ДАНХ ТОЛГОЙН ТҮҮХ БУЮУ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН МӨРӨӨР
  • 11:21
  • 2442
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ 75 ЖИЛИЙН ОЙД

 Ахмадын хороон дарга Ж.Адъяасүрэн

УБТЗ-ын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн Д.Лхагвасүрэн

Хилийн 0108 дугаар ангийн удирдлагын дэмжлэгтэйгээр тус ангийн ахмадын хороо, Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хувьсгалт залуучуудын эвлэл /хуучин нэрээрээ байгуулагдсан/-ийн хорооны ахмад ажилтны холбоотой хамтран Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг угтаж “1945 оны чөлөөлөх дайны ялалтын мөрөөр” сэдэвт цуврал үйл ажиллагааг зохион байгуулах санаачилга гаргасан билээ. Уг үйл ажиллагааны нээлт нэгдүгээр сарын 15-ны өдөр Данх толгой нэртэй газар болсон юм. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ангийн захирагчийн орлогч, СМССА-ны дарга, дэд хурандаа Г.Цогтбадрах, салбарын захирагч, хошууч Т.Дэлгэрмөрөн, хилчин дайчдын төлөөлөл, чөлөөнд байгаа ахмад хилчин Ж.Адъяасүрэн, Д.Сэдэд, Я.Батмөнх, Ё.Эрдэнэцогт, М.Ширмэнбаатар, УБТЗ-ын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн “Хүндэт төмөр замчин” Д.Лхагвасүрэн болон оюутан, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Тус газар оронд 1943 оны есдүгээр сард дэслэгч Жамбаа ахлагчтай таван хүний бүрэлдэхүүнтэй хилийн манаа үүрэг гүйцэтгэх үеэр автомашин уналгатай зэвсэглэсэн таван Япон хил зөрчин орж ирснийг илрүүлжээ. Улмаар хоёр хилчинг Хар овооны хилийн пост руу мэдээ хүргүүлэхээр явуулж Жамбаа, Данх нарын гурван хилчин тэдний эсрэг тэмцэл явуулсан байна. Нэгийг нь саатуулж, хоёр нь газар дээрээ амь үрэгдэж, үлдсэн хоёр нь зугтжээ. Энэхүү тулгаралтын дараа эрэлхэг хилчдийг төр засгаас Байлдааны гавьяаны одонгоор шагнасан түүхтэй. Гавьяа байгуулсан хилчин байлдагч Данхын нэрийг алдаршуулах зорилгоор тус газрыг Данх толгой хэмээн нэрийджээ. Данх толгойд 1976 онд залуучуудын байгууллага хамтран “Хилчин-Замчин залуучуудын тойрон аялал”-ыг зохион байгуулж, анхны аялалд оролцсон залуучууд дурсгалын самбар босгож, залуучууд эвлэлдэн нэгдэж хил хамгаалах ариун үйлсэд гар бие оролцож байсан байна. 

Ахмад хилчин Ё.Эрдэнэцогт 1943 онд тус газар нутагт болсон үйл явдал, 2016 онд тус ангийн 90 жилийн ойд зориулан ахмад хилчдийн санаачилгаар бүтээн босгосон дурсгалын хөшөө, Пагжий бурхны тухай, УБТЗ-ын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн Д.Лхагвасүрэн 1976 онд “Хилчин-Замчин залуучуудын тойрон аялал”-ын үеэр босгосон дурсгалын самбарыг хилчин дайчдад тайлбарлан, хүндэтгэлийн зураг татуулав. Хилийн 0108 дугаар ангийн удирдлага, ахмадын хороо болон УБТЗ-ын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны удирдлага хамтран зөвлөлдөж, Чөлөөлөх дайны 75 жилийн ойн хүрээнд "Хилчин-Замчин залуучуудын тойрон аялал", чуулга уулзалтыг сэргээх, түүхэн үйл явдлын гэрч болсон хөшөө дурсгалыг засаж тохижуулах, хилийн салбаруудын болон төмөр замын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болов.