ХУРАНДАА О.БАТГЭРЭЛ: СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ, АЛБАНДАА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАЖ БАЙЖ ШИНЭ ҮЕИЙН ХИЛЧНИЙ ДҮР ТӨРХИЙГ БҮТЭЭНЭ
  • 12:37
  • 7905
Хил хамгаалах байгууллага 2020 онд “Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхийг бий болгоно” гэх зорилтыг дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд Хилийн 0132 дугаар ангийн хилчид хэрхэн ажиллахаар төлөвлөөд байгаа талаар хурандаа О.Батгэрэлтэй ярилцлаа.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

 -2019 он улиран одоод удаагүй байна. Өнгөрсөн оныг та бүхэн ямар амжилт бүтээлээр үдэв?

-Өнгөрсөн онд манай хамт олон чамгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Хил хамгаалах байгууллагын удирдлагын дэмжлэгтэйгээр “Хавирга” автозамын шалган нэвтрүүлэх салбарыг шинээр байгуулж, гэрээт хилчний албанд шилжүүлсэн. Мөн хилчдийнхээ нийгмийн асуудлыг сайжруулах хүрээнд хилийн гурван салбарыг 10кВт-ийн сэргээгдэх эрчим хүчинд холбосноор ангийн хэмжээнд бүх салбарууд цахилгаан, эрчим хүчинд холбогдлоо. Мах хадгалах хөргүүрийг хилийн 0192 дугаар салбарт суурилуулсан. Уг хөргүүрийг 2020 онд хилийн гурван салбарт тавихаар төлөвлөгдсөн байгаа. Хилийн салбарын офицер, ахлагч нарын ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор хоёр салбарын албаны орон сууцанд их засвар, бусад салбаруудад урсгал засварыг хийсэн. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд ХХЕГ-ын даргын аюулгүй нөөц болох өвсний фондыг автотехникийн албаны жолооч нар маань бэлтгэж өгсөн. Энэ мэт дурдаад байвал манай хилчдэд хийж бүтээсэн ажил их бий. Ангийн захирагчийн хувьд “Хүнийг хийснийх нь хэрээр урамшуул” гэсэн зарчмыг баримталдаг. Энэ зарчмынхаа хүрээнд 2019 оны хугацаанд 967 хүнийг төрийн болон ХХЕГ-ын дарга, ангийн захирагчийн тушаалаар шагнаж урамшуулсан. Үүний зэрэгцээ манай эмэгтэйчүүдийн зөвлөл үнэхээр сайн ажилладаг. 2018, 2019 онд тал хээрийн бүсээсээ ажил, үйлсээрээ тэргүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Үүний нэг нь өнгөрсөн онд жолооч, ахлах ахлагч Д.Баатарсүхийн дөрвөн өнчин дүүд хашаа, байшин барьж өгсөн. Ангиас хилчдийнхээ бие бялдрын бэлтгэлжилтэд анхаарч фитнесс заалыг 30 орчим сая төгрөгөөр тохижуулсан. СМССА-ынхан маань дотоод орлогоороо соёлын төвөө тохижуулсан, сэтгэл заслын өрөөг шинээр хийсэн гээд дурдаад байвал бүтээн байгуулалтын ажил их бий.

-Ангийн удирдлагаас хилчдийгээ бүрэн дэмжиж ажилладаг гэж ойлголоо?

-Тэгэлгүй яахав. Ажил хийхэд хамт олны дэмжлэг, гар нийлэмжтэй ажиллагаа, идэвхи, санаачилга маш чухал. Удирдлагын хувьд хилчдийнхээ авч байгаа таван төгрөгийг хасахыг боддоггүй. Хүний амьдрал явагдаж байгаа болохоор асуудал гарна. Хилийн салбар, ангийн төвийн хилчид ямар нэгэн чөлөө хүсэх, өвчлөх үед нь аль болох л цалинтай чөлөө олгодог. Хийе, бүтээе гээд зорьсон хэн бүхнийг л дэмжиж ажилладаг даа.

-Хил хамгаалах байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрхэн харж байна. Зорилтын хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бэ?

-Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны цугларалтаар 2016-2019 онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэн харуулж, танилцуулсан. Тиймээс бүрэлдэхүүндээ энэ чиглэлээр хоёр өдрийн яриа танилцуулга хийж, 2020 оны зорилтыг танилцуулсан байгаа. Байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хилчин бүр өмнөө зорилго дэвшүүлэх ёстой. Манай ангийн хувьд “Хандлагаа өөрчилсөн, хариуцлагатай мэргэшсэн шинэ үеийн хилчин болох” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Зорилтыг биелүүлэхийн тулд хүн бүр сэтгэлгээгээ өөрчилж, албандаа хариуцлагатай хандаж байж, шинэ үеийн хилчний дүр төрхийг бүтээнэ гэж бодож байгаа. Зорилтын хүрээнд ахлах даргын дэмжлэгтэйгээр хилийн зарим салбарт инженерийн байгууламжийг сэргээн сайжруулах, шалган нэвтрүүлэх салбарын алба хаагчдын амьдрах орчин, нөхцлийг дээшлүүлэхээр найман айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Хүнийг ажлаар шахахаас илүүтэйгээр эхний ээлжинд тэдний ажиллах орчныг бүрдүүлж, амьдрах нөхцлийг сайжруулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн ангийн сувиллын үйл ажиллагааг сэргээж хилийн салбарт үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүний амарч, сувилуулах нөхцлийг бүрдүүлнэ. Сувилуулаад буцахдаа биеийн хувьд эрүүлжиж, сэтгэл санаа нь сэргээд буцах хэмжээнд үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөсөн. Үүний зэрэгцээ хилчдийгээ бусад хилийн ангийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага судлуулах, амраах үүднээс хуваарь гарган энэ онд 110 хилчнийг томилолтоор ажиллуулна. Тухайлбал, Хилийн 0129 дүгээр ангитай танилцаад давхар Бүрдэнэ булаг амралтад нь амраад ирэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд Хилийн 0168 дугаар ангиас туршлага судлах бүлэг удахгүй явна.

-Хил хамгаалах байгууллагын удирдлагаас хил хамгаалалтад инновацийг нэвтрүүлэх бодлогыг баримталж байгаа. Танай ангийн хариуцсан хэсгийн хилийн цагийн байдал ямар байна. Хил хамгаалалтад хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Хилийн 0108, 0168 дугаар ангийн хил хамгаалалтад ашиглаж буй техник технологийн дэвшлийг бид ашиглана. Ангийн хэмжээнд зарим техникийн шинэчлэлийг хилийн салбарууддаа туршаад эхэлсэн үр дүнгээ ч өгч байгаа. Энэ онд "Хавирга" автозамын шалган нэвтрүүлэх салбарынхаа хэсэгт түлхүү анхаарч ажиллана. Эхний ээлжинд шалгагч нараа энгэрийн камераар ханган албанд ашиглаж эхлээд байна. Цаашид уг камерыг шөнийн цагт үүрэг гүйцэтгэж буй манааны бүрэлдэхүүндээ өгч, ашиглана. Хилийн цагийн байдлын хувьд гадаад, дотоодоос хилийн зөрчил гарах нь элбэг. Хоёр улсын талдаа төв суурин газар ойрхон тул хилийн зөрчил гарсан тохиолдолд мөр ул нь богино хугацаанд балрах магадлалтай. Тиймээс зөрчил гарсан үед хил хамгаалалтад хүний хөдөлгөөн мэдрэх зөөврийн гэрэлтүүлэг, нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглаж байна.

-Удирдлагын бодлогоор бүсчилсэн сургалтыг танай ангийг түшиглэн явуулж байхаар болсон. Сургалт явуулахад байр тасалгааны багтаамж, хүрэлцээ хэр байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд бүсийн хэмжээнд болсон уралдаан, тэмцээнийг манай анги амжилттай хариуцан зохион байгуулж чадсан. Цаашид тал хээрийн бүсэд зохион байгуулагдах сургалтыг явуулах бүрэн боломжтой. Мэдээж сургалт явуулах байр объектыг засварлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах саналаа удирдлагад танилцуулсан. Саналыг дэмжсэн. Ирэх гуравдугаар сар гэхэд их, бага ямар ч хэмжээний сургалтыг ангийн байрлалд явуулах бүрэн боломжтой болно.

-Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр байгууллагын хэмжээнд хийж, хэрэгжүүлсэн цаашид албанд нэвтрүүлэх олон ажлыг танилцуулсан. Тэдний нэг болох сонголтоор хооллох систем танай ангид хэрэгжээд эхэлсэн байна?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сараас бүрэлдэхүүнээ сонголттой хооллох, халууны тогооны хоолоор үйлчлэх системийг туршсан. Хилчдийн сэтгэл ханамж сайн байгаа нь ажиглагдсан. Цаашид ангийн төв, гэрээт хилчдийн үүрэг гүйцэтгэдэг салбарыг долоо хоногийн таван өдөр, ХЦАХ-тай салбаруудад долоо хоногт нэг удаа сонголтын хоолоор үйлчилнэ. Сонголтын хоолоор үйлчлэхэд гол анхаарах зүйл нь тогооч нарын ур чадвар. Тиймээс хүмүүсээ сургах тал дээр анхаарч байна. Мөн бид сая хилийн салбарын дарга нарынхаа цугларалтыг хийлээ. Цугларалтад салбарын дарга нар гэр бүлийн хамт оролцсон. ХХБ-ын хүнсний хангалтын заавар хэрхэн хэрэгжиж байгаа талаар хичээл сургалт орж, хоолны үзэсгэлэн гаргалаа. Эндээс хилийн салбарынхан хоолны нэр төрлөө олшруулах санааг олж авсан.

-ХХБ-ын хэмжээнд хийгдэж буй шинэчлэлээс танай ангид хүрээгүй, хэрэгжиж эхлээгүй ажил байна уу?

-Адилхан хилийн ангиуд учир шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд зэрэгцээд л явж байна. Хилийн 0168 дугаар ангид хийгдсэн ногооны зоорь манайд алга. Гэхдээ бид аж ахуйн аргаар ч болов хилчдийгээ жилийн дөрвөн улиралд мах, ногоогоо шинээр нь хадгалаад хэрэглээд байх боломжийг бүрдүүлсэн зоорьтой болгохоор төлөвлөсөн.

-Хилчдийн биеэр гүйцэтгэх чадвар, чадамжид хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээж хилчин бүр толгойдоо мэдлэгтэй, бие бялдрын хувьд өв тэгш байж өмнөө тавигдсан үүргийг амжилттай гүйцэтгэнэ. Тиймээс 2020 онд сургалтыг чанартай явуулна. Эхний ээлжинд офицеруудын чадварыг нэмэгдүүлэхэд сургалтыг түлхүү чиглүүлнэ. Бүх офицеруудыг бие бялдрын шалгуур үзүүлэлтийг “В”-ээс дээш үнэлгээтэй гүйцэтгэдэг болгоход анхаарч тусгай төлөвлөгөө гарган сургалтыг явуулж, чанарыг ажлын дүнд нь тооцно. Онолын мэдлэгийн хувьд мөн адил уншиж судалсан байх зүйлсийн жагсаалыг гарган сар бүрээр үр дүнг тооцон ажиллана.

-Хилийн 0132 дугаар ангийн хилчид бусад хилийн ангиуддаа үлгэрлэх шинэ санаа, тэргүүн туршлагыг алба, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үү?

-Хил хамгаалалтын чиглэлд дээр хэлсэнчлэн энгэрийн камер, хөдөлгөөн мэдрэгчтэй зөөврийн гэрлийг ашиглаж эхэлсэн. Мөн хилчин дээлийг морь унах үедээ хормойг нь комбинзон болгон өмсөх зориулалттай болгосон. Энэ нь хилчдийн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах зорилгоор гаргасан санаа л даа. Малчин цэргүүдээ зуны цагт тусгай ажлын өмд, дээл, хантаазтай болгосон. Ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан офицер, ахлагч, ХЦАХ-ыг биеийн тамирын хувцсаар хангаад хоёр жил болж байна. Ямартай ч эдэлгээ даасан биеийн тамирын хувцсыг үйлдвэрлэсэн. Энэ мэтчилэн бусад ангиудад санаа болох ажлууд бидэнд бий.

-2020 оны зорилтыг биелүүлэхэд хилчдийн гар нийлэмжтэй ажиллагаа, сэтгэл зүйн байдал ямар байна вэ?

-Удирдлагаас дэвшүүлсэн зорилт, бодлогыг ханган биелүүлэхэд манай ангийн хилчид 100 хувь дэмжиж байгаа. Ангийн хэмжээнд нийтийг хамарсан тушаал, журам гаргахдаа бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж хэвшсэн. Дан ганц зөвлөлийн гишүүд ярилцаад гаргачих нь ховор. Тиймээс бүрэлдэхүүн маань ажиллах эрч хүч, урам зоригтойгоор өмнөө тавигдсан үүргийг амжилттай биелүүлдэг. Хил хамгаалах байгууллагаас хилчдийн ажиллах, алба хаах нөхцлийг өдрөөс өдөрт сайжруулж байна. Ийм нөхцөлд бид ажлаа хоёргүй сэтгэлээр сайн гүйцэтгэх л үлдэж байна.