АХМАД ХИЛЧИД ХИЛИЙН МАНААНД
  • 11:20
  • 3829
“Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит манаанд ахмад хилчид”

Ахлах дэслэгч Б.Ганзориг

Дарьгангын хязгаарыг сахин хамгаалагч Хилийн 0184 дүгээр ангийн хилчид “Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит манаанд ахмад хилчид” арга хэмжээгээр 2020 оны анхны нэрэмжит манаагаа томилон үүрэг гүйцэтгүүлж эхлүүллээ.

Арга хэмжээ нь хилийн салбар, харуулд үүрэг гүйцэтгэж буй хилчдэд ахмад хилчдээс туршлага судлуулах, Монголын уламжлалт амьдрах ухаанд сургах, ХЦАХ-дад эх оронч үзэл төлөвшүүлж, албаараа бахархан, албаны идэвхийг өрнүүлэх, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдах бөгөөд хилийн салбарын орлогчоос тасаг, албаны дарга, захирагчийн орлогчийн албан тушаалд ажиллаж байсан ахмад хилчдээс томилон үүрэг гүйцэтгүүлж байгаа юм. Хилийн манааны бүрэлдэхүүнд ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Г.Борхүү, М.Баттулга, С.Баясгалан, Л.Чулуун, Б.Хүрэлбаатар, Г.Батжаргал, Б.Эрдэнэбаатар, бэлтгэл хошууч Г.Батхүрэл нар үүрэг гүйцэтгэж, залуу дүү нартаа амьдралын туршлагаасаа хуваалцаж, хилийн манаанд үүрэг гүйцэтгэх болсонд бахдаж буйгаа анги хамт олондоо илэрхийллээ.

Ангийн удирдлагаас ахмад хилчдэд улсын хилд үүрэг гүйцэтгэх үеийн  төлөвлөгөөг боловсруулж, “Монгол Улсын баатар Ч.Дугаржавын ажил амьдралын түүхэн замнал”, “Хил дээр алба хаахын бахархал”, “Хүнтэй ажиллах арга барил”, “Аюулгүй арга ажиллагааг чанд сахих аргачлал” сэдвүүдээр хичээлийн конспект бэлтгэн олгосон юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.