“ХИЛЧИН” БҮЛГИЙН ЖАРГАЛТАЙ ЖААЛУУД
  • 11:20
  • 257
Хилийн 0132 дугаар ангийн удирдлагын санаачилгыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ-ын дарга Б.Тэгшжаргал нар дэмжин 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилчин” бүлгийг шинээр байгуулжээ.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

Томилолтоор ажиллах хугацаандаа Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний II цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. 1968 оноос үйл ажиллагаагаа явуулж буй тус цэцэрлэгт “Хилчин” бүлгийг нэгдүгээр сарын 02-ны өдөр шинээр нээгээд байсан юм.

Хилийн 0132 дугаар ангийн удирдлагын санаачилгыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ-ын дарга Б.Тэгшжаргал нар дэмжин 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилчин” бүлгийг шинээр байгуулжээ. Ангийн төвөөс холгүйхэн байрлах тус цэцэрлэгт хүүхэд сурч, хүмүүжих боломжийг бүрэн бүрдүүлжээ. Үүдний хэсэгтээ Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан буланг байгуулсан байв. Цэцэрлэгийн эрхлэгч С.Бадамчимэг биднийг тосч аван үйл ажиллагаатайгаа танилцахыг урив. Тус цэцэрлэг 2020 оны хичээлийн жилд 10 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. “Хилчин” бүлгийг байгуулсан нь 27 жил боловсролын салбарт зүтгэсэн багшийн мөрөөдлийг биелүүлжээ. Учир нь дэлхийд алдартай монтессорийн арга зүйг сургалтандаа ашиглах нь түүний туйлын мөрөөдөл байсан гэнэ.

 Аймгийн хэмжээнд 37 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас зөвхөн I цэцэрлэг уг арга зүйг сургалтандаа ашигладаг аж. Тэгвэл “Хилчин” бүлэгтээ монтессорийн буюу хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлэх сургалтыг ашиглаж эхлээд байгаа юм. Хүүхдүүд зөвхөн тоглоом наадгайгаар тоглохоос илүүтэйгээр насны онцлогтоо тохирсон эрүүл ахуйн зөв дадал, математик, iq сэтгэлгээг хөгжүүлэх тоглоомоор тоглох аж. Тэд товч товчлох, цахилгаан татах, үдээс үдэх дадалд суралцана. Зарим нь багшийнхаа хамтаар сэтгэхүй шаардсан элдэв төрлийн эвлүүлдэг тоглоомоор тоглож байв. Ангийн багш Б.Болорчимэг, туслах багш Г.Болортуяа нар яг энэ чиглэлээр мэргэшсэн. Тиймээс хүүхдүүддээ хэрхэн зөв тоглох, байрлуулах аргыг уйгагүй зааж суусан юм. “Хилчин” бүлгийн хүүхдүүд тун адтай, бас их хөдөлгөөнтэй. Ангийн дарга, дөрвөн настай Б.Хосбаяр их сэргэлэн. Түүний аав Хилийн 0132 дугаар ангид зэвсгийн мастераар ажилладаг байна. Б.Хосбаяр дүрэмт хувцастай биднийг хараад ханцуйнаас татан “Аниа манай аавд ийм хувцас бий” хэмээн танилцсан хэвлүүхэн жаал. Хамтдаа тоглож, бас цэцэрлэгийнхээ сүлд дууг цугтаа дуулав. Гэрэвших, бишүүрхэхийг үл мэдэх хилчин жаалууд тун эгдүүтэй. Ийнхүү 30 хүүхдийн орон тоотой “Хилчин” бүлэг нээгдсэнээр гэртээ цоожлогдох хилчин жаалууд үлдээгүй гэх сайхан мэдээг СМССА-ны дарга, дэд хурандаа Н.Наранцэцэг хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (1)
Harantsogt [10.3.100.98] 21:07
Angiin hamt olon maani mash saihan ajliig zohion baigyyljee. Vneheer myndag baina. Tsaashidiin ajild ylam ih amjiltiig hvsen erooe. Ilvv ih bvteelch sanaachlagatai shineleg baihiig hvsie.
Хариулах