"БУРХАН" УРЛААЧИД
  • 12:41
  • 3647
Хилийн 0288 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дэслэгч М.Уранбайгаль

“Хувцас бурхан бие чөтгөр” гэж үг бий. Сайхан хувцас "чөтгөр"-ийг ч нууж чаддаг шидтэй. Гэхдээ хилчдийгээ чөтгөртэй зүйрлэх гэсэнгүй. Зөвхөн сайхан хувцас эзнээ хэрхэн чимдэг талаар өгүүлэхийг хүслээ. Хилчдийг дүрэмт хувцас нь бурхны төгс бүтээл болгон хувиргадаг. Тэвхийсэн мөр, гар исгэмээр индүүдлэгтэй өмд, сүр нэмсэн малгай, түүний жижиг хэрэглэл бүхэн хоорондоо төгс зохицдог. Дүрэмт хувцастай хэнийг ч харсан өөрийн эрхгүй хүндлэх басхүү эмээх сэтгэгдэл төрдөг нь нууц биш. Угаасаа дүрэмт хувцас төрийг төлөөлсөн эрхмийн сүр жавхланг нэмэх тусгай үүрэгтэй юм. 

Ингээд хилчдийн хувцас хэрхэн бүтдэг болохыг сурвалжлахаар Хилийн цэргийн 72 дугаар хотхонд байрлах Хилийн 0288 дугаар ангийг зорив. Хилчдээс “хувцас эдэлгээ даадаггүй, размер таарахгүй” гэх гомдол ирж байсныг хэдэнтээ сонссон болохоор нүдээр харах нь оновчтой гэж бодсон билээ. 

Үйлдвэрлэлийг шинэ шатанд хүргэсэн технологи

Тус ангийн үйл ажиллагаа өөрийн гэсэн онцлогтой, тусгай мэргэжлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг тул ахлах технологич, дэслэгч Н.Мөнхзулыг үйлдвэрийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцуулахыг хүссэн юм. 

Шат дамжлагын дагуу эсгүүрийг тоон системд хувиргах эхний үйл ажиллагаатай танилцлаа. Өмнө нь цаасан үлгэрийг эсгүүрчид даавуун дээр нэг бүрчлэн гараар зурдаг байсан бол 2020 оноос өнөөх үлгэрийг тоон системд хувиргах машинтай болсноо дуулгав. Ингэснээр олноор үйлдвэрлэдэг хувцсыг тун хялбараар эсгэдэг болжээ. Эл технологийг үйлдвэртээ нэвтрүүлэх үүднээс зургаан сарын турш ижил үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ”, “Цагаан шонхор”, “Их газрын чулуу” зэрэг үйлдвэртэй танилцаж нарийн судалгааг хийсэн байна. Биднийг очиход ХЦАХ-ын зуны өмд, хүрэмний эсгүүрийг бэлтгэж байсан юм. Нийт 3200 ХЦАХ-ын хувцсыг дөрөвдүгээр сар гэхэд оёж дуусахаас өнөөдрийн байдлаар 1000 гаруйг үйлдвэрлээд байгаа талаар хэлэв. Энэ технологи эсгүүрчдийн хөдөлмөр хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэхээс гадна даавууны хаягдал гарахгүй давуу талтай болжээ. Ингээд өнөөх хэвлэгдэн гарсан үлгэрээ аваад бид дараагийн дамжлага болох эсгүүрийн өрөөг зорьсон юм.   

Оёдлын үйлдвэрийн амин сүнс

Эсгүүрийн өрөөнд Г.Хандаа эгч өөрийн гарын шавь Л.Сүнжидмаа, М.Наранцэцэгийн хамтаар 100 давхар эрээн хувцасны даавууг эсгэж суув. Хувцасны үлгэрийг размер бүрийнх нь дагуу хар зураг болгон хэвлэсэн цаасыг 100 дахин давхарлаж тавьсан давуун дээрээ тавьж огтолгооны машинаар зүсч байв. Эсгүүрчдэд алдах эрх байдаггүй. Тэд нэг см илүү дутуу, эсвэл далий эсгэхэд  оёдол дагаад буруу болдог тул манай гурван эгч тун нямбай эсгэж суусан юм. Уг нарийвчилсан огтолгооны машиныг 2019 онд худалдаж авсан ч өнөөх үлгэрийг хар зураг болгох Silk road праграмм байгаагүй тул ашиглаж чаддаггүй байжээ. Харин энэ оноос эсгүүрийн ажил хэд дахин хөнгөрч, хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн талаар тэд ярьж байв. Мөн энэ жил материалаа эрт татчихсан тул 2020 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагад хугацаат цэргийн алба хаах залуусын хувцсыг эртнээс урлаж суугаа нь энэ юм. ХЦАХ-ын зуны өмд, хүрэм 26 жижиг бүрдэл хэсэгт задардаг. Тэр бүхнийг эсгэнэ, эвлүүлж оёно гэдэг амаргүй ажил бололтой. Гэхдээ мэргэжлийнхний хэлж байгаагаар хамгийн амархан нь гэсэн шүү. Офицер, ахлагч нарын өмд, юбка, китель 70 гаруй жижиг бүрдэлтэй учир хамгийн ярвигтай нь гэсэн. Тэр бүхнийг алдалгүй хэмжиж, эсгэхэд зөвхөн гарын ур дүй шаардаад зогсохгүй сэтгэн бодох чадварыг давхар шаарддаг байна. 

Олноор үйлдвэрлэгддэг хувцсыг ийнхүү хялбаршуулж эсгэх хэдий ч баримт бичгийн шалгагч, үлээвэр хөгжимчид, ХЦДБЧ-ын тоглолтын хувцсыг нэг бүрчлэн биеэс хэмжээ авч захиалгаар үйлдвэрлэгддэг байна. Энэ бүхнээс харахад эсгүүрийн технологи маш нарийн аж. 

Дамжлага цех

Эсгүүрээс гарсан өнөөх даавуунууд дамжлага цех рүү шилждэг байна. Уг цех хоёр шугамтай. Шугамын чанар шалгагчаар З.Хажид, М.Цэрэнпэлжээ нар ажилладаг. Харин шугамын ахлагчаар Т.Долгорсүрэн, Х.Цэрэндолгор гэх шаламгай бүсгүйчүүд үүрэг гүйцэтгэдэг байна. Шугамын ахлагч өнөөх эсгэгдсэн 1000 зах, ханцуй, энгэр, мөр бүхнийг тэмдэглэж оёдолчдодоо тарааж өгөх үүрэгтэй.

Яг адилхан бүрдэл хэсгийг ялгах шаардлага байгаа эсэхийг лавлахад давуу бүрийн туяа өөр тул өнгийг зөрөхөөс сэргийлж ийнхүү нэг бүрчлэн тэмдэглэдэг байна. Өнөөдрийн байдлаар хоёр шугамын оёдолчдод 500, 500 ширхэг ХЦАХ-ын хувцас орсон байв. Оёдолчид албаны өмд, кителийг хоногт 20 хос, ХЦАХ-ын өмд, хүрмийг 100 хосыг гаргадаг байна. Оёхдоо зүгээр өөр хооронд нь машиндаад оёчихдоггүй. Оёдлын технологийн горимын дагуу оёдог талаар ярьсан юм. Дамжлага цехийнхэн зөвхөн олноор үйлдвэрлэгддэг дүрэмт хувцсыг оёдог байсан бол 2018 оноос захиалгаар хийгдэж буй хээрийн хувцсыг оёж эхэлжээ.   

Бөхлөнө, индүүднэ, нүхлэнэ, наана

Ингээд ерөнхий дүр зураг нь гарч оёогдсон хувцас дараагийн дамжлага буюу гүйцэтгэх цех дээр ирдэг байна. Энд маш нарийн жижиг зүйлсийг хийнэ. Индүүдлэг гэхэд дундын, эцсийн гэж хоёр янз. Хүний цээжний төвгөр, нурууны суултыг хүртэл нарийвчлан тооцож индүүднэ шүү. Мөн товч хадаж, нүхэлж, бөхөлгөөг хийнэ гээд энэ цехийн ажил их нарийн. Цехэд олон янзын үүрэг зориулалт бүхий машинууд бий. Аль болох гар ажиллагаанаас татгалзаж технологийн шинэчлэлийг нэвтрүүлсэн байна. Одоо зөвхөн сэнжтэй товчийг гараар хадаж байгаа гэнэ. Гэхдээ сэнжтэй товчийг машинаар хадахаар судалгаа хийгдэж байгаа тул удахгүй технологийг нэвтрүүлэх аж. Сонирхуулахад энд өнөөх оёдлын горим бүр нарийн үйлчилдэг. Тухайлбал, хувцасны хатуулгыг наах цавууг хэдэн градус дээр халаах нь хүртэл өөр гээд бод. Тэгэхээр гүйцэтгэх цехийнхэн жижиг юм шиг хэрнээ чимхлүүр ажлыг нугалдаг бүсгүйчүүд юм.

Энэ дашрамд хилчдэдээ өмсөж буй хувцасны тань талаарх нэгэн сонирхолтой баримтыг дэлгэхэд албаны кителийнхээ товчны нүхийг хараарай. Тэнд жижиг дугуй байгааг анзаарсан уу. Товчны нүхний өмнөх дугуй нь төрийн сүлдийг эргэлдэж доош харахаас сэргийлэх зорилготой гэсэн шүү. Энэ мэт бидний мэддэггүй маш нарийн технологи өрнөдөг юм билээ. Магад энэ бүхнийг нэг бүрчлэн нүдээр харж, мэргэжлийнх нь хүнээр тайлбарлуулаагүй бол хувцас эсгээд оёод болчихдог гэх ахархан бодолтойгоо явж байх байсан биз. 

Оёдлын цехийн шилдгүүд

Дараагийн танилцах газар захиалгат цех. Энд биеийн хэмжээгээр захиалга өгсөн алба хаагчдын хувцсыг урлана. Нэг үгээр оёдолчдынх нь хувьд илүү мэргэшсэн зэрэгтэй байдаг аж. Оёдолчдод ур чадварыг нь харгалзан таван жил тутамд шалгалт авч II-V хүртэлх зэргийг олгодог байна. Захиалгат цехийн оёдолчид бүгд IV, V зэрэгтэй. Биднийг цехийн үйл ажиллагаатай танилцах үед ХХЕГ-ын даргын хувцсыг оёж таарсан юм. Генерал хувцас, түүний саан оруулга маш нарийн тул зөвхөн “Бөртэ” үйлдвэр оёдог аж. Гэхдээ Хилийн 0288 дугаар ангийн оёдолчин бүсгүйчүүд нэг ээлжиндээ өмсөх хувцсыг нь урлаж байв. Генерал цолыг шинээр олгоход урд шөнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тов гардаг аж. Ингээд цол гардахын өмнөх шөнө оёдолчид, эсгүүрчид хонож генералын хувцсыг гараа гарган оёдог гэсэн. Цаашид Хилийн 0288 дугаар ангийн оёдолчин бүсгүйчүүд Хилийн цэргийнхээ генералын хувцсыг урлаж өөрсдөө өлгийдөн авах хүсэлтэй явдаг талаараа ярив. Хамгийн гол нь алтан саан хээг урлах нь амаргүй гэнэ. Монгол Улсын хэмжээнд тэрхүү төмөр сааг Мягмарсүрэн гэх настай эгч шавь Эрдэнэцэцэгийнхээ хамтаар урладаг. Урлах аргыг нь өөр хэн ч мэдэхгүй. Тиймээс тэр нарийн эрдмийг өөрийн хөрсөн дээр нутагшуулаад авах зорилгыг мөн өвөртөлжээ. Хилийн 0288 дугаар ангийн хувьд улсын төсвөөс санхүүждэггүй. Олсон ашиг, орлогоороо ажилчдаа цалинжуулдаг газар. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс гадна зах зээлээс жилийн хоёр сард нь оёдлын захиалга авч бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой аж. Тус ангийн оёдолчдын чадварыг мэддэг болсон зарим албан газрууд захиалгаа өгөөд байгаа гэсэн. Гэхдээ ашгийн төлөө хөөцөлдөж хилчдийнхээ хувцсыг чанаргүй, муу оёх эрх байхгүй талаар оёдолчид ярьсан юм. 

Хилчдийн малгайд шинэчлэлийг хийсэн цехийнхэн

Хилчдэд нормоор олгодог бүх малгайг тус цехийнхэн хийдэг. Тэд хугацаат цэргийн алба хаагчдын өвлийн малгайг үйлдвэрлэж суув. ХЦАХ-ын малгайн үлгэр 2018 оноос эрс сайжирсан тул ХХЕГ-ын ар талын газраас талархал илэрхийлжээ. Зарим хүмүүс орос малгай юу гэж андуурч асуух нь энүүхэнд. Хилчид нэг хэсэг зуны саравчтай болон өвлийн малгайгаа ОХУ руу захиж хийлгэдэг байсан. Одоо бол дотооддоо үйлдвэрлэсэн малгайн хэв, чанар сайжирсан тул гадагшаа малгай захиалах нь багассан гэсэн.

Монголд цэргийн малгайн үйлдвэр ердөө гуравхан байдаг. Тэдний тоонд багтан хилчдийнхээ бүх төрлийн малгайг үйлдвэрлэнэ гэдэг бас их чадвар шүү. Угаасаа малгай оёно гэдэг амаргүй. Малгайн размер хоорондоо нэг см-ээр зөрж байдаг тул хэмжээг нарийн авч, хэлбэрийг маш сайн гаргахаас эхлээд оёдолчдоос чадвар шаарддаг юм билээ. Өмнө нь малгайн хатуу саравчийг гараар оёдог байсан бол саяхан саравч оёдог машинтай болсон байна. Энэ мэтчилэн оёдолчдынхоо ачааллыг бууруулах, гар ажиллагааг багасгах тал дээр үйлдвэрийн удирдлага сайн анхаардаг аж. 

Нийт хатгамлын 80 хувийг үйлдвэрлэнэ

Оёдлын үйлдвэрийн бас нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь хатгамал. Хилийн 0288 дугаар анги 2015 онд хатгамлын машиныг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Гэвч хатгамлын машиныг нэг хүн ажиллуулдаг тул ажлын цагтаа бүрэн хүчин чадлаараа хатгасан ч байгууллагын хэмжээний нэр, ялгах тэмдгийн дөнгөж 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. Үлдсэн хувийг нь зах зээлээс худалдаж авна. Тиймээс гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг зогсоох зорилгоор  хатгамлын машиныг хоёр ээлжинд оруулж байгаа гэнэ. Ээлжийн горимд шилжүүлэхэд ядаж 80 хувийг нь дотооддоо үйлдвэрлэх тооцоо гарсан байна.

Ер нь тус үйлдвэрийнхэн үйлдвэрлэлдээ шинэчлэлийг нэвтрүүлэхээр эрэлхийлж яваа. Өмнө нь хүмүүс үнэгүй олгогддог хангалтын хувцасны сайхан, муухайг тоолгүй өгснийг нь авдаг байсан бол одоо тийм биш болжээ. Тиймээс оёдлын үйлдвэр ч хэрэглэгчдийнхээ шаардлагын дагуу гологдол үйлдвэрлэхгүйн төлөө технологио шинэчилж, оёдолчдоо мэргэшүүлж байгаа талаар ярьсан юм.    

Чанарыг баталсан хилчдийн хувцас

Хилчдийн албаны болон хээрийн хувцас өнгө үзэмж, чанарын хувьд хэд дахин сайжирсан. Өмнө нь ганц угаахад өнгө нь ганддаг. Хилд явахад эдэлгээ даадаггүй гэх гомдол тасардаггүй байлаа. Харин яг өнөөдөр хилчдийг 100 хувь хангаад байгаа дүрэмт хувцасны даавууны чанар сайжирсан тул дээрх гомдлуудад цэг тавьж чадсан байна. Тухайлбал, албаны хувцасны бүтэц, найрлагын 60 хувьд нь хөвөн, 40 хувьд нь полистер байхаар өөрчилжээ. Хээрийн хувцас гэхэд 60 хувь полистер, 20 хувь хөвөн, 20 хувь винилон гэх галд тэсвэртэй хүний бие харшлахгүй материал байхаар бүтцийг нь өөрчилж, 2017 онд Стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажуулсан юм. Ингэж хилчид ийм өнгө, материалаар хувцас хийж өмсөнө гэдгийг тогтоосон аж. Нэгэнтээ онцгой байдлын албаны холбогдох мэргэжилтнүүд хилчдийн хувцасны үнийг сонсоод дуу алдаад буцсан гэдэг. Энэ бүхнээс харахад хилчид хамгийн чанартай даавуугаар, зохисон загвараар хувцаслажээ. Сурвалжлагынхаа эхэнд хувцас гэдэг бурхныг бүтээх шидтэйг өгүүлсэн. Тэгвэл Хилийн 0288 дугаар ангийн үйлчин бүсгүйчүүд хувцас хэмээх бурхныг сүүн сэтгэлээр урлан суудаг юм билээ. 

Цомхон бүрэлдэхүүнтэй ч чадварлаг цехийнхэн

Хилийн 0288 дугаар ангийн хэвлэх цех хилчдийнхээ дунд чамгүй эрэлттэй. Хэвлэх цехийн даргаар ахлах дэслэгч З.Түмэннаст, дизайнераар дэслэгч Ө.Тогтохбаяр, хэвлэгчээр дэд ахлагч Т.Сандагдорж, дэвтэрлэгчээр М.Баянтуул нар ажилладаг.

Тэд биднийг очиход Хил хамгаалах байгууллагын хэмжээнд ашиглагдах 20 гаруй нэр төрлийн 4500 ширхэг ажлын дэвтэр хэвлэж байв. Дараагийн ажил хүлээгдэж байгаа тул шахуу ажиллаж байгаа гэнэ. Тэд жилдээ 140-170 нэр төрлийн баримт бичиг, заавар, журам, ном, сэтгүүл хэвлэнэ. Цомхон бүрэлдэхүүнтэй ч бүтээмж өндөртэй цехтэй товчхон танилцахад ийм. Хэвлэх цех хэвлэх хоёр машинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Орчин үеийн хэвлэлийн газруудыг гүйцэхгүй ч байгууллагынхаа хэмжээний шаардлагатай зүйлсийг эндээ хэвлээд байж болдог гэсэн.  

70 орчим тонн ургац хурааж авчээ

Хилийн 0288 дугаар анги Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Хилчин” амралт сувиллыг ажиллуулж зуны дэлгэр цагт хилчдийгээ сувилдаг. Тэд энэ чиглэлдээ өнгөрсөн онд давхардсан тоогоор 456 хүнийг сувилсан байна. Мөн Төв болон Сэлэнгэ аймагт 7,5 га газар хүнсний ногоо тариалж, 50 тн төмс, 5 тн байцай, 1.5 тн хүрэн манжин, сонгино 10.4 тн буюу нийт 66,9 тн ургац хураан авчээ. Хилчдийнхээ хурааж авсан ногооны дээжээс ХХЕГ-ынхан хүртдэг. Монгол хөрсөнд ямар нэгэн химийн бордоогүй тариалсан хилчдийн ногоо ямар амт, чанартайг бид хэлүүлэлтгүй мэдэх тул илүүг нурших шаардлагагүй биз ээ.