ДЭД ХУРАНДАА М.АМАРСАНАА: АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГГҮЙ ХҮН БУСАД ОРНЫ ХЭЛИЙГ СУРАХ НЬ ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ
  • 12:35
  • 5650
БНСУ-ын Цэргийн нэгдсэн их сургуулийн Тэнгисийн явган цэргийн сургуульд Хил хамгаалах байгууллагаас дэд хурандаа М.Амарсанаа суралцаад ирсэн юм. Түүнтэй сургалтынх нь талаар ярилцлаа.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

-Сургалтын талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Миний бие БНСУ-ын Цэргийн нэгдсэн их сургуулийн харьяа Батлан хамгаалах гадаад хэлний хүрээлэнд солонгос хэлний ур чадварын шалгалтын гуравдугаар түвшинг хангахаар арван сарын хугацаатай, Цэргийн нэгдсэн их сургуулийн Тэнгисийн явган цэргийн сургуульд нэг жилийн хугацаатай тус тус суралцаад ирлээ. Монгол Улсаас уг сургуульд Зэвсэгт хүчний 10 цэргийн алба хаагч хамрагдсан. Миний бие Хил хамгаалах байгууллагаас суралцан төгссөн хоёр дахь офицер боллоо.

-БНСУ-д суралцахад хэлний бэрхшээлээс эхлээд хүндрэлтэй зүйл байсан байх. Өөрийгөө хэрхэн дайчилж суралцав?

-Солонгос хэлийг сурахад эхэндээ амархан санагдсан. Гэхдээ гүнзгийрүүлээд судлахаар хэцүү юм билээ. Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй очсон хүмүүст шууд мэргэжлийн хичээлийг нь тухайн орны хэл дээр заагаад явахаар ойлгохгүй зүйл их гарсан. Ер нь англи хэлний мэдлэггүй хүн бусад орны хэлийг сурах нь хүндрэлтэй байдаг. Тухайлбал, сургалтын номны арын тайлбар нь дандаа англи хэл дээр бичигддэг. Тэнд суралцаж буй бусад улс орны офицеруудын 80 орчим хувь нь англи хэлтэй. Тиймээс тэр бүрэлдэхүүнд суралцахад хялбар байсан болов уу. Миний хувьд хамт суралцаж буй офицеруудаасаа хоцрохгүйн тулд биеэ дайчлан хичээж суралцсан. Сургалтын чанар 91,2 хувьтай төгслөө.

-БНСУ-ын Цэргийн нэгдсэн их сургуулийн Тэнгисийн явган цэргийн сургуулийн сургалтын арга хэлбэр?

-Сургалтыг багаар ажиллах, харилцан ярилцах, санал солилцох, мэтгэлцээний хэлбэрээр явуулдаг. Тухайлбал, “Цэрэг Райаныг аварсан нь” киног үзүүлээд тактикийн хувьд зөв, буруу байсан эсэхийг мэтгэлцүүлнэ. Мөн дайны түүхүүдийг ихээр судлуулдаг юм билээ. Хичээлийн цагийн хувьд 08.30-17.30 цаг хүртэл хичээллэдэг. Долоо хоногийн даваа, мягмар гарагт нэгдсэн лекцэнд суугаад лхагва, пүрэв, баасан гарагт нь бие даалт хийнэ. Ингээд лекцийн сэдвийн хүрээнд суралцагчид танилцуулга бэлтгэж хоорондоо ярилцдаг. Сургалтын энэ хэлбэр нь бүх хүнд хүртээмжтэй санагдсан. Мөн БНСУ-ын сургалтын систем нь цэргийн алба хаагчид өөрийн цолныхоо хүрээнд ямар мэдлэг, дадал чадвар эзэмшсэн байхыг зааж өгсөн байдаг. Ахлагч хүн юу мэдсэн байх, дэслэгч хүн юу сурсан байх ёстой гээд нэг бүрчлэн хүрсэн байх түвшинг нь зааж өгсөн байдгаараа онцлогтой санагдсан.

-БНСУ-ын цэргийн салбар нь ямар зарчмаар явагддаг юм бэ?

-Батлан хамгаалах яаманд хуурай замын, агаарын, тэнгисийн цэрэг харьяалагддаг. Хилийн цэрэг гэж байдаггүй юм билээ. Иймээс Монгол Улс далайгүй хэрнээ яагаад Тэнгисийн цэргийн сургуульд суралцаж байгаа талаар их сонирхож асууж байсан. 

-Тухайн улсын соёл, зан заншил, суралцсан сургуулиасаа ямар шинэ санал санаачилгыг шүүрдэв?

-Мэдээж олон улс орны алба хаагчидтай хамт суралцахаар тэдний ярьж байгаагаас их зүйлийг олж мэддэг. Бас суралцаж байгаа улсынхаа ёс заншил, урлаг соёлтой танилцаж нүд нээгддэг юм билээ. Алба үйл ажиллагааны хувьд Тэнгисийн явган цэрэг нь цагийн байдлаасаа шалтгаалаад ямар бүлгээр үүрэг гүйцэтгэхээ шийддэг. Цэргүүд нь далай тэнгис дээрээс хуурай газарт байлдааны ажиллагаа явуулах чадамжтай өндөр бэлтгэгдсэн. Нэг үгээр Өмнөд Солонгосын цэргийн үйл ажиллагаа нь АНУ-тай адил зарчмаар явагддаг. Энэ бүхнээс хилчдэд суралцах зүйл их.

-Цэргийн албаны зохион байгуулалтын хувьд ямар байдаг вэ?

-Манайтай төстэй. Цагийг маш сайн баримтална. Хичээлийн үед ямар нэгэн сул хөдөлгөөн хийдэггүй. Мэдээлэл технологийн хувьд маш сайн хөгжсөн. Тэр хэрээр мэдээллийн аюулгүй байдлыг ч нарийн сахидаг. Харилцааны хувьд гадаадын цэргийн алба хаагчдыг хүндлэх ажиллагаа гайхалтай. Офицерууд нь биеэ сайн дайчилдаг. Тэдний дунд жингийн илүүдэлтэй цэргийн алба хаагч бараг байхгүй.