ТӨРИЙН АЛБАНЫ 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУД
  • 15:30
  • 1644
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн төрийн албаны 2020 оны үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудыг та бүхэнд хүргэж байна. “Хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албаны төлөө” уриалгын дор дэвшүүлсэн доорх зорилтуудыг хэрэгжүүлэн, мөрдөж ажиллацгаая.

1. Төрийн албаны шинэтгэлийн стратегийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж батлуулан, үйл ажиллагааныхаа мөрдлөг болгох;

2. Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлалд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх талаар судлан нэг мөр болгож зохицуулах; 

3. Төрийн албаны тухай хууль тогтоомжийг нийт төрийн албаны хэмжээнд дагаж мөрдөж байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага бүр зөрчилгүй ажиллах дархлаатай болох;

4. Төрийн албаны хүний нөөцийн аудитыг агуулга зорилтын дагуу хэрэгжүүлж, үр нөлөөг нь байгууллагын хөгжилд ашиглах боломжоор хангах;

5. Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, гарсан зөрчлийг таслан зогсоох, цаг тухайд нь шийдвэрлэх, холбогдох албан хаагчдад хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг байгууллага нэг бүрт хэвшүүлэх; 

6. Төрийн албан хаагчийн сургалт, хөгжилтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан агуулга, хэлбэрээр нь шинэчлэн зохион байгуулах, хамтрагч байгууллагуудын хооронд зохистой хамтын ажиллагааны горим тогтоох;

7. Төрийн албаны шатлан дэвших нөөцөд хамрагдах төрийн албан хаагчдын судалгааг бүрэн гаргаж, шатлан дэвшүүлэх болзол, шаардлагыг хангуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг болох;

8. Төрийн албанд орохыг хүссэн иргэдэд зориулсан ерөнхий шалгалт, сул орон тоонд томилохтой холбоотой тусгай шалгалтыг технологийн дэвшил, инновацид тулгуурлан шударга явуулах бүх талын нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааг жигдрүүлэх;

9. Төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг шинжлэх ухааны судалгааны хэрэгцээ, төрийн албаны шаардлага, хууль, стандартад нийцүүлэн өргөтгөж, технологийн дэвшилд үндэслэн, программын хэмжээнд шийдвэрлэх, мэдээллийн ил тод, үр нөлөөтэй байдлыг хангах;

10. Жендэрийн хууль тогтоомжийг төрийн албанд хэрэгжүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг судлан, дүн шинжилгээ хийж, аргачлал боловсруулан нэвтрүүлэх замаар төрийн албаны үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй байх хандлагад дэвшил гаргах;

11. Төрийн албаны үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналт тавьж, үнэлгээ зөвлөмж өгөх нөхцлийг бүрдүүлэх замаар ажлын үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар тодорхойлох арга барилд шилжих;

12. Төрийн албаны хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу цаг тухайд нь хэрэглэх, сонгон шалгаруулалтыг чанартай явуулах, албан тушаалын тодорхойлолтын шалгуурыг бүрэн хангуулах замаар зөвхөн чадахуйн зарчимд бүрэн нийцэх албан хаагчаар төрийн алба бүрдэх нөхцлийг хангах.