АХМАД И.ОКТЯБРЬ: МАНАЙ ӨРӨӨНД ОРЖ ИРСЭН ХҮМҮҮС ИХ САЙХАН ЭНЕРГИ АВЛАА ГЭДЭГ
  • 10:37
  • 4171
Хилийн 0168 дугаар ангийн СМССА-ны ахлах офицер, ахмад И.Октябрьтай ярилцлаа. Тус ангид томилолтоор ажиллахдаа нэг биш хүний амнаас түүний тухай олж сонссон юм. Түүний ажлын нөхцөл сонирхолтойгоос гадна өөрийнхөөрөө орчноо бүрдүүлжээ. Баримал, сийлбэр, селекон, элдэв хэвлэмэл зүйлс өрөөнд нь хөглөрч харагдана. Гитар ч бас байв. Ингээд түүний ажлын өрөөнд өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

Ахлах дэслэгч Б.Алтанцэцэг

-Таны ажлын өрөө аргагүй л студи гэсэн хаягандаа тохирсон дүр төрхтэй байна шүү? 

-Миний ажлын өрөө байнга нээлттэй. Хэн хүссэн нь орж гарч байдаг. Угаас би эмх замбараагүй байдалд дуртай. Дуртай гэхээр бас өрөөсгөл юм болов уу. Их ажлын дунд ингэж хөглөрч суух нь надад таалагддаг. 

-Уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат. Аав ээж минь сэхээтэн гаралтай насаараа боловсролын байгууллагад ажилласан хүмүүс. Эцэг эхээс зургуулаа. Нэг эгчтэй, бусад нь харчууд. Хүүхэд нас Хэнтий аймгийн төв дээр өнгөрсөн гэж хэлж болно. Баянмөнх сумын найман жилийн сургуулийг төгссөн. Учир нь манай аав тус сумын засаг даргаар томилогдон ажилласан учраас шилжиж таарсан юм. Улмаар аравдугаар ангиа одоогийн “Тэмүүжин” цогцолборыг дүүргэж Соёлын дээд сургуулийг соёлын менежер чиглэлээр суралцан төгссөн. Ер нь багадаа зурах, дуулах дуртай хүүхэд байлаа. Товчхон танилцуулахад ийм. 

-Таныг Халх голын Хилийн 0198 дугаар ангид ажиллаж байсныг мэдэх юм байна. Анх цэргийн байгууллагад хэрхэн хөл тавьж байв? 

-Энэ өндөр босготой том айлд орж чадсандаа би одоо ч баярлаж явдаг. 2005 онд цэргийн зарлан ирлээ. Ингээд Халхголын Хилийн 0198 дугаар ангид хуваарилагдан цэргийн алба хаасан. Манай аавын Халхголд ажлаар очихдоо авахуулсан зураг манай гэрт байдаг байсан юм. Тэр зургийг хараад энэ сайхан газар очиж үзэх юмсан гэж багадаа хүсдэг байлаа. Энэ хүсэл минь санаандгүй биелэлээ ингэж олсон. Цэргийн албанд татагдахдаа соёлын чиглэлийн мэргэжил эзэмшсэн нь ихээхэн нэмэр болсон. Тухайн үед хурандаа Д.Гантөмөр ангийн захирагчаар ажиллаж байлаа. Цэргийн алба хаах хугацаанд “Халх голын өглөө” хамтлагт даралтат хөгжимчний үүрэг гүйцэтгэсэн. Олон тэмцээн уралдаанд оролцож, манай хамтлаг ч амжилт дүүрэн байсан. Цэргийн алба дурсамж дүүрэн сонирхолтой өнгөрсөн гэж хэлж болно. Гэхдээ би чинь цэргийн албанаас 2005 онд халагдчихаад эргээд очсон хүн шүү дээ. 

-Яагаад?

-Цэрэгт алба хаасан нэг жил амьдралд тодхон үлдэх дурсамж дүүрэн хугацаа байсныг халагдаад ойлгосон юм. Ажиллаж байсан хамт олон, тэр зүүн хязгаар нутаг надад үнэхээр сайхан дурсамжийг үлдээсэн. Хилийн цэрэгт алба хаасан нь нэр төрийн хэрэг байв. Би цэрэгт явахаасаа өмнө унтсан ороо ч хураалгүй тэнээд явчихдаг зоргоороо залуу байлаа шүү дээ. Ах намайг цэрэгт очоод яана даа гэж зэмлэдэг байж билээ. Цэргийн албанд үнэхээр ихийг сурсан. Улмаар 2007 онд ангийн ойн тоглолтод оролцохыг урьсан нь надад сэдэл болсон. Илүү ихээр ангидаа татагдаж ажиллах хүсэлтэй байгаагаа тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан Ш.Лхачинжав даргад уламжлахад дэмжиж хүлээж авсан. Ингээд 2008 онд ахлагчийн эгнээнд элсэн орж байлаа. Энэ хугацаанд хөгжимчин, соёлын төвийн дарга, СМССА-ны ахлах албан тушаалуудад ажилласан. “Халх голын өглөө” хамтлагийнхантайгаа хамтран олон сайхан уран бүтээл туурвисан. 

-Танай хамтлаг 2010 онд зохион байгуулагдсан “Хилчдийн урлагийн наадам”-д маш хүчтэй өрсөлдөгч байсныг тодхон санаж байна? 

-2010 оны “Хилчдийн урлагийн наадам”-д “Халх голын өглөө” хамтлаг II байр эзэлсэн юм. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд манай хамтлаг энэ наадмаар танигдсан гэж боддог шүү. 

-Хилийн 0168 дугаар ангид хэдэн оноос шилжин ирж ажиллаж байгаа вэ? 

-Хилийн өөр ангид ажиллаж үзэх хүсэл эрмэлзэл надад байсан. Тиймээс өөрөө хүсэлт гаргасан. Ингээд тус ангид 2015 онд томилогдон ирсэн. Алдар түүхтэй сайхан ангиас домогт ангид шилжин ирж ажиллах болсондоо одоо ч баярладаг. Ангийн удирдлага дэмжсэний хүчинд урлаг соёлын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Хилийн 0168 дугаар ангид ирээд эстрад хөгжмийн “Аранзал” хамтлагийг байгуулсан. Хамтлаг маань аймаг орон нутагт байгууллага, анги хамт олны үйл хэргийг удаа дараа амжилттай сурталчилж байна. 2018 онд зохиогдсон “Хилчдийн урлагийн наадам”-ын эстрад дууны төрөлд говь цөлийн бүсдээ тэргүүлсэн.  

-Таныг сийлнэ, хайчилна, зурна гээд тун гарын ур дүйтэй гэх юм билээ? 

-Багадаа З.Баярмагнай гэж мундаг хүний шавь болж зурах хүсэл сонирхлоо хөгжүүлсэн азтай хүн. Хожим хэрэг болох үе ирдэг юм байна. Урлаг хөөгөөд зурах, сийлэх эрдмээ нэг хэсэг хаясан. Харин сүүлийн үед өөрийгөө өөрчилье, хөгжүүлье гэж бодон эргээд сэргээж явна. Ангийн захирагч, хурандаа П.Батбилэг ажиллах бүхий л орчин, боломж нөхцлөөр хангаж өгдөг. Тиймээс ч сүүлийн хэдэн жил гараар урлах, сийлэх ажилдаа багагүй анхаарал хандуулж байна. 

-Таны гол хийсэн ажлуудыг ангийн бүтээн байгуулалтаас харж болох юм билээ. Ангийн төвийн гэрэлтүүлэг, хаяг хот хүрээ газраас дутуугүй маш сайхан сүртэй харагдаж байсан?

-Ангийн хаяг гэрэлтүүлэг, Цэргийн гавьяаны одонг хийсэн. Штабын үүдний хүндэтгэлийн хэсэг болоод өрөө тасалгааны тохижилтын ажлууд гээд хийсэн зүйл багагүй бий. “Гэрээт хилчин гэрэлтэй алба” гэсэн хаягийг та бүхэн харсан байх. Есөн өрлөгийн зураг болоод ангийн цэцэрлэгт хүрээлэнгийн сул хээр морь болон сүлдэт баганын зураг дизайныг гаргасан. Энэ бүхнийг ангийн хамт олон үнэлж, дэмждэг нь надад урам зориг өгдөг.

-Хотод ийм хаяг гэрэлтүүлгийг мэргэжлийн байгууллага л гардан хийдэг шүү дээ. Харин хилийн ангид нэг хүний хөдөлмөр зүтгэлээр энэ бүхнийг хийж бүтээж байгаагаар бахархах сэтгэл төрж байна шүү?

-Оюутан байхдаа буюу 2001 онд “New sign” гэж рекламны компанид ажиллаж байлаа. Монголын анхдагч рекламны компаний нэг л дээ. Эх бэлтгэлийн чиглэлээр энд багагүй зүйлийг суралцсан. Улмаар энэ дадлаа бататган “168” нэртэй студи байгуулан ажиллаж байна. Ангийнхаа хэвлэл, дизайны чиглэлийн бүхий л зүйлийг манай студи хийдэг. Нөгөөтэйгүүр материаллаг бааз нь байхад хийх нь үүрэг гэж боддог. Ганц би биш хамт олонтойгоо хамтарч хийж бүтээдэг. 

-Хэвлэлийн ямар програмууд ашиглаж байна вэ?

-Гол програм нь фотошоп, корел дизайн, индизайн. Манай сумд 4G сүлжээ  орсон  болохоор ажлаа хийхэд урамтай сайхан байна. 

-Ер нь материал байхад та ихийг хийж бүтээх бололтой шүү?

-Хилийн 0168 дугаар ангийн давуу тал гэж байна л даа. Хилийн боомттой дээрээс нь Эрээн хот ойрхон учраас материалын тал дээр хүндрэл гараад байдаггүй. Удирдлагаас дэмжиж материал болоод техник хэрэгслээр бүрэн хангадаг учраас ажиллахад урамтай байдаг. Жаазны үйлдвэр мөн байгуулсан. 2018 онд баримлын чиглэлээр хоёр сарын сургалтад сууж ихийг сурсан нь хэрэг болж байна. Тус сургалтад хамрагдсанаар сувинер, гипсэн цутгамал зэргийг төвөггүй хийчихдэг болсон шүү. 

-Ямар материалыг түлхүү ашиглаж байна вэ?

-Сийлбэр хийхдээ модноос илүүтэй PVC гэх материалыг түлхүү ашиглаж байна. Маш хөнгөн, хуш мод шиг ширхэггүй учраас сийлбэр их сайхан гарч өгдөг давуу талтай. Үзэмжтэй материал л даа. Би танд үзүүлье. /Уг  материалыг зүсэж, сийлж үзүүлэв.сур/ Өнгө авахдаа сайн, гарын аясаар ашиглахад хөнгөн уг материалтай “найзлаад” урамтай байгаа. Монголд энэ материалаар сийлбэр хийдэг хүн байдаг эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. 

-Халх голд ажиллаж байхдаа та уран бүтээлд түлхүү анхаарч байсан бол тус ангид өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа юм болов уу гэж бодогдлоо? 

-Аль алийг нь орхихгүй байхыг хичээж байна. Хилийн 0168 дугаар анги гэрээт хилчний албанд бүрэн шилжсэн. Тиймээс ч “Хилчин гэрээт” дуунд аялгуу хийсэн. Ахлагч Ж.Ариун-Олдтой хамтран “Хилчдийн цуурай”, “Хилчин ахлагч” зэрэг уран бүтээлийг гаргалаа. Дэд хурандаа н.Очирсүхийн үг “Одонт отряд” гэж дуу бий. Энэ жил эр цэргийн баяраар өөрийн уран бүтээлийн цэнгүүнийг анги хамт олондоо хүргэх бодол бий. Ингэхэд би гэр бүлээ ярихаа азнаад ажлаа их яричихлаа. Гэр бүлээ танилцуулж болно биз дээ? 

-Бололгүй яахав? 

-Манай гэр бүлийн хүнийг Д.Гэрэлтнаран гэдэг. Ангийн архив, бичиг хэргийн хөтлөгчөөр ажилладаг. Бид 2008 онд гэр бүл болж байлаа. Халх гол сумын бүсгүй. Манай эхнэрийн талынхан Хилийн цэрэгт ажиллаж байсан хилч удамтай хүмүүс. Бид хоёр охинтой. Халиун, Хулан гэдэг. Миний хань намайг бүтээл туурвих тал дээр их ойлгож дэмждэг. Тиймээс ч би ажлаа дур сонирхолтой хийж чаддаг. 

Энэ зуурт ангийн хүн эмнэлгийн албаны ажилтан буцалгаж хандалсан данхтай тэхийн шээг барьсаар орж ирэв. Бие бүрэлдэхүүнийхээ эрүүл мэндэд анхаарч долоо хоног тутамд ийнхүү эмийн ургамал болон амин дэмээр баялаг халуун уух зүйлээр үйлчилдэг байна.

-Өнөөдрийн тухайд та яг ямар ажил дээр ажиллаж байна вэ?

-Ангийн бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор караоке танхим байгуулж байгаа. Энэ танхимын дотор тохижилтыг хэрхэн хийх вэ гэж бодож зураг төслийг нь гаргаж сууна. Акустик хавтангаар доторлохдоо зүгээр л тогтоочихыг хүсэхгүй байна. Аль болох шинэлэг шийдэл оруулах санаатай толгойгоо гашилгаж сууна даа. 

-Энэ онд ангийн түүхт 80 жилийн ой тохиож байгаа шүү дээ. Тиймээс хийх ажил их байх?

-Байгууллагын шинэ дүр төрхийг бий болгох мөн ангийн бие бүрэлдэхүүний албаны мэдлэг, мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх зорилтын хүрээнд хүн бүр суралцах, хөгжих басхүү өөрийгөө өөрчлөх тал дээр манай хамт олон санал нэгдсэн. Ангийн ойд хувь нэмрээ оруулах нь миний үүрэг. Энэ онд уран бүтээлээ дүрсжүүлэх, олон нийтэд хүргэх төлөвлөгөө бий. 

-Танай студи надад их сайхан амралт бэлэглэлээ? 

-СМССА-ны ахлах офицерууд над шиг тусдаа өрөөтэй байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн л ангийн удирдлагын дэмжлэг. Манай өрөөнд хүмүүс орж ирэх их дуртай. Яг тань шиг сайхан энерги авлаа гэдэг. Магадгүй хэвлэмэл зураг хөрөг их учраас оюун тархийг нь бага ч болтугай амраадаг байх. Ер нь миний  өрөөний хаалга ямагт нээлттэй. Аль болох өрөөндөө нээлттэй, чөлөөтэй байхыг ч хүсдэг. Харин студийн хувьд энэ хэв загвараар удчихлаа. Цаашид өөрчлөх бодол бий. Хэвлэсэн зүйлээ ханандаа хамаагүй наачихдаг байсан. Цаашид арай өөрөөр тохижуулах бодол надад байна. Би ер нь цэмцийгээд байдаг хүн биш. Өрөө минь оволзож хөглөрч байх нь надад сайхан. Уг нь цэгцэлдэг юм. Өчигдөрхөн янзалсан байгаа нь энэ шүү дээ. Гэхдээ эргээд л хөглөрчихдөг. Гэхдээ би өрөөнөөсөө ажлын эрч хүчээ олж авдаг. 

-Уран бүтээлч хүмүүст удирдлагын дэмжлэг, итгэл үнэхээр чухал. Хамгийн гол нь ажлаа ойлгуулах явдал байх? 

-Яг тийм. Манай ангийн захирагч надаас, “За өнөөдөр юу хийж байна?” гэж асуудаг. “Юмгүй дээ” гэж би хариулахыг хүсдэггүй. Тиймээс ч өдөр бүр өөрийгөө ажилтай байлгахыг хүсдэг. Залуу хүн завтай байна гэдэг гутамшиг. Энэ үгийг утсаар оролдож суугаа, хийх байхаа олж ядсан зарим нэг хүнд хэлчихдэг. Байгууллага таниас үнэртдэг байх ёстой гэж би хаа нэгтээ уншиж байсан. Би энэ байгууллагаас цалин авч байгаа. Тиймээс миний өрөөнд орж ирэхэд ангийн ажил үйлсийн нэгээхэн хэсэг харагддаг байгаасай гэж хүсдэг. Миний эрхэлж байгаа ажил үйлс сонирхолтой, сайхан энерги шингэсэн учраас бахархал дүүрэн байдаг.  

-Та “баян” юм аа. Хэдэн янзын принтер, аппарат гээд бүхий л техник хэрэгсэл байна шүү дээ. Манай албанд л гэхэд зарим нь байхгүй эд байна? 

-Удирдлагаас дэмждэгийн л илэрхийлэл. Хаана ч ажилласан мундаг дарга нарын итгэл дэмжлэгээр би урам зориг дүүрэн ажиллаж ирсэн. Үүндээ ч их баярлаж явдаг. Амжилт бол дэмжлэгийн хүч гэж боддог. Хурандаа Д.Гантөмөр, Н.Ганболд, Ц.Батбаатар, хошууч генерал Ш.Лхачинжав нарын үе үеийн дарга нартаа их баярладгаа энэ дашрамд хэлмээр байна. Урлагийн мэдрэмжтэй дарга нартай ажиллахад урамтай сайхан шүү. Хөгжим техник хамгийн сайныг нь авч өгнө, цаг зав гаргаж дэмжинэ. Тухайн албаны, хүний ажлыг ойлгож хүндлэхээс илүү дэмжлэг гэж юу байхав. 

-Таны цаашид суралцахаар, өөрийгөө хөгжүүлэхээр төлөвлөсөн чиглэл гэвэл? 

-Би шингэн байдлаас шил шиг болж хувирдаг гоёл чимэглэлийн төрлөөр суралцахыг хүсэж байгаа. Epoxy resin гээд бэлэг дурсгал, сувинер хийхэд их тохиромжтой материал л даа. Мөн акустик хавтангаар бүтээл хийж сурах сонирхолтой байгаа.