай Хилийн 0198 дугаар ангийн хамт олон нээсэн юм.

Дэд хурандаа Б.Болдбаатар 

Хил хамгаалах байгууллага 2020 онд “Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхийг бий болгоно” гэсэн зорилтыг дэвшүүллээ. Тиймээс тус зорилтын хэрэгжилтийг хангах, албан тушаалтан бүрийн сахилга, хариуцлага, хандлагыг өөрчлөх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хилийн 0198 дугаар анги хувь хүний хөгжлийн танхим, фитнес клубыг шинээр тохижуулаад байна. Хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийг дагаад алба хаагчдын оюуны болоод биеийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү танхимыг манай Хилийн 0198 дугаар ангийн хамт олон нээсэн юм. Энэ нь энгийн нэгэн өрөө тасалгаа биш. Уриа лоозон, хүслийн жагсаалт ч биш. Хилчдийн зорилгоо биелүүлэх боломж нөхцөл юм. Бодит шаардлага ч гэж хэлж болно. Бид асар хурдацтай атлаа сорилтоор дүүрэн он цагт амьдарч байна. Өнөөдрийн мэдлэг маргааш хуучран одож, өнгөрөн одох хором мөч бүхэн та биднийг хөгжихийг шаардсаар. Энэ их хурдацтай өөрчлөлтийн дунд хоцрохгүй, хөл нийлүүлэн алхаж, сайн сайхан амьдралыг бүтээе гэвэл бидэнд өөрсдийгөө хөгжүүлэхээс өөр сонголт үгүй. Тэгвэл яаж хөгжих вэ. Зорилготой амьдрах хэрэгтэй гэдгээ бид хэнээр ч хэлүүлэлтгүйгээр мэддэг. Асуудлын гогцоо хаана байна вэ. Бид нэг бол зорилгоо тодорхойлдоггүй, гаргасан ч биелүүлэхийн төлөө зүтгэдэггүйд учир байна. Нэг бол хэтэрхий олон зорилго тавиад түүндээ хурдан шантардаг. Ер нь ууланд авирахдаа ямар өндөр болохыг нь харж бэргээд байвал хүн хэзээ ч оройд нь гарч чадахгүй. Олон том зорилго хөөсөн хүн хоёр туулай хөөсөн анчинтай адил. Тиймээс ч 2020 онд амьдралаа өөрчлөх бодит нөлөө бүхий даацтай нэг л зорилт дэвшүүлж болох юм. Магадгүй юу гэдгээ бодоод олохгүй бол дараах хувилбаруудаас сонгож болохыг зөвлөе. Гол нь 2020 оны туршид зөвхөн энэ зорилтыг бүрэн биелүүлэхэд л та өөрийгөө бүрэн зориулаарай. 

Англи хэл-Хэлтэй бол хөлтэй гэж ардын сайхан үг бий. Гадаад хэл хөгжлийн гарц. Өдөр ирэх тусам даяарчлагдаж, хавтгайрч буй дэлхий дээр англи хэлтэй хүн хаана ч  газардахгүй, ямар ч мэдлэг мэдээллээс хоцрохгүй. Тиймээс гадаад хэл сурах аянд гарах гэж байгаа бол хувь хүний хөгжлийн танхимд та бүхэн зочлоорой. Толь бичиг аваад үг цээжил. Англи хэл дээр кино үз, дуу сонс. Энэ бүх нөхцөл цөм бүрдсэн. 

Ном-Сурч мэдэхийг хүсч байгаа сэдвээрээ 20 ном уншиж өөрийн мэдлэг, чадвараа нэмэгдүүл. Хорин ном гэхээр их сонсогдож байна уу? Тэгвэл өдөрт арван хуудас гэвэл ямар байна. Дундаж ном 200 хуудастай гэвэл 20 ном 3600 хуудас болох нь. Хаанаас унших номоо сонгох вэ гэж үү. Номын сан руу ор. Мөнгөө хадгал, ном ав гэж зөвлөх байна.

Зуршил-Нэг муу зуршлаа амлан аваад түүнээсээ бүрэн ангижир. Эрүүл бус хооллолт, залхуурал, цаг барьдаггүй, зохисгүй ааш юу ч байж болно. Сонгож аваад үзэлц. Бүтэн жил үзэлцэхэд салж ангижирч л таарна. Эсвэл цоо шинээр нэг сайн зуршил өөртөө хэвшүүл. Өдөрт 10 гадаад үг цээжлэх, эрүүл хооллох, дасгал сургуулилалт хийх, талархаж сурах гэх мэт олон зүйлийг дурдаж болох юм.

Ийнхүү илүү сайхан амьдралыг өөртөө хийгээд гэр бүлдээ авчирахыг хүсэж байгаа бол та хөгжих ёстой гэсэн үг. Яг одоо хөгжих цаг үе мөн. Өөрийгөө сорьж амьдралаа өөрчлөх боломж энэ юм. Тиймээс та яг одоо эхлээрэй. 2020 он таны өсөлт хөгжлийн жил байх болно гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү Хилийн 0198 дугаар ангийн хилчид энэ онд байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хүний хөгжлийг өөрөөсөө эрэлхийлж байна. Үүний төлөө манай хамт олон хувь хүний хөгжлийн танхимыг бий болгосон туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байгаа нь энэ юм.