МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙСЭН ХЯЗГААРЛАЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
  • 17:05
  • 22697

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэв. Үүнд:

Монгол Улсын иргэд:

1.Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын замын Буянт-Ухаа /Чингис хаан олон улсын нисэх буудал/ боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

2.Монгол, хятадын хилийн авто замын боомтуудаар хятадын талаас ирэх монгол иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Булган-Такашикэн, Замын-Үүд-Эрээн, Баянхошуу-Өвдөг боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

3.Улс хоорондын ачаа тээврийн авто машин /нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, хүнс, бараа/-ы зөвхөн үндсэн жолооч нарыг Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

4.Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаана.

5.БНХАУ руу зорчих Монгол Улсын иргэдийг хилийн бүх боомтоор нэвтрүүлэхгүй. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиисын даргын зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлнэ.

Гадаадын иргэд:

1.Монгол, хятадын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор хятад болон тус улсаар дамжин Монгол Улсад ирэх гуравдагч улсын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй.

Холбогдох мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-17.30 цагийн хооронд 266828 дугаарын утсаар лавлана уу.

 

 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР