ХИЛЧДИЙН ДОТНЫ ЗӨВЛӨГЧ
  • 15:23
  • 1243
"Эх орны манаа" сонины 80 жилийн ойд

Бэлтгэл хурандаа Ш.Доржбал

Үе үеийн хилчдийн үнэнч нөхөр, дотны зөвлөгч “Эх орны манаа” сонин эхний дугаараа эрхэм уншигчдадаа өргөн барьснаас хойш эдүгээ 80 дахь жилтэйгээ учран золгож байна. Хүнээр бол наян жил гэдэг хүндтэй суудалд залрах нас. Өнөөдөр манай улсад хэвлэгдэн гарч байгаа тогтмол хэвлэлүүдийн дотор нас намба, нам, засгаас хүртсэн хайр хишгээр ч “Эх орны манаа”-тай эн зэрэгцэх сонин хэд билээ гээд бодоход яалт ч үгүй Монголын ууган хэвлэл “Монголын үнэн” сонин өмнө нь гишгэж байна. Залгаад “Улаан-Од” буюу “Соёмбо” сонин байна. Уг нь олон хэвлэл гарсан. Гэвч өнгөрсөн зуунтайгаа цуг түүх болон үлджээ. Ингээд үзэхээр тэргүүндээ Байлдааны гавьяаны одонгоо гялалзуулсан, хэмжээгээр жижиг ч, хэрэгцээ өндөр “Эх орны манаа” сонин тогтмол хэвлэлүүд дундаа “насаар” ахмадын хувьд Монголын бүх сонин сэтгүүлийн их өргөөний торгон хойморт залрах нь зүйн хэрэг юм.

Миний хувьд Хилийн цэрэг хэмээх их айлын ариун жагсаалд дөчин жил үүрэг гүйцэтгэсний арав гаруй жил нь энэ сонинтой холбоотой. Анх эрхлэгчээр нь ажилласан наяад оны сүүлч үе бол манай оронд өөрчлөн байгуулалт өрнөж, ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн цаг. Нэг намын үзэл суртал давамгайлж, дээд газраас тавих хяналт чанга хатуу байсан тийм л үед сониныг эрхлэн гаргах үүргийг гүйцэтгэж байлаа. Гэхдээ л будаг нь ханхалсан шинэхэн сонины дугаарыг хүлээж аваад гарчиглаж суухад нэг л сайхан. Бид тухайн үед долоо хоногт дөрвөн нүүрээр хоёр дугаар гаргадаг байсан нь их шахуу, зав чөлөөгүй ажиллахыг шаарддаг байсан юм. Сонин бол хамтын бүтээл. Ажилтнууд маань туршлагатай, ажлын төлөө төрсөн, алгуурлах залхуурахыг мэддэггүй улс байлаа. Сонины нийтлэлийн бодлогыг Улстөрийн газар, үзэл суртлын хэлтсээс тогтмол чиглүүлэхийн дээр дугаар бүрийг намын төв хорооны үзэл суртлын хэлтсээс хянаж, үнэлж дүгнэх тул алдаа мадаг гаргахгүйн төлөө бичээчээсээ эрхлэгчээ хүртэл эрвийх дэрвийхээрээ хичээнэ. Аливаа нийтлэл нь бодит баримтад тулгуурласан, сайхан найруулгатай, үг үсгийн алдаагүй  байхыг эрхэмлэхийн сацуу, худал ташаа, гүжир гүтгэлгийн шинжтэй материал нийтлэхгүй байх нь бидний гол зарчим байсан юм. Сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, зохиолч, хошууч Ж.Нямдорж, утга зохиолын ажилтан, ахмад Ж.Эрдэнэпил, бичээч, бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Д.Энхтуяа, С.Ичинхорлоо, мөн сурвалжлагч Ч.Лхагвасүрэн, Л.Зоригт, Л.Отгон, Ж.Дорж, Д.Дүгэрсүрэн, Ч.Шуураа, Т.Бэгзжав гээд гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон байсан даа. Хүн сэтгэлээсээ хичээвэл юуг ч бүтээж чаддагийг “Эх орны манаа” сонинд ажилласан он жилүүд бэлхнээ харуулсан гэж бодож бахархаж явдаг юм. Хамт олныхоо ач гавьяагаар сониноо бусдын дор оруулахгүй гаргаж байсан гэж бодохоор  би азтай хүн.

Тэр үед сонины гол түшиг тулгуур нь идэвхтэн бичигчид байсан юм. Эх орныхоо торгон хилээс хилчдийн бичсэн мэдээ, сурвалжлагыг түлхүү нийтлэхийг хичээдэг байв. Мөн нэрт зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд, хөдөлмөр бүтээлээрээ ард түмэндээ танил болсон хүмүүс “Эх орны манаа” сониноор хилчидтэйгээ “уулздаг” байлаа. Сонины эрхлэгчээр ажиллаж байх үеийн олон сайхан дурсамж одоо хүртэл сэтгэлд минь үлдсэн. Өмнө нь эл дурсамжаасаа сониндоо нийтлүүлсэн болохоор дахин давтахыг хүссэнгүй. “Эх орны манаа” сонины гүйцэтгэсэн үүргийн талаар бусад уншигчид, ялангуяа зохиолч, яруу найрагчид юу гэж бичиж байсныг их ойг угтан сониныхоо шарласан хуудаснаас цөөн хэдийг эшлэн авч энэхүү өчүүхэн дурсамжаа өндөрлөхийг хүслээ.

Ард түмний хайртай яруу найрагч, БНМАУ-ын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтав “Эрс чийрэг  хилчидтэй цуг буу барьж

эх орны манаанд “Эх орны манаа” зогсоно

Хуудас бүхэн нь 

Хувьсгалаар олдсон манай эриний

Хуучрахгүй түүхийг

Хурц тод сийлж бичээд

Байлдааны гавьяаны 

Алтан одон тодоос тод

Бахархах үйлсийн

Алдрыг илтгэн

Энгэрт чинь гялалзана...” (1975 он) гэж шүлэглэсэн бол ахмад зохиолч Д.Лувсандэлэг “Эх орны манаа” шүлэгтээ:

“...Алтан номын хуудсаараа

Аавын үг шиг үнэнийг дуулгаж

Эрдэм номын утгаараа

Ээжийн үг шиг үнэтэйг мэдүүлж

Энгүй баян утга багтаасан

Энэ сонины мянган дугаарыг

Онц хилчдийн түүхийг багтаасан

Он дарааллын бичиг гэлтэй”(1972 он), 

нэрт яруу найрагч Жамцын Шагдар 

“Эх орны манаа”

Эдүгээ тайван цагт

Эр цэргийн харуултай

Эн чацуу зогсож,

Дайчин эрсийн санаа болж

Дархан орны манаа болж

Торгон хилийн харуулд

Тохоон томилогдсон янзаараа...” хэмээн магтан бичжээ.

Сүүлд дэд хурандаа У.Пүрэвсүрэн, хөгжмийн зохиолч, дэд хурандаа Т.Ганболд нар “Халдашгүй хилийн түүхэн шастир “Эх орны манаа” дуу бүтээсэн байдаг. Түүндээ,

“Эх орны манаа” халуун амины үнэтэй

“Эх орны манаа” хатан зоригийн иртэй

“Эх орны манаа” хайчин галын шуургатай

“Эх орны манаа” халдашгүй хилийн түүхэн шастир” гэсэн нь хилчдийн сэтгэлд хүрсэн биз ээ!

“Эх орны манаа” эр цэргийн санаа болж, цэрэг дайчид, хилчдийг эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлэх, улсын хил хамгаалах үйл хэрэгт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан бөгөөд одоо ч тэр ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгааг хэлэхэд таатай байна. Олон жилийн тэртээ өөрийнхөө бичсэн,

“...Дархан хилийн заставын Сүхбаатарын тасалгаанд

Үргэлж дэлгээстэй  “Эх орны манаа”

Даргаас тушаал авч үүрэг гүйцэтгээд ирэхдээ ч

Үзэх дуртай сонин нь “Эх орны манаа”

Өргөө сайхан орныхоо тэгш заяаг түшиж

Өгөөж саруул нутгаа зүрхэндээ тээж явдаг

Хилчин эрс өөрсдөө-“Эх орны манаа”

Хилчин бидний сонин “Эх орны манаа” (1980 он) гэсэн шүлгийн мөрөөр энэ удаагийн дурсамжаа жаргаая.

“Эх орны манаа” сонин, эр цэргийн санаа болж,

“Адилхан л бидэнтэйгээ, хуарандаа

Алдар цолоор бол хурандаа” явж үе үеийн хилчдийн дотны зөвлөгч, унших  дуртай хэвлэл нь байсаар ирсэн, цаашид ч байх нь дамжиггүй.