ОЁДОЛЧИН Л.ОЮУНЦЭЦЭГ: ОЁСОН ХУВЦАС ЭЗЭНДЭЭ ТААРСАН БАЙХЫГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
  • 10:21
  • 2798
Оёдолчин мэргэжилдээ дуртай, түүгээрээ бахархдаг бүсгүй бол Л.Оюунцэцэг. Тэрбээр Хилийн 0288 дугаар ангийн өмнөө барьдаг чадварлаг оёдолчдын нэг юм.

Дэслэгч М.Уранбайгаль

-Та оёдлын хэддүгээр зэрэгтэй вэ?

-IV зэрэгтэй. 

-Та яг одоо ямар хувцас оёж байна вэ?

-ХХЕГ-ын даргын хавар, намрын хээрийн хүрмийг оёод дуусаж байна. 

-Хэд хоног оёв?

-Нэг өдөрт оёсон.

-Генералын хувцас гэж бодохоор сандрах уу?

-Хэдий олон жил оёсон ч гэсэн генералын хувцас гэж бодохоор мэдээж хариуцлага улам нэмэгддэг. Тэгээд нөхдөөсөө тэгшхэн байна уу, ямар болж байна гээд байнга асууна. 

-Дараа нь ямар хувцас оёх вэ?

-Баримт бичгийн шалгагч нарын албаны хувцас оёгдохоор захиалга нь ирсэн байгаа. 

-Та оёдол хаана хийж сурсан бэ?

-Би нийтийн ахуй үйлчилгээний ТМС гэж байхад сурсан. Захиалгат оёдол, эсгүүрийн ангийг төгссөн. 

-Хилийн 0288 дугаар ангид хэдэн жил ажиллаж байна?

-2000 онд ороод 2009 онд тэтгэвэртээ гарсан юм. Хурандаа Н.Жаргалсайхан ангийн захирагчаар ажиллаж байхдаа “Эргээд ажилдаа орооч” гэсэн санал тавихад “Та зөвшөөрч байвал надад татгалзах зүйл алга” гээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. 

-Та өөрийнхөө ажил, мэргэжлээр бахархдаг уу?

-Би мэргэжилдээ дуртай. Бусдын нүдэнд өдөржин давуу машиндаж суух амаргүй санагддаг байх. Гэтэл надад төрөл бүрийн хэлбэртэй эсгэсэн даавууг эвлүүлж оёод хувцас болгоход сонирхолтой сайхан санагддаг. 

-Оёдолчид өөрсдийн оёсон хувцсыг ялгах уу?

-Оёдолчин бүрийн оёдол тэс өөр. Би лав өөрийнхөө оёсон хувцсыг хаанаас нь ч харсан ялгаж чадна. 

-Захиалгат тасгийн ажил хүнд үү?

-Тарган, туранхай гээд янз бүрийн бие бялдартай хүмүүс ирнэ. Тэр бүх хүний биед таарсан хувцсыг үйлдвэрлэх нь бидний үүрэг. Яахав шат дамжлага гэж байхгүй бүх зүйлээ өөрөө гардаж оёж, наана. Ерөнхий төрх нь босоод ирэхээр захиалагч эзэн нь ирж өмсдөг. Тэр үед нь ингэж оёх ёстой юм байна гэдгээ хараад авчихдаг. 

-Ажлын цаг?

-Өглөө 08.00-20.00 хүртэл ажиллана. Ачаалал ихтэй үед бол илүү цагаар сууж ажиллана. Ажилдаа дуртай болохоор хүнд хэцүү санагдаад байдаггүй. 

-Хамгийн дурсгалтай бүтсэн хувцас? 

-Би МУГТ, дэд хурандаа С.Батцэцэгийг олимпоос медаль аваад эх орондоо ирэхэд нь  ёслолын хувцсыг нь шөнийн дотор оёж байсан. Тэгэхэд их сайхан санагдаж байлаа. 

-Та мэргэжилдээ үнэхээр хайртай юм. Тэгвэл энэ мэргэжлийн жаргал бас бэрх зүйл юу вэ?

-Цэргийн хувцас хүнийг жавхаалаг, сүртэй харагдуулдаг. Тэр тусмаа биед нь таарсан хувцас эзнээ их сайхан чимдэг. Миний оёсон хувцас захиалсан эзэндээ таарсан байхыг харахад л баярладаг. Хувцас нь сэтгэлд нь таарсан хүн чин сэтгэлээсээ баярлалаа гээд хэлэхэд их урам авдаг шүү. Зарим тохиолдолд оёсон хувцсанд засвар ордог. Эргэж задалж зассан хувцас сайхан санагддаггүй.  

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Эгч нь таван хүүхэдтэй. Хоёр нь Хилийн 0108 дугаар ангид ажиллаж байна. Хилийн алба гэдэг их сайхан. Үр хүүхдүүд минь мөрдэс зүүн эх орноо хамгаалж яваа. Би хилчдийнхээ хувцсыг оёх бүртээ хүүхдүүдээс минь ялгаагүй гэж бодоод алдаа гаргалгүй сэтгэлээ шингээж оёдог.