Дэд хурандаа Б.Болдбаатар
Өнгөрсөн оны хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн оролцоо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, туслах хүчний гишүүдийн санал бодлыг сонсож ажил албандаа тусгаснаар олон ажлын эхлэл тавигдсан юм. 2020 оны цугларалтад туслах хүчний гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй идэвхтэй оролцов.
Цугларалтын хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, санал хүсэлт, гурвалсан гэрээ байгуулах арга хэмжээ, шинээр хил хамгаалалтад туслах хүчний гишүүн элсүүлж, үнэмлэх гардуулах ажиллагаа явагдав. Мөн "Баянхошуу" авто замын шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаатай танилцаж, хил хяналтын байгууллагын төлөөлөлтэй уулзав. Цугларалтын хугацаанд хилийн салбарын бүсгүйчүүдийн гараа гаргаж, сэтгэлээ шингээсэн сонголтын хоолоор үйлчилсэн нь оролцогчдод ихэд таалагдсан юм. Мөн хил хяналтын байгууллагуудын хамтарсан Боомтын зөвлөлийн ээлжит зөвлөгөөн болж, хил хяналтын байгууллагууд 2020 онд хэрхэн хамтран ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн “Боомтод мөрдөх журам”-ыг тодотголоо. Энэ үеэр шалган нэвтрүүлэх боомтын тусгай томилгоот бүлгийн авч гарах зүйл, шинээр хангагдсан хувцас хэрэглэл, үхэлд үл хүргэх зэвсэг, хангалт зэргийг арга хэмжээд оролцогчдод танилцуулсан нь тэдний сонирхолыг ихээхэн татаж байлаа.
Хил хамгаалах байгууллагын ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа хийгээд ямар зорилго дэвшүүлэн, хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж буйг олон хүн сайшаан хилчдэд талархал хүргэснийг 80 жилийн түүхтэй, хилчдийн мэлмий болсон “Эх орны манаа” сониноор дамжуулан хүргэхэд таатай байна.
Арга хэмжээ ингээд дууссангүй. Халхгол сумын Ялалт багт “Халх голын өглөө” хамтлагийн “Хайраар зөөлөрдөг хорвоо” урлагийн тоглолт, үдэшлэгийн арга хэмжээгээр үргэлжиллээ. Уг тоглолтын орлогыг хилийн 0150 дугаар салбарын харуулын дарга, ахлах ахлагч Р.Баттулгын эмчилгээний зардалд хандивласан юм. Ахлах ахлагч Р.Баттулга хөгжмийн сонсогчоос харуулын дарга болтлоо 20 гаруй жил Хил хамгаалах байгууллагатай ажил, амьдралаа холбосон хилчин. Цаашид “Халх голын өглөө” хамтлагийнхан анд нөхөртөө туслахаар Хилийн 0306 дугаар ангийн хилчид, Матад сумын зон олонд тоглолтоо сонирхуулахаар төлөвлөөд байгаа юм. Хилчдээс дутуугүй эх орноо гэсэн чинхүү хүсэлтэй, нутаг орон, газар шорооныхоо үнэ цэнийг мэддэг, атга шороо, сөөм газрынхаа төлөө амиа өргөсөн баатруудын өлгий нутгийн эзэд болох хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн цугларалтын арга хэмжээ энд хүрээд өндөрлөлөө.
ДОРНОД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЭКСПОРТ ИМПОРТ, ХИЛ ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Д.НЯМАА: НЭГ НЭГЭНДЭЭ ТУС ДЭМ БОЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАДАГ
-Миний бие мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаад есөн жил болж байна. Өмнө нь “Замын-Үүд”, “Ханги” зэрэг боомтуудад ажиллаж байсан. Өөрийнхөө төрж өссөн Дорнод нутагтаа ирээд ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ хугацаанд хил хяналтын байгууллагын алба хаагчид, боомтын бүрэлдэхүүн бүгд нэгэн зорилго, нэгэн үйлсийн төлөө ажиллаж байгаа болохоор хамтран ажиллахад урам зориг дүүрэн, таатай сайхан байдаг. Энд бас нэгэн зүйлийг сонирхуулахад намайг Ханги боомтыг ахлан ажиллах үед зэргэлдээ хилийн салбарын даргаар ажиллаж байсан ахмад Б.Базаржав Хилийн 0198 дугаар ангийн 0104 дүгээр салбарын захирагчаар ажиллаж байгаа. Эртнээс нөхөрлөсөн болохоор хамтран ажиллахад урамтай байна. Монгол хүмүүс ярьдаг шүү дээ “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг аль болох чадахаасаа чадахгүйгээ хүртэл нэг нэгэндээ тус тэм болж, хамтран ажиллаж байна.
Боомтын зөвлөлийн зөвлөгөөнд гурав дахь удаагаа оролцож үзлээ. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудал нь маш их үр дүнтэй байснаас гадна, гарсан санаачлагыг ажил хэрэгчээр хүлээж авсан танай ангийн удирдлага, хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн хилчдийн хувцас хэрэглэл, зэвсэглэл, ахуй хангалт ямар их өсөн нэмэгдэж байгааг харлаа. Бид улс эх орныхоо үндэсний аюулгүй байдал, хил, хязгаарын аюулгүй байдал, иргэдийн амар тайван амьдралын төлөө, стандарт шаардлага хангасан түүхий эд, бараа материал зэргийг нэвтрүүлэх хяналт тавих, энэ бүх үүргийг хамтран хэрэгжүүлж байна.
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХ ГОЛЫН СУМЫН ЯЛАЛТ БАГИЙН МАЛЫН ЭМЧ, ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ГИШҮҮН Ц.ДАРХИЖАВ: БИ 40 ЖИЛ ХХТХГ-ЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
-Өсөж төрсөн нутагтаа жар гаран жил амьдарч, мал маллахын зэрэгцээ Ялалт багийнхаа ард иргэдэд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр 40 жил хүчин зүтгэж, хилийн 0104 дүгээр салбартай байнгын нягт холбоотой ажилладаг. Би 1980 онд цэргээс халагдаж ирээд хил хамгаалалтад туслах бригадын гишүүн болж байлаа. Бидний үед хилийн салбар, харуулууд одоотой харицуулах аргагүй байсан. Өнөөдөр их зүйл өөрчлөгдөж улсын хил хамгаалалтын техник технологи, хилийн салбар, харуулын тохижилт маш сайхан болж байгааг харах таатай байдаг. Ийм сайхан үед цэргийн хүүхдүүд албаа хааж байна. Өнөөдөр хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн цугларалт сайхан боллоо. Энэ арга хэмжээнд хилийн салбаруудын туслах хүчний гишүүд идэвхтэй оролцлоо.
Хил хамгаалах байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн тоог нэмэгдүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагаа зэрэг олон олон мэдээллийг авсан. Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн өнөөдрийн цугларалтаар дөрвөн шинэ гишүүнээр бүл нэмсэн. Манайх гэдэг айл Халхын голынхоо хойд эрэг, Данжаалан арал дээр улсынхаа хилээс холгүй амьдарч, хилийн 0104 дүгээр салбарынхаа хил хамгаалалтад тус нэмрээ оруулж байдаг. Манай ойр хавьд 6-7 айл бий. Бүгд л хилчдэдээ тус дэм болж явдаг.
Орон нутагтаа 40-өөд жил амьдрах хугацаанд хил хамгаалалтын ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж байгааг үзээгүй. Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр хэлэх үггүй сайхан боллоо. Шинэ хил хамгаалалтад туслах хүчний гишүүд хилийн салбартайгаа холбоотой байж арга хэмжээг түргэн шуурхай авч, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж байхыг ахмад гишүүний хувьд зөвлөж байна.
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭН, ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ГИШҮҮН Н.ТҮВШИНЖАРГАЛ: ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА, ХИЛЧИДТЭЙГЭЭ НЭГЭН ЖИМЭЭР ХОЛБОГДЛОО
-Би Дорнод аймгийн Халхгол сумын унаган иргэн. Төрөлх сумандаа сургуулиа төгсөж, одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Сүүлийн дөрвөн жил хилийн салбарын ойролцоо цайны газар ажиллуулж, эхнэр, хүүхдүүдийн хамт ажиллаж, амьдарч байгаа. Туслах хүчний гишүүнээр элсэх талаар санал тавьсны дагуу өнөөдөр тус салбарын туслах хүчний гишүүнээр элсэн үнэмлэхээ гардан авч, Хил хамгаалах байгууллага, хилчидтэйгээ нэгэн жимээр холбогдож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн үйл ажиллагаа маш сайхан явагдаж өндөрлөлөө, сэтгэл хангалуун байна.