ДӨРВӨН БЭРХ
  • 11:58
  • 2612
Гэрээт хилчин-Гэрэлтэй алба

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Тэд өөрсдийгөө жишиг залуус гэж танилцууллаа. Тодруулбал жишиг ангийн, жишиг заставын, жишиг гэрээт хилчдийн төлөөлөлтэй танилцаж байгаа нь энэ аж. Одоо танилцуулах гэж буй гэрээтүүдийн бахархал нь алба хааж буй Хилийн 0168 дугаар анги. Тэр тусмаа хилийн 0171 дүгээр салбарт үүрэг гүйцэтгэж байгаа нь тэдний хувьд нэр төрийн хэрэг гэсэн. Тав тухтай, сайхан орчинд албаа сайн хааж байгаа гэрээт хилчдийн сэтгэл зүйг тандахаар “Гэрээт хилчдийн амралтын өрөө” гэсэн хаалгыг тогшив. Ингээд өрөөний эзэд болох гэрээт хилчин, байлдагч О.Түвшинбаяр, Б.Галбадрах, Б.Мянганмягмар, Б.Давааням нартай танилцлаа. Гэрээт хилчдийн амрах өрөөг хэр тухтайг эхлээд сонирхов. Тэдний өмч болох нэгэн жигд модон ор, сейф, шүүгээнүүд харагдана. Шаландаа хоёр хивс эгнүүлэн дэвсчээ. Мань дөрөв мөнгөө нийлүүлэн хивс авсан гэнэ. Хивс дэвссэнээр өрөө нь илүү тухтай болсон гэж ярилаа. Мөн Чингисийн хөргөөр ханаа чимжээ. “Шилдэг гэрээт хилчин” туузыг ханандаа хадсан нь албаа амжилттай хаагаад буцсан ах гэрээт дурсгал болгон үлдээсэн гэнэ. “За танайд зочильё” гэвэл мань дөрөв сандарч байгаа бололтой өөд өөдөөсөө харан инээлдэв. Болоогүй нүдээрээ хоорондоо ирмэлцэж байна. Ингээд хоёр нь гарч одов. Нэг нь гал тогооноос чацаргана, нөгөө нь хаанаас ч юм хоосон байсан тавгаа чихрээр дүүргэн маасайтал инээсээр буцаж орж ирэв. “За хаанаас дээрэмдчихэв” гэж наргивал асуудалгүй гээд инээлдлээ. За ингээд цай ууж, идээг нь идсэн зочны ёсоор тэдэнтэй танилцав. Залуус хилийн харуулаас бууж ирээд гурав хонож байгаа аж. ХЦАХ-аас гэрээт хилчид нэг шат ахисан гэсэндээ тэд илэн далангүй, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлнэ. Магадгүй яриа хөөрөө сайтай дөрөвтэй ч таарсан уу бүү мэд. Тус өрөөний ах нар нь О.Түвшинбаяр, Б.Мянганмягмар хоёр. Нэг жил, нэг сар албаа амжилттай хааж байгаа аж. Харин өрөөний хамгийн отгон нь гэрээт хилчин, байлдагч Б.Давааням өнгөрсөн оны есдүгээр сард гэрээт хилчин болж тус салбарт томилогдон иржээ. Гэрээт хилчин, байлдагч Б.Галбадрахын хувьд заставт томилогдон ирээд таван сар болж байгаа гэнэ. Гэхдээ тэд бие биедээ ахархаж ихэрхээд байх зүйл үгүй. Нэгэн үеийн залуусын хувьд амь нэгтэй, их дотно болох нь яриа өрнөхөөс эхлээд мэдрэгдэв. 

Гэрээт хилчин, байлдагч О.Түвшинбаяр Дорнод аймгийн уугуул. Хилийн 0146 дугаар ангид хугацаат цэргийн албыг хааж байхдаа сайн дурын үндсэн дээр гэрээт хилчин болох шийдвэр гаргажээ. Гэрээт хилчний албыг Хил хамгаалах байгууллагын үндсэн бүрэлдэхүүнд орох бэлтгэл шат гэж тэрбээр дүгнэсэн байна. Тиймээс ч байгууллагад ажиллахын тулд бэлтгэлээ базааж эхэлжээ. Харин гэрээт хилчин, байлдагч Б.Давааням Увсын цэнхэр хязгаараас говьд ирж алба хааж байгаа аж. Өнгөрсөн жил бид Хилийн 0311 дүгээр ангид томилолтоор ажиллаж “Онц хилчин” байлдагчийн талаар нэвтрүүлэг бэлтгэх үеэр тэрбээр тус зураг авалтад оролцож байсан гэнэ. Энэ удаад ахин сурвалжлах багтай таарсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Увсад тэмээ унаж байгаагүй учраас говьд ирээд тэмээ унах гэж эхлээд жаахан хөглөж. Офицер болохын тулд эртнээс бэлтгэл хангахаар төлөвлөсөн нууцаа хуваалцав. “Хилийн цэрэгт өнгөрүүлсэн энэ хоёр жилд чадахгүй, мэдэхгүй гэх зүйлгүй ихийг сурлаа” гэж эр хүний ёсоор өөрийн сонголтоо жинтэйхэн бататгав. Айлын том хүү тэрбээр хоёр жил гэртээ хариагүй учраас энэ жилийн амралтаа тэсэн ядан хүлээж байгаа гэлээ. Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй учраас найзуудтайгаа нийлж өрөөгөө сайхан тохижуулахаар ярилцаж байгаа аж. Гэрээт хилчин, байлдагч Б.Мянганмягмарын хувьд Архангайн уугуул бөгөөд МСҮТ-д суралцаж байгаад цэргийн албанд татагджээ. Зэвсэгт хүчинд алба хаахдаа гэрээт цэргийн албыг судалсан байна. Зэвсэгт хүчинд алба хаасан учраас хил дээр үүрэг гүйцэтгэх нь зөв гэсэн дүгнэлтийг дотроо хийжээ. Хоёр хөөрхөн ихэр дүүгийн ах, айлын ууган хүү учраас хариуцлага хүлээн хилээ манаж байгаа нь энэ. Гэрээт хилчин, байлдагч Б.Галбадрахын хувьд элдэвтэй. Элдэвтэй гэдэг нь бүжиглэнэ, дуулна, жүжиглэнэ. Нөхдийнх нь тодорхойлсноор шүү дээ. Тэрбээр Хилийн 0146 дугаар ангид цэргийн алба хаажээ. Их сургуулиа төгсөн Дархан хотод “Хаан” банкинд теллерээр ажиллаж байсан туршлагатай. Тэр үед байрны зээл авч ажлаа, амьдралаа тохинуулж эхэлсэн байна. Харин тэрбээр теллерийн ажлаа цэргийн албаар солих шийдвэр гаргасан нь учиртай. Түүний эмээ хүүгээ цэргийн алба хаагаарай гэж захьчихаад тун удалгүй өөд болсон юм билээ. Ингээд эр хүний ёсоор эмээгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд цэргийн албанд явах шийдвэр гаргасан байна. Цэргийн алба таалагдаж цааш үргэлжлүүлэн гэрээт хилчнээр алба хаах шийдвэр гаргасан нь энэ. Ээж нь хүүгээ хорьж дургүйцсэн ч тэрбээр өөрийн шийдвэртээ үнэнчээр албаа сайн хааж байгаагаа дуулгалаа. Эхлээд говийн их халуунд шантрах үе байсан ч сар гаруйн дараа орчиндоо дассан гэсэн. Гэрээт цэргийн цалингаасаа байрныхаа зээлийг төлөлтийг хийж ээждээ тусалдаг. Тэрбээр өөрийн үрэлгэн зандаа дүгнэлт хийж хуримтлалын үнэ цэнийг мэдэрчээ. 

Ийнхүү залуустай ярилцаж суухдаа би халаасанд байсан бохио гарган дайллаа. “Тамхи татдаггүй учраас ингээд бохилчихьё” гээд тэдэнтэй хуваалцав. Хилийн харуулд байхдаа Б.Мянганмягмар, О.Түвшинбаяр хоёр тамхинаас гарахаар мөрий тавьж Б.Мянганмягмар ялж тамхинаас татгалзаад 14 хонож байгаагаа дуулгав. Хааяа тамхи татмаар санагддаг ч нөхөртөө өгсөн амлалтандаа хүрэхийн төлөө тэмцэж байгаа гэлээ. Хилийн салбарт бүхий л зүйл бэлэн учраас мөнгөний хэрэг төдийлөн гардаггүй тухайгаа ярив. Цалингаа буух үеэр амттан авч үүцэлдэг гэлээ. Манай дөрөв нэг айл болсоор өрөөндөө цаг, хувцасны өлгүүр, цайны аяга, халуун сав авчээ. Ганц тэсгээдэггүй зүйл нь цайны халуун сав гэнэ. Эрчүүдийн ширүүн дориун үйлдэлд нэг л мэдэхэд тас няс болгочихдог гэсэн. Өрөөнийх нь обой хэтэрхий хар бараан тул цэцэг навчтайгаар солихоор ярилцаж байгаа гэлээ. Амралтаараа явахдаа өрөөгөө тохижуулах зүйлсээ авчирахаар тохиролцжээ. “Хилийн харуул дээр хоол хийгээд сурчихсан уу?” гэвэл дөрвөн зэрэг “хоол асуудал биш” гэж маадгар хариуллаа. Манай дөрөв бид нартай суусан охидууд азтай гээд инээлдлээ. Үнэхээр өөрсөддөө итгэлтэй байх шалтгаан тэдэнд бий. “Бидэнд чадахгүй юм байхгүй. Анх гурил зуурч мэддэггүй байсан бол одоо гялалзуулна шүү дээ” гэлээ. 

Залуус бие бялдраа хөгжүүлэхэд анхаарч байгаа гэлээ. Учир нь тэдэнд давуу тал их бий. Бие биенийгээ сайн зөв зүйлд уриалж чаддаг. Нэгнээ магтаач гэвэл Б.Мянганмягмар, “Магтвал зөндөө. Манай Галаа хичээл сургалтандаа илүү сайн. Спорт тэмцээнд Түвшөө илүүрхэнэ. Аж ахуйн ажилдаа Давааням илүү” гэлээ. О.Түвшинбаярын хувьд волейболын болон жүдогийн нэгдүгээр зэрэгтэй аж. Тамирчин болох хүсэл тэмүүлэл нь хилчин болж хувирсан гэлээ. Б.Давааням хөлбөмбөгөөр багаасаа хичээллэсэн, Б.Галбадрах сагсаар илүүрхэх бөгөөд хокейн нэгдүгээр зэрэгтэй. Мөн бүжгийн спортоор хичээллэж гаргасан амжилт ч арвин. Энэ олон төрлийн эрдэм мэдлэг, туршлага, авьяас нэг дор цугласан учраас найз нөхөддөө харамгүй хуваалцдаг байна. “Манай хүн сэтгэлээрээ ш дээ. Аливаа ажилд уриалж үлгэрлэж чаддаг” гэж Б.Даваанямыг нөхөд нь магтлаа. Халуун дулаан яриа цааш өрнөсөөр. Хилийн цэргийн командлагч жишиг салбарын үйл ажиллагаатай танилцах үеэр үүрэг гүйцэтгэж таарсан нь нэр төрийн хэрэг байсан талаар тэд олзуурхан ярив. Жишиг ангийн, жишиг заставын, жишиг харуулын, жишиг гэрээт гэдэг нэрийг тэд эрхэмлэдэг талаар ярилаа. Тэднээс би жишиг гэх үгийг яагаад эрхэмлэж буй учрыг асуув. Сайн, сайхан үйл бүхнээр тэргүүлэх, манлайлах гэсэн утгаар тэд тайлбарлав. Олон залуус нэгэн дор зөрчилдөх асуудал гарах уу гэвэл О.Түвшинбаяр, “Нэг тогооноос хоол идэж байгаагийн хувьд бидэнд тэр энэ гэж ялгарах, ялгах зүйл байдаггүй. Бүхий л зүйл нь адилхан. Өмссөн хувцас нь ч ижил. Тиймээс манай салбарын гэрээтүүд маш сайхан харилцаатай” гэхэд нөхөд нь дэмжин толгой тохилоо. Залуус чөлөөт цагаараа хамтдаа бужигнаж, хамтаа хөгжилдөж, хамтдаа телевиз үзэх зэргээр ер нь хамтдаа л байвал сайхан байдаг гэсэн. Хүн бүр сард хоёр ном уншиж байгаа бөгөөд уншсан номынхоо талаар мэдээлэл хийж байгаа аж. Харин Галаагийн хувьд сүүлийн үед номонд тун хорхойсоод байгаагаа ярив. “Эх орны манаа” сонинд нийтлэгдсэн “Хагацашгүй” романыг уншаад өөрийн эрхгүй нулимс унагаснаа ярив. “Та миний шүүгээг үзэж болно. Хэдэн ном бий” гээд хувцасны шүүгээгээ уудлан сонирхуулав. Үнэртэй ус өмнөөс сэнхийнэ. Хил дээр үнэртэй усгүй гэрээт хилчин байхгүй гэлээ. Сэлгээний гангарааны хувцас, “Ногоон нүдэн лам”, “Санхүүгийн тайлан гаргах аргачлал” зэрэг номнууд харагдав. Тэдэнд уйдах зав алга. Энэ жил тус салбарын гэрээт хилчид сагсны болон хөлбөмбөгийн талбайг тохижуулахаар ярилцаж байгаа аж. Ангийнхаа 80 жилийн ойд хувь нэмрээ оруулах нь тэдний хүсэл. Ийнхүү гэрээтүүдийнхээ өрөөнд саатаж ярилцлаа. Дөрвөн бэрх гэж тодорхойлмоор санагдлаа. Гэрээт хилчин Б.Дорждагва, Т.Цагаандорж, Л.Сэдэд, Т.Гантогтох, С.Дэлгэрдалай нарын 10 гаруй гэрээт хилчдийн төлөөлөл болгож “дөрвөн бэрх”-тэй ярилцахдаа тэднээс эрч хүч мэдрэв. Хилд үүрэг гүйцэтгэж байгааг нь шүүмжлэх найз нөхөд байдаг ч залуусын хувьд өөрийн сонголтондоо чин үнэнчээр “хүний амьдралаар хүн амьдрахгүй шүү дээ” гэж бататгасан юм.

“Хилчин хүн байгаль орчиндоо ойр, монгол ахуйгаа хадгалан амьдардаг нь залуус бидэнд ихийг суралцах боломжийг олгодог. Бид малынхаа үржил шимийг авч чаддаг, арьс ширээ боловсруулж ашиглаж байна. Бид үхрээ саана, адуугаа нэг нь хашиж, унага татаж байхад нөгөө нь гүүгээ саах  жишээтэй. Ажил мэдэхгүй айлын эрх охиноос дээр дөө” гээд инээлдлээ. 

Ийнхүү залуустай ярилцаад суувал сэдэв өргөн, тэд ч чөлөөтэй сайхан ярилцах шинжтэй. Цэргийн албанд залуус буурь суусан нь аливаа асуултанд өгөх хариултаас нь илхэн. Мэдлэгийг хүн ямар ч хэлбэрээр хаанаас, хэнээс ч олж авч болох ч боловсрол хүмүүжлийг цэргийн албанаас л олж авч чаддаг гэж тэд хэллээ. Тэдний бахархал зүрхэнд нь шингэжээ. Нэгэнт зүрхэнд суусан боловсрол, сэтгэлд ургасан нахиаг юугаар ч солишгүй, орлуулашгүй. Энэ зүрх сэтгэлийн боловсролыг гэрээт хилчний албанаас тэд олж авч чаджээ. “Хаана ч, хэний ч дор орохгүй дээ бид” гэж даруухан хэрнээ бардам хэлэх жишиг залуусынхаа цаашдын амьдралын замд сайн сайхныг хүсэн ерөөе.