ТҮРҮҮЧ Х.ОДМАГНАЙ: БИ НЭГ АЖЛЫГ ХОЁР УДАА ХИЙХГҮЙ БАЙХЫГ ЭРМЭЛЗДЭГ
  • 11:24
  • 3081
Хилийн 0285 дугаар ангийн 0297 дугаар салбарт алба хааж байгаа “Манлайлагч гэрээт хилчин” түрүүч Х.Одмагнайтай албаа хэрхэн хааж байгаа талаар цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр 2019 онд “Мэдлэг, ур чадвартай гэрээт хилчин”, оны “Тэргүүний гэрээт хилчин” болсон амжилтаар шинэ оноо угтаж байгаа юм.

Дэслэгч Ё.Сэндэр

-Амрыг эрье. Алба тавлаг уу?

-Юуны өмнө ангийн нийт бие бүрэлдэхүүн, тэр дундаа мөр зэрэгцэн албаа амжилттай хааж байгаа хилийн 0297, 0116 дугаар салбарын нийт гэрээт хилчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тус салбарт томилогдон ирсэнээс жил есөн сар болж байна. 

-Нутагтаа алба хааж байгаа болохоор сэтгэл өег байна уу?

-Тийм ээ. Намайг Хоньчин овогтой Одмагнай гэдэг. Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул. Эхээс дөрвүүлээ. Хоёр дүү, нэг эгчтэй. Айлын том хүү. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд  2017 онд Хилийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан.

-Гэрээт цэргийн алба хаагч, хилчин байхын давуу тал нь юу вэ?

-Давуу тал маш их. Саяхан би салбарынхаа гэрээт хилчид дундаас насаараа ч, алба хаасан хугацаагаараа ч хамгийн бага нь байсан. Харин өнөөдөр их зүйлийг сурч мэдэж, бас мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө улам илүү хичээж байна. Хамгийн гол нь эх оронч, хилч үзэл л чухал гэж боддог. Тэрнээс биш хилчдийн албаны онцлог, давуу талыг мэдэхгүй байж хилчин болно гэж ярьж болохгүй. Тэр дундаа гэрээт хилчдэд ирээдүйгээ төлөвлөх боломж их гардаг. Эхний ээлжинд гэрээ байгуулаад алба хаах хоёр жилийн хугацаа хамгийн чухал мэт санагддаг. Энэ хугацаанд бодож төлөвлөлгүй шийдвэр гаргаад гэрээгээ цуцлаад явчихдаг залуус байдаг. Уг нь бидэнд гэрээний хугацаандаа албаа нэр төртэй, үнэнчээр хаах, сурч боловсрох, цаашид Хил хамгаалах байгууллагад ажиллах нөхцөл боломж их бий.

-Ажиллаж, амьдрах орчин нөхцөл, хамт олныхоо талаар ярихгүй юу?

-Анхны сэтгэгдэлээс их зүйл шалтгаалдаг гэж боддог. Биднийг анх ирэхэд хамт болон маань хүндэтгэлтэйгээр хүлээн авч байсныг тод санаж байна. Анхны сэтгэгдэл хэзээ ч мартагдашгүй тодоор үлдсэн. Мөн манай салбар маш тохилог орчин нөхцөлтэй. Хамт олны хувьд эв найрамдалтай. Аливааг хоорондоо зөвлөлдөж хийхэд илүү хялбар байдаг.

-Алба хаах хугацаандаа хил хамгаалалтад хэр үр дүнтэй үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Хоёр удаа хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн. Мөн хариуцсан хэсгийнхээ өргөст утсан хашаа, манааны байр барих ажлуудад идэвхи санаачилгатай оролцсон.

-Баримталдаг зарчим?

-Нэг ажлаа хоёр удаа хийхгүй байхыг л эрмэлздэг. Олон сайхан офицер, ахлагч нараас сурч мэдсэн зүйл их. Тэр дундаа аливаад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс бол хилчид шүү дээ. Би өөрийгөө гэрээт хилчин, хугацаатай алба хааж байгаа гэж бодохоосоо илүүтэй яг л төрийн тусгай алба хаагч мэт бодож төсөөлж албаа хааж байна. Итгэл үнэмшил гэдэг хүн өөрийгөө зоригжуулж, хурцлах нэг арга юм.

-Нууц биш бол мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Залуу хүн мөрөөдөлтэй байх хамгийн сайхан. Миний мөрөөдөл ДХИС-д суралцаж чадварлаг боловсон хүчин, офицер болно гэж боддог. Үе тэнгийн гэрээт цэргийн алба хаагчдадаа хандаж хэлэхэд албандаа идэвхи санаачлагатай хандаж ажилтад хүрэхийн төлөө хичээгээрэй. Гэрээтийн алба гэрэлтэй, ирээдүйтэй алба юм шүү гэж хэлмээр байна. Бид хилчин гэрээт болсноороо бахархах учиртай. Монгол Улсынхаа хилд үүрэг гүйцэтгэж байгаа нийт гэрээт цэргийн алба хаагчид маань зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье.