Ахмад Н.ОТГОНТАМИР
Хилийн анги, салбар бүхэн өөр өөрсдийн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Эдгээрээс өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтой болсон нь Хилийн 0208 дугаар тусгай салбарынх байлаа. Тус салбар хичээлийн шинэ жилийн нээлтээ Хил хамгаалах ерөнхий газар, хилийн 0253 дугаар анги, хилийн 0224 дүгээр тусгай салбар ХЦДБЧ-ын бүрэлдэхүүнд сонирхуулсан юм.
"Токио 2020" олимпийн жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тив, дэлхий, олимпод нэрээ цуурайтуулсан алдартай тамирчид өөрийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдынхаа хамт спорт зааланд хүндэтгэлтэйгээр орж ирснээр нээлт эхэлсэн.
Нээлтийн дараа үндэсний бөхийн үзүүлэх тоглолтыг шинэ залуу бөхчүүд, жүдо, чөлөөт бөх, боксын үзүүлэх тоглолтыг өсвөрийн тамирчид үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Харин үндэсний сур, байт харваа, хүндийн өргөлтийн үзүүлэх тоглолтыг мэргэжлийн тамирчид үзүүлж сонирхуулснаас гадна хилчин тамирчдынхаа гавьяаг алдаршуулан, олимп, тив, дэлхий, улсын чанартай уралдаан тэмцээний амжилтуудыг дурдаж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Үзэгчдэд тив дэлхийн алдартнуудыг бус, хилчин тамирчдын залгамж халаа болсон өсвөрийн тамирчид сонгосон спортынхоо төрлөөс хамаарч ямар бэлтгэл, сургуулилт хийдгээ үзүүлсэн нь сонирхолтой байсан юм.
Тус салбар цаашид Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн, цэргийн биеийн тамирын сургалтыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын бие хамгаалах, гардан тулаан, тусгай бэлтгэлийн сургалт явуулж, ур чадварыг нь нэмэгдүүлэх, спортын өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэх, хилчин тамирчид маань улс, олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд өндөрт өргөхийн төлөө төлөвлөн ажиллаж байна.