Дэслэгч М.Уранбайгаль
-Сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын харьяат. 2019 оны II ээлжээр Хилийн 0132 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан. Цэрэгт татагдахаасаа өмнө Үйлдвэр, урлалын политехникийн коллежид мехатроникч мэргэжлээр суралцдаг байсан юм. Цэрэгт явахаасаа өмнө дипломоо бичээд эхэлчихсэн байсан тул ангийн захирагч надад 10 хоногийн чөлөө өгсөн. Чөлөөгөөр ирээд дипломоо амжилттай хамгаалаад байгаа минь энэ.
-Мехатроникч гэж ямар мэргэжил вэ?
-Энэ нь цахилгаан, электрон, механик, программ гэсэн дөрвөн мэргэжлийн хосолмол юм. Би өмнө нь Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2.5 жилээр төгссөн. Мэргэжлээ дээшлүүлэхээр Үйлдвэр, урлалын политехникийн коллежид суралцаад 4.0 голчтой амжилттай төгсөж байна.
-Дипломоо ямар сэдвээр бичсэн бэ?
-Манай багийнхан сургуулийнхаа үүдэнд маш том электрон цаг хийсэн. Цэрэгт явахаасаа өмнө цаг хийхэд шаардлагатай материалыг захиалчихсан байсан юм. Намайг цэрэгт байх хугацаанд манай багийнхан цагаа угсраад суурилуулчихсан байна билээ. Тиймээс би дипломын ажлыг нь бичсэн.
-Ангийн захирагч нь юу гэж байна?
-Ангийн захирагч намайг дэмжиж, сургуулиа амжилттай төгсөх бүх боломжоор хангасан. Тэр ч бүү хэл надад дэд түрүүч цол олгосон. Би хилийн 0193 дугаар салбарт үүрэг гүйцэтгэдэг. Очоод цолоо авна. Сэтгэл өндөр байна.
-Цэргээс халагдаад мэргэжлээрээ ажиллах уу?
-Сая дипломоо авахад “Тесо” компаниас ажлын урилга ирсэн. Би өнгөрсөн жил тэднийд үйлдвэрийн дадлага хийсэн юм. Цэргээс халагдаад “Тесо” компанид цахилгааны инженер хийнэ гэж бодож байгаа.
-Яагаад цэрэгт явах болсон юм бэ?
-Манай аймагт 2019 онд цэргийн тоо хүрэхгүй оюутнуудаас татсан юм. Тэгээд үзлэгээр тэнцчихсэн. Би айлын том хүү. Хоёр охин дүүтэй. Багаасаа эмээ дээрээ мал маллаж өссөн. Цэрэгт тэнцсэн тухайгаа хэлэхэд гэрийнхэн дэмжиж явахыг зөвлөсөн. Ингээд л цэрэгт явсан. Энэ шийдвэр ч зөв болжээ.
-Өмнө нь цэргийн албаны талаар ямар ойлголттой байв?
-Би ямар ч төсөөлөлгүй цэрэгт татагдсан. Кинон дээр Зэвсэгт хүчнийхэн байнга л бэлтгэл хийж байгаа гардаг. Хилийн цэрэг гэхээр хил манадаг юм байна гэхээс өөр төсөөлөлгүй цэрэгт ирсэн.
-Хилийн салбарын амьдрал ямар байна вэ?
-Гоё. Яг нэг гэр бүл шиг. Хөдөө өссөн болохоор надад хил дээр байх нь амар байдаг. Манай салбарынхан намайг дэмжиж, бүгд амжилт хүсээд явуулсан.
-Дипломоо цэрэг хувцастайгаа очиж гардаж авсан байна. Багш нар нь юу гэж байна вэ?
-Манай ангийн багшийг Чулуунбат гэдэг. Намайг хөөрхөн цэрэг болсон байна гэсэн. Цэргийн алба хаагч нэрээр нь дуудахаар “Би” гэж хариулдаг шүү дээ. Найзуудтайгаа дипломоо бичээд сууж байхдаа дуудах бүрт нь “Би” гээд босоод байсан чинь их шоолсон. /инээв/
-Найзууд нь цэргийн албаны талаар асууж байна уу?
-Их сонирхож асуусан. “Цэргийн алба хүнд үү?, өлсөж байна уу?” гээд л асууна. Тэр бүрт нь цэргийн албаны сайхныг ярьж өгнө шүү дээ. Ер нь залуус цэргийн албыг их хэцүү, чанга гэж боддог юм билээ.
-Цэргийн албандаа хэр хурдан дасав?
-Малчин хүн байнга дээл өмсөнө шүү дээ. Цэрэгт ирээд дүрэмт хувцас өмсөхөөр сонин байсан. Бас бүх юм дүрмээр цагийн хуваарийн дагуу явдаг. Цэргийн албанд хэн ч өөрийн хүслээр, дураараа аашилж болдоггүй. Цагийг бол ягштал мөрдөж хэвшдэг юм билээ. Ард байхад аливаа ажлыг өөрийнхөө тааваар үдээс өмнө, үдээс хойш гэх хоёр цагт хувааж хийдэг байсан. Цэрэгт ирээд энэ буруу дадал алга болсон доо.
-Юу сурч байна?
-Хүмүүс тэвчээр, хатуужил суулаа гэж ярьдаг. Мэдээж хүнээс үг дуулж сурч байна. Хамгийн гол нь соёлд суралцаж байгаа. Хүнийг яаж хүндлэх гээд харилцааны наад захын соёлд суралцаж байна.
-Цэрэгт ирснээс хойш олон сайхан дурсамжийг үлдээсэн байх. Нэгийг нь сонирхуулаач?
-Бүх зүйлийг хамтдаа хийдэг нь сайхан санагддаг. Анхны цас ороход онжавуудаараа цас цэвэрлээд зогсож байхад их сайхан санагдаж байлаа. Цэрэгт нэг хүний ганцаарчилсан тоглолт гэж байдаггүй. Зөвхөн хамт олноороо, салаагаараа л гэх дүрэм үйлчилдэг нь багаар ажиллах чадварыг залууст суулгаж өгдөг юм шиг санагдсан.
-Цэрэгт явсан нь чиний хувьд зөв сонголт байв уу?
-Тэгэлгүй яахав. Би цэргийн албаа хаачихлаа. Маш их зүйл сурлаа. Дээр нь жил өнжилгүй ангийнхантайгаа хамт сургуулиа төгсчихлөө. Мөн цэрэгт байх хугацаандаа жолооны дамжаанд суралцсан. Бас бялдрын хувьд маш их өөрчлөгдсөн. Булчин шөрмөс чангараад эр хүн болсон шүү.
-Хотод ирсэн хүнд амжуулах ажил бий юу?
-Хамгийн гол ажлаа амжуулчихлаа шүү дээ. Гэхдээ онжавуудын захиас бий.
-Нууц биш бол?
-Манай гурван онжав хотод байгаа найз охиндоо захидал өгч явуулсан. Би нэгийг нь өгөөд хариуг нь авчихсан байгаа. Одоо хоёр захидлыг нь өгчихвөл хотод ирсэн хэргээ бүтээлээ.
-Хэзээ буцах вэ?
-Чөлөөний хугацаа дуусаж байгаа тул удахгүй буцна. Угаасаа салбарынхаа хилчдийг санаж байна. Бушуухан хил рүүгээ л явья. Хот газар хөл хөдөлгөөн ихтэй хэцүү юм. Цэрэг хувцастайгаа гадуур явахаар хүмүүс ч их хардаг. Сая тендерийн унаанд суусан чинь хүмүүс намайг “Ямар хөөрхөн цэрэг вэ” гээд л их сонирхсон.
-Албаа сайн хаагаарай. Амжилт хүсье.
-Мэдлээ.