ЗАХИДАЛ ИРЛЭЭ
  • 13:53
  • 1431
Хилийн 0168 дугаар ангийн хамт олонд “Шинэ Монгол” сургуулийн сурагчид талархлын захидал илгээжээ. Тус сургуулийн сурагчид “Сурагчид торгон хилд” хөтөлбөрийн хүрээнд ангийн алба үйл ажиллагаатай танилцан, улсын хил оршин тогтнохын мөн чанар, ач холбогдлыг ойлгож авсан билээ. Аялалаас хойш хэдийгээр дөрвөн сар өнгөрсөн ч сурагчид хилчидтэй өнгөрүүлсэн дурсамжтай мөчөө санагалзан чин сэтгэлийн үгтэй захидал илгээснийг хилчидтэйгээ хуваалцья.

Хүндэт хилчдэд

Юуны өмнө та бүхэнд захидал очих өдрийн мэнд хүргэе. “Сурагчид торгон хилд” хөтөлбөрийн дагуу хилийн багана дээр анх очсоноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хил дээр өнгөрүүлсэн мөч бүрийг би мартаагүй. Багш бидэнд захидал бичихийг даалгахад миний санаанд хамгийн түрүүнд хилчид та нар минь буусан. Энэ хөтөлбөрийн хугацаанд маш олон гайхалтай, мундаг хүмүүстэй учирч, ихийг ойлгож ухаарч авсан. Гэхдээ энэ дундаас надад хамгийн чухал зүйлийг ойлгуулсан нь та бүхэн байсан юм шүү. Үнэнийг хэлэхэд өмнө нь би өөрөө л сайхан, тав тухтай амьдарч байвал эх орондоо, гадаадад хаана амьдрах нь чухал биш гэж бодож байлаа. Гэтэл би андуурч явжээ. Хилчид эх орныхоо хилийн төлөө амь нас, амьдралаа зориулан ажилладгийг мэдээд эх орноо хайрлах сэтгэлийг олсон. Та бүхний ачаар нэгэн охин эх орноо хөгжүүлэн цэцэглүүлнэ гэсэн асар том мөрөөдлийг тээсээр гал цог дүүрэн суралцах болсон юм шүү. Нутгийн минь хил ийм л зоригтой, хүчтэй, бахархам хүмүүсээр хамгаалуулсан байдгийг мэдээд би өмнөхөөсөө илүүтэй сэтгэл тайван амар унтдаг болсон. Нартай, салхитай, бороотой ямар ч үед хилээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг та нартаа гэр бүл, найз нөхдийнхөө өмнөөс талархал илэрхийлье. Та бүгдийн эх орныхоо төлөөх энэхүү үүрэг алба тань өөр юугаар ч зүйрлэшгүй хүндтэй ажил юм шүү. Эргээд нэгэн өдөр хилийнхээ багана дээр хилчид та бүхэнтэй уулзан ярилцаж суух завшаан тохиох биз ээ. Тэр ерөөлтэй өдөр хүртэл баяртай. 

“Шинэ Монгол” ахлах сургуулийн 11-4 дүгээр ангийн сурагч А.Хулан

***

Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян Монгол баян

Хилчин зоригт цэргүүдтэйгээ хэн амгалан Монгол амгалан

Халуун сэтгэл, сүүний дээжтэйгээ биднийг угтсан

Хилчин ах эгч нар минь сайн сууж байна уу?

Эх орны минь энхийн хил тайван амгалан уу?

Энд бид сайхан ирээдүйн төлөө шамдан суралцсаар л

Нийслэл хотод маань жавартай жиндүүхэн л байна

Намрын анхны цас өчигдөр орой намуухан хаялахад

Хилийн зүг биднийг газарчилсан

Халуун говийн ховорхон шиврээг ахин дурслаа

Их хотын тэнгэр баганадсан барилгуудаас

Илүү үзээгүй балчир миний нүдийг нээсэн

Эрэлхэг авхаалжтай та бүхэндээ миний бие

Энэхүү захидлаараа дамжуулан нэжгээд талархсанаа илэрхийлье

Даяаршлын шуурганд өртсөн би

Даруйхан л гадаадад очоод амьдрахыг 

Дэлхийг таниад завгүй явахдаа

Дэргэдэх нутгаа хайхралгүй үлдээснийг 

Гадны баялгийг гайхан шагшрахдаа

Говийн гайхамшгийг сонирхон судлаагүйгээ

Галуу шувууны махыг л сониучирхахдаа

Талын хөмүүл, таанын үнэрийн сайхныг мэдээгүйгээ

Үүнээс илүүтэйгээр

Хослол тохож, зангиа уясан том хүмүүсийн алганд л

Хамаг улсын минь хамгаалалт байдаг гэж бодсон л 

Хар ногоон хослолоор биеэ чимсэн 

Хэн хүн бүрт хүрч чаддаггүй ч 

Хилийн манаа хийх ажлаа ягштал биелүүлдэг

“Чимээгүй баатрууд”-аар хамгаалуулсан

Цаашаа гэх аюулгүй, наашаа гэх айдасгүй 

Амгалан тайван, аз жаргалтай 

Аж төрөн байдгийг минь ойлгуулсанд баярлалаа та бүхэндээ

Гэр бүл, үр хүүхэд тань мөнхөд жаргалтай 

Ажил алба тань төвшин амгалан

Бие лагшин тань эрүүл энх

Цог жавхаа дүүрэн, өсөн дэвжихийн ерөөлийг дэвшүүлье.

“Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Б.Энхтуяа

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (9)
Зочин [10.2.122.20] 14:48
Бидний сэтгэл зvрхэнд одоог хvртэл эх орон оршдог. Өнөөдөр бидний хилийн тэнгэр цэлмэг байна. Эх орныхоо торгон хилийг сахин хамгаалж буй түүхэн үүрэг бол үнэхээр төр улсын оршин тогтнохын үндсийн үндэс юм билээ. Монгол Улсынхаа хил дээр бид бvгдийг угтаж авсан хилчин ах, эгч нартаа маш их баярлалаа!!!
Хариулах
Оюунгэрэл [10.2.122.20] 19:02
Торгон хил хөтөлбөр бид бүгдийн хувьд хэзээ ч мартагдахааргүй хамгийн үнэ цэнэтэй дурсамжийг бүтээлцсэн бөгөөд яахын аргагүй хилийн зурвас дээр өнгөрүүлсэн мөч бүхэн бидэнд ихийг ухааруулсан бөгөөд бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.Энэ гайхалтай дурсамжийг бүтээлцсэн хилийн цэргийн хамт олонд маш их баярлалаа.
Хариулах
Долгион [10.2.122.20] 14:43
Бидний захидлыг уншсанд баярлалаа.Торгон хил бол миний амьдралын мартагдашгүй дурсамжуудын минь нэг болсон билээ.
Хариулах
Нандиа [10.2.122.20] 12:24
захидал болгоныг нэг бүрчлэн уншсанд маш их баярлалаа.Хэзээ с мартахааргуй нандин дурмамжуудын минь нэгийг та бүхэн бүтээж өгсөн юм шуу
Хариулах
Нандин-Эрдэнэ [10.2.122.20] 11:58
Бидний захидлыг нэг бүрчлэн уншсанд маш их баярлалаа. Торгон хилд өнгөрүүлсэн хэдхэн хоног маань бидний хувьд асар их үнэ цэнтэй шүү.
Хариулах
Энх-Орчлон [10.2.122.20] 11:48
Торгон хил явсандаа маш их дурсамжийг бүтээж, ийм сайхан хөтөлбөрийг зохион байгуулахад гүн их туслалцаа үзүүлсэнд маш их талархаж байна.
Хариулах
Уламбаяр [10.3.100.98] 22:00
Торгон хил явсан минь саяхан юм шиг санагдаж байна . Бидний бичсэн захидалийг уншаад баярлаж байгаад баярлаж байна . Та бүхэндээ баярлалаа
Хариулах
ШинэМонгол [10.3.100.98] 23:36
Ямар мундаг юм бэ, захиа болгоныг сэтгэл гарган уншсан байна. Сэтгэлтэй хүмүүс л сэтгэлийг олж хардаг гэж үнэн үг юм. Торгон хил" хөтөлбөрийн хөвгүүд, охидод эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухааруулж, насан туршид мартамгүй, алдрамгүй мэдрэмж, хайрыг шингээж өгдөг хурандаа Батбилэг Пурэвчулуун захирагчтай Хилийн цэргийн 0168-р ангийн бие бүрэлдэхүүн - ЭРХЭМ ХҮНДЭТ ХИЛЧИД та бүхэндээ баярлалаа. "Өмнө нь, гадаад яваад тэндээ үлдэж амьдарна гэж бодож байсан. Одоо бол үгүй. Би эх орондоо эзэн нь байх болно, гадагшаа явсан ч заавал даруйхан эргэж ирнэ" - Энэ бол шавь нарын минь Торгон хилээс олж авсан ухаарал, тээж ирсэн бодол, одоо бол итгэл төгс хэлдэг үг нь. Залуу хойч үедээ ийм л ухаан, сэтгэлийг өгөх гэж чин сэтгэлээ зориулдаг та нартаа талархаад баршгүй. "Эх орон чинь эндээс эхэлж байна" гэж шивнэсэн Хилийн багана, торгон зурвасаа, "Эргээд ирээрэй" гэх шиг өндөлзөөд үлдсэн Сайнсүүжийн заставаа, "Энэ хүүхдүүд эх орноо авч явна" гэж хайраа дэлгээд угтсан, итгэлээ дэвсээд үдсэн хилчин ах эгч нараа, хээрийн майхан, цэргийн хоолоо, оройн дуу, одот тэнгэрийн доорх "кино театр"-аа хүүхдүүд минь хэзээ ч мартахгүй биз ээ. Эх орны минь хил тайван байх болтугай. Шавь нарын минь ухаан, сэтгэлд суусан "Торгон хил"-ийн зурвас өдрөөс өдөрт өнгөжин тодрох болтугай.
Хариулах
Хувьтөгөлдөр [10.2.122.20] 12:37
Монгол улсынхаа торгон хилийн зүг яваад харсан тэр хилчдийн зориг эх орноо гэх сэтгэл тань үнэхээр сайхан, Монголдоо хэзээд аюулгүй байх юм шиг санагдсан минь саяхан.Жил бүр биднийг халуун дулаанаар угтдагт тань гүнээ талархая. Өвчний дэгдэлт их байгаа тул та бүхэн биеэ сайн бодоорой,Баярлалаа