ХИЛИЙН 0129 ДҮГЭЭР АНГИ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦСОН ТҮҮХЭЭС
  • 11:28
  • 1073
Чөлөөлөх дайны 75 жилийн ойд

Ахмад Б.Ганбат

1939 оны тавдугаар сараас эхлэн Японы түрэмгийлэгчид цэрэг зэвсгийн хүчээр манай эх орны зүүн хил Халх гол, Баянцагааны орчмоор халдан довтолж байсан үед Хилийн 0129 дүгээр ангийн хилчид хариуцсан хэсгээ бат нягтаар хамгаалж байлдааны ялалтын төлөө хүчээ дайчлан харийнхны элдэв өнгөлзлөлийг таслан зогсоож байлаа.

1940 оны эхэн үе бол дэлхийн II дайны цар хүрээ өргөжин тэлж, Гитлерийн Герман Европын олон орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлэх бодлогоо гүнзгийрүүлэн үргэлжлүүлж байхад Японы эзэрхийлэгчид Номхон далайн сав газруудыг өөрийн эрхшээлдээ оруулан Монгол-Зөвлөлтийн хилийн ойролцоо Манжуур зүүн хойд Хятадад сая гаруй хүнтэй квантуны армийн хүчийг хуралдуулж, стратегийн гол зангилгаа газруудад бэхлэлт байгуулан төмөр зам, нисэх буудлуудыг байлдааны алс хэтийн ажиллагаанд зориулан шаргуу бэлтгэж байв.

БНМАУ-ын эсрэг тагнан турших, өдөөн хатгах ажиллагааг урьдаас боловсруулсан төлөвлөгөөтэй явуулж, манай улсын хил орчмын цэргийн анги нэгтгэлүүд ард талын аж ахуй, зам харгуйг судлах зорилгоор Завсар, Жанчхүү, Хаалган, Вангийн сүм, Ханьхүү зэрэг газруудад тагнуул, хорлон сүйтгэгчдийг бэлтгэх сургууль байгуулан олон тооны этгээдийг манай улсын эсрэг илгээж байлаа.

Энэ үед Хилийн 0129 дүгээр ангийн эсрэг талд Сөнөдийн Цагаан овоо, Модон, Рашаант, Давсан ширээ зэрэг газруудад ч  олон мянган цэрэгтэй томоохон бүлэглэл хуралдаж байнга өдөөн хатгалга хийж байсан юм.

Энэ хүнд цаг үед Хилийн 0129 дүгээр ангийн хилчид хариуцсан хилийнхээ хэсгээ бат бэх хамгаалж, ялалтын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж Японы тагнуул туршуул Будан-Ааш, Самбуу, Тогооч, Балдан, Мөнхжин, Гомбожав, Ванчинбал, Дэмчигжав, Лувсангончиг Очир, Танака, Цэрэнбар, Аюур гэх мэт /1937-1945 он хүртэл хугацаанд/ тагнуул болон манай улсын хил зөрсөн 1358 хүнийг баривчилж саатуулан тэдний тагнан турших өдөөн хатгах үйл ажиллагааг таслан зогсоож баатарлаг гавьяа байгуулж байжээ.   

"Их говийн домогт хороо" ном болон ангийн алдрын тасалгааны түүхэн баримтаас боловсруулав.