ДЭД ХУРАНДАА Х.БАТ-ОРШИХ: МЭС БАРЬСАН ЭМЧИД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ
  • 09:36
  • 6423
ТТАХНЭ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, дэд хурандаа Х.Бат-Оршихтой ажлынх нь онцлогийн талаар ярилцлаа.

Дэслэгч М.Уранбайгаль

-Өнөөдөр таныг дагаж мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Та яагаад мэс заслын эмч болохоор шийдсэн юм бэ гэж хамгийн түрүүнд асуумаар санагдлаа?

-Би хотын хүүхэд. Аав минь намын даалгавраар 1985 онд Дархан руу ажиллахаар болж, ЕБС-аа би тэнд төгссөн. Харин ээж эмнэлгийн мэргэжлийн хүн. Хуучнаар  III эмнэлэгт эрдэм шинжилгээний туслах, бага эмчээр ажилладаг байсан. Эмч болох сэдэл хар багаас төрсөн болов уу. Би математик, физик гэхээсээ илүү химийн хичээлдээ сайн байлаа. Аравдугаар анги төгсөх жил хүүхдүүдийг сурлагаар нь жагсаахад би химийн шалгалт суурилсан группдээ орж чадаагүй. Тиймээс нэг жил ажил хийхээр шийдэн Сот-1 буюу барилга трестэд слесарь гагнуурчин хийлээ. Дараа жил нь Анагаах ухааны их сургуульд шалгалт өгч орсон юм. Гэхдээ эхний жил асрагч хийдэг. Ээж минь холыг зорьсон хүн нэг жил асрагч хийхэд зүгээр гэж хурцалсан тул би эмч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Сургуулиа 1993 онд төгсөөд Дарханы Эрүүл мэндийн газарт очсон юм. Тэнд мэс заслын эмчийн орон тоо байсангүй. Би зөвхөн мэс заслын эмч болох хүсэлтэйгээ хэлэхэд Шарын гол сумын нэгдсэн эмнэлэг рүү явуулав. Тэндээ гэрээ ёсоор гурван жил ажиллаад Дундговийн нэгдсэн эмнэлэгт 1999 оныг хүртэл мэс заслын эмчээр ажилласан. Ингээд 2000 онд ТТАХНЭ-т орж, 20 дахь жилдээ ажиллаж байна. Тасгийн эрхлэгчээр 2012 онд томилогдсон.  

-Эмч хүн сурч дуусдаггүй. Ажил, мэргэжил нь ч суралцахыг шаардаж байдаг онцлогтой. Таны хувьд хэрхэн мэргэжил дээшлүүлэв?

-Би 1993 онд АУИС-ийг хүний их эмч, 1994 онд эмнэлгийн мэргэжил дээшлүүлэх институтын мэс заслын курс, 2002 онд хэвлийн хөндийн дурангийн мэс заслын курст суралцсан. Мөн мэргэжлийнхээ дагуу БНХАУ, БНСУ, Австри улсад тус тус суралцсан. 

-Анхны хагалгаа?

-Шарын гол суманд долдугаар сарын 01-нд томилогдон очиж байлаа. Эхний долоо хоногт хагалгаа хийлгэхээр нэг ч хүн ирсэнгүй. Мэргэжилдээ дур сонирхолтой, залуухан эмч хийх ажилгүй суухад эхэндээ байж ядсан. Гэтэл нэг орой олгойны хагалгаа хийхээр боллоо. Тэр үед зөвхөн новкиноор хэсгийн мэдээ алдуулалт хийдэг. Мөн хагалгааны үед өмсөх бээлий гэж байсангүй. Гараа угааж байгаад хагалгаагаа хийлээ. Амжилттай болсон. Тухайн үедээ баатар болчих юм шиг л санагдсан. Хэд хоногийн дараа дахин олгойны хагалгаа хийлгэх өвчтөн ирсэн. Хагалгаа хийсэн боловч олгойгоо олсонгүй. Бүтэн цаг ноцолдоод чадаагүй тул буцааж оёод 70 гаруй км явж Дарханы эмнэлэгт хүргэсэн юм. Дарханы мэс заслын эмч хагалгаанд хамт ор гэв. Гэтэл байрлал нь өөр, наалдацтай байсан учир би олоогүй юм билээ. Ингээд долоо хоног тус эмнэлэгт дадлагажаад буцсан.  

-Хүний биед мэс хүргэх аймаар биш үү?

-Аймхай хүн мэс заслын эмч хийж чадахгүй. Бас хэт муйхар зориг байгаад ч хийж чадахгүй. Мэдээж эхний оролдлого бүр хэцүү. Гэвч хагалгаа болгоны дараа улам туршлагажиж байдаг. Сургуульд мэс заслын эмчээр суралцаж байгаа оюутнуудын сэтгэл зүйг бэлдэнэ гэж байхгүй. Амьтан дээр хагалгаа хийж дадлагажуулна. Багшийн удирдлага дор унтуулж, оёдол тавьж, хэвлийг нээж, эд эрхтэнийг олж сурна шүү дээ. Ингэж байхдаа л айдсаа дардаг.

-Амьтны эд эрхтэн хүнийхтэй адилхан уу? 

-Ерөнхийдөө төстэй. Хамгийн адилхан нь гахай.  

-Хагалгаанд орох өвчтөнүүдийн ар гэрийнхэнд хагалгааны заалтыг нарийн тайлбарлаж байгаа харагдлаа?

-Тэгэлгүй яахав. Мэс засал гэдэг тоглоом биш. Өвчтөнүүдийнхээ болоод ар гэрийнхнийх нь сэтгэл зүйг бэлдэнэ. Хөнгөн хагалгааны хувьд гайгүй. Харин амь насны заалттай хагалгаа хийгдэх үед яагаад орох ёстойг, орсон ч гэсэн эрсдэл үүсэж болохыг нарийн тайлбарлаж өгдөг. 

-Мэс заслын эмчийн ажил мэргэжлийн онцлог, бас эерэг тал нь?

-Мэс заслын эмчид залгамж чанар их чухал. Шат дараалан энэ чиглэлээрээ ажиллаж, суралцаж мэдлэг ур чадварын хувьд туршлагажсан хүн хагалгааг удирдан явуулна. Мөн гарын эв дүй, мэдрэмж, сэтгэн бодох чадвар сайн байх хэрэгтэй. Мэс заслын эмч нарыг харж байхад ихэвчлэн хүйсийн хувьд эрэгтэйчүүд байдаг. Энэ нь тэдний ачаалал даах чадвартай холбоотой. Мэс засал хийлгээд эдгэрсэн өвчтөн “Баярлалаа” гээд эмнэлгээс гарахыг харахад мэргэжлээрээ бахархдаг.

-Та ажил мэргэжлийнхээ хувьд ур чадвартаа сэтгэл ханачихсан уу?

-Мэдээж үгүй. Илүү ихийг хийх хүсэл байна. Өөрөө хийж чадахгүй ч шавь нартаа, залуу боловсон хүчиндээ сургачих хүсэл байдаг. Техник технологи хөгжсөн энэ үед алсын удирдлага бүхий робот мэс заслыг хийж үзэхийг боддог. Гэхдээ Монголд энэ мэс ажилбар хэзээ орж ирэхийг хэлж мэдэхгүй. 1987 онд дэлхийд анхны дурангийн хагалгаа хийсэн байдаг. Харин манай улсад долоон жилийн дараа энэ төрлийн мэс заслыг нэвтрүүлсэн. 

-Таны гарын шавь?

-Яг өөрөө гардаж мэс заслын эмч болгосон таван сайхан залуу бий. Тэдний дөрөв нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. 

-Залуу эмч нартаа мэргэжлийн ур чадвараас гадна ямар чанарыг өвлүүлэхийг зорьдог вэ?

-Хүн чанартай байж, эмчийн ёс зүйг баримтлах нь чухал. Эмчийн ёс зүй гэж том ойлголт. Тухайлбал, эмч эмчтэйгээ харилцах, эмч сувилагчтай харилцах, эмч өвчтөнтэй харилцах харилцааны ёс зүй гэж байна. Үүнийгээ нарийн баримтлах ёстой. Ялангуяа мэс заслын эмч багаар ажилладаг. Нэг хагалгаанд 3-4 эмч орно. Хоорондоо таарамжгүй бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй эмч нар хагалгаанд ороход амжилттай болдоггүй. Тиймээс би эмч нарыгаа хүн чанартай байж, харилцаа хандлагын хувьд эерэг байхыг захидаг. 

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө бүр 08.00 цаг гэхэд ажил дээрээ ирнэ. Тэгээд тасгаар явж өвчтөнүүдээ үзээд төлөвлөгөөт хагалгаандаа орно. Хагалгаа багатай өдөр 17.00 цагт тарна. Хагалгаа ихтэй өдөр бол 22.00 цаг хүртэл суух нь бий. 

-Хамгийн удаан үргэлжилсэн хагалгаа?

-Тасралтгүй зургаан цаг зогсож байсан. 

-Ажиллах хугацаандаа хэдэн хүнд хагалгаа хийв?

-Тооноос чанар руу гэдэгчлэн хагалгаа бүр туршлага суулгаж байдаг. Би 2004 оноос дурангийн хагалгаа хийж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 9000 хүнд хагалгаа хийсэн байна. Нээлттэй хийгдсэн хагалгааны хувьд тоогоо алдсан. Мэс засалч хүн үхэн үхтлээ суралцаж байдаг. 

-Хагалгааны үед баримталдаг зарчим?

-Мэдээж хагалгаа бүрийг хариуцлага дагаж байдаг. Би чадна гэж өөртөө хэзээ ч барддаггүй. Заавал хамт орсон багийнхаа эмч нартай ярилцаж, тэднийхээ санаа бодлыг асууна. Бидэнд алдах эрх байхгүй. 

-Дурангийн болон нээлттэй хагалгаа хийхэд эмчийн ур чадварт ямар нэгэн ялгаа гарах уу?

-Үгүй ээ. Хагалгаа хийж байгаа багаж нь өөр болохоос ур чадварын хувьд яг  адилхан. Дурангийн хагалгаа манай улсад бүрэн хөгжиж байна. Элэг, бүдүүн гэдэс, ходоодыг дурангаар тайрч байна. Энэ нь ч давуу тал ихтэй. 

-Эдгэрээд гарсан хүн бүр “Баярлалаа” гэх сэтгэлийн үгийг хэлдэг. Тэгвэл өвчтөнөөсөө авсан хамгийн сайхан урам юу байв?

-Хагалгаа амжилттай болохоос илүү сайхан зүйл хаа байхав. Нэг удаа настай эмээд хагалгаа хийсэн юм. Эмээ эмнэлгээс гарахдаа өөрийн гараар ерөөл бичиж өгсөн. Яг одоо ширээн дээр минь нэгдүгээр сарын 24-ний өдөр манай эмнэлгээр үйлчлүүлсэн Д.Содном, Т.Ширхүү нарын бичсэн магтаал байна.  

-Эмч хүнд хамгийн харамсалтай үе бол өвчтөнийхөө амийг аварч чадалгүй алдах тохиолдол. Танд тийм үе байв уу? 

-Бий. Залуу ч байж дээ. Шарын гол суманд ажиллаж байхад нэг залуу дунд чөмгөөрөө нүүрс зөөвөрлөдөг машинд дайруулаад хүргэгдэж ирсэн юм. Өнөөх залуу өвдөлтийн шоконд ороод цус алдчихсан. Манай эмнэлгийн эмч нар анхан шатны тусламжийг үзүүлээд Дарханы эмнэлгээс тусламж дуудах хооронд тэсэлгүй өнгөрчихсөн юм. Би маш их харамссан. Өөрийгөө ч их буруутгасан даа. Ядаж тэр үед унтуулгын эмчтэй байсан бол өвдөлтийн шоконд оруулахгүй байсан. 

-Тэр тохиолдол өнөөдөр давтагдвал та аварч чадах уу?

-Чадна. Одоо бол ажлын туршлага байна. Бас эмнэлгийн зүгээс авах арга хэмжээнүүд ч хэд дахин сайжирсан шүү дээ. Би хөдөө өвөө, эмээ дээрээ өссөн. Намайг нэгдүгээр ангид байхад өвөө минь мориноос унаад хавиргаа хугалчихсан. Хавирга нь уушгиа гэмтээсэн тул аймгийн эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч аварч чадаагүй. Өнөөдөр энэ зэргийн гэмтлийн үед өвчтөний амь насыг бүрэн аварч чадаж байна. 

-Мэс заслын эмч хүн өөрийн дотны хүмүүстээ хагалгаа хийж чаддаг уу?

-Найз нөхөд, хамаатнууддаа бол хийж байсан. Гэхдээ бүр хайртай хүмүүстээ хагалгаа хийхэд сэтгэл зүйн хувьд чаддаггүй. Тиймээс өөр эмчээр хийлгэх үе байна. 

-Хагалгааны явцад ар гэрийнхэн нь хамт орох тохиолдол байдаг уу? 

-Байна. Өвчтөний ар гэрийнхэн хагалгааны өрөөнд байхад эмчид хэцүү санагддаг. Дундговьд байхдаа нэг настай хүүхдэд эвэрхийн хагалгаа хийж байсан юм. Манай эмнэлгийн даргын дүүгийн хүүхэд байсан. Хажууд зогсоод “Ингээд болоо юу?” гээд дахин дахин асуухад эвгүй л санагдаж байсан. Одоо зарим хүнд хагалгааны үед ар гэрийнхнийг нь оруулж харуулаад гаргадаг. Ер нь бусдын хяналтан доор хагалгаа хийх хэцүү. Мөн бид зэрэг ахиулах шалгалтын үеэр хагалгааг томилогдсон эмч нарын багийн өмнө хийдэг. Өдөр тутамд хийдэг ажил хэдий ч яг олны нүдэн дээр хагалгаа хийхэд багахан сандрал мэдрэгдэнэ. 

-Хос тангарагтай хилчин эмч байхын жаргал?

-Би хилээр тэр бүр явж байсангүй. Шаардлагатай тохиолдолд дуудлаганд явна. Мэс заслын эмч нарын хувьд хагалгаанд багаар ордог болохоор тасгаас эмч дутуу үед ачаалал ихэсдэг. Харин 2017 онд зүүн хилээр нэг сарын хугацаатай бүтэн тойрсон. Ингэж явахдаа хилийн анги, салбар, харуул, малын суурь бүрээр орж, хилчидтэйгээ уулзаж байхад сэтгэл маш их хөдөлсөн. Бид бүхний амгалан тайван ажиллаж амьдрах нөхцлийг хил дээр зогсоо хилчин эрс хангаж байгааг хараад тэднээр бахархсан. 

-Хилийн ангийн эмнэлгийн үйл ажиллагаа ямар санагдсан бэ? 

-Хилийн 0132 дугаар ангийн эмнэлэгтэй танилцсан. Сайхан том эмнэлэг байна билээ. Зүүн бүсийн хилийн ангиас өвчтөнүүдийг заавал нийслэл рүү тээвэрлэх шаардлагагүйгээр тэнд нь эмчилж болмоор санагдсан. Өвчтэй хүнийг хол замд авч явах нь эрсдэлтэй. Харин шаардлагатай үед манай эмнэлгээс эмч нарын баг яаралтай очиж эмчилгээ хийж болмоор санагдсан. Мөн зарим хилийн ангийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэгдсэн талаар дуулсан. Энэ маш их ололттой шүү. 

-Хилийн багана дээр очиход ямар санагдсан бэ?

-Хилийн багана дээр очоод ёслоод зогсож байхад эх оронч үзэл илүү бадардаг юм билээ. Гадны улс орноор явахад сайхан л байдаг. Гэхдээ хилийн багана дээр очоод миний эх орон гээд бодохоор самсаа шархирсан. 

-Дахин хилээр явах бүлэгт томилогдвол?

-Явна. Хилчдэдээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хэзээд бэлэн. Би баруун хилээр, мөн Хөвсгөлийн тайгын хилчидтэй уулзахыг хүсч байна. 

-Цэргийн дүрэмт хувцас, эмчийн нөмрөг хоёрынхоо алийг өмсөх илүү дуртай вэ?

-Аль алийг нь өмсөнө. Цэргийн дүрэмт хувцсаа өмсөхөөр их сүрлэг санагддаг. Мөн өөрийн эрхгүй цэгцтэй алхаж, биеэ зөв авч явдаг. Харин эмчийн нөмрөгөө өмссөн үедээ өвчтөнүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Тиймээс аль алийг нь өмсөх дуртай. 

-Таны өрөөнд чамгүй олон өргөмжлөл, цом харагдаж байна?

-Би арван жилд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Уралдаан тэмцээнд ч орно. Гэхдээ оюутан болоод хичээлээ дийлэхээ больсон тул орхисон. Одоо бол чөлөөт цагаараа зааланд орж сагсан бөмбөг, волейбол тоглоно. Манай тасгийнхан сүүлийн хоёр жил байгууллагынхаа хэмжээнд аварга болсон. 2020 онд энэ амжилтаа бататгана. 

-Эмч хүн бусдын эрүүл мэндэд санаа зовоод ажиллаад байдаг. Тэгвэл өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна?

-Загасчны морь усгүй гэдэгчлэн эмнэлэгт хэвтсэн удаа байхгүй. Би тариа хийлгэхээс айна. Судас тарианаас бол үхтлээ айдаг. Өөрийнхөө биеийг чагнаад байхыг боддоггүй. Ер нь эрэгтэйчүүд уначихгүй бол тоохгүй явж л байдаг хүмүүс шүү дээ. Гэхдээ азаар бие гайгүй л байна. 

-Үзлэгийн талаар ярилцья. Орчин үед эмч нар үзэж оношлохоос илүүтэйгээр шинжилгээний хариунд тулгуурладаг болсон юм шиг санагддаг?

-Эмч хүн эхлээд өвчтөнөөсөө асуумжаар биеийн байдлыг нь тодорхойлно. Дараа нь биечлэн үзлэг хийж, дотроо оношоо тавьдаг. Үүнийхээ дараа шинжилгээний хариунд үндэслэн оношоо батлах ёстой. Энэ нь илүү найдвартай. Гэхдээ мэдээж эход хараад мэдчих зүйлийг заавал MRI хийлгэ гэж болохгүй. Орчин үед нотолгоонд суурилсан анагаах ухаан гэсэн нэр томъёо гарсан. Тиймээс үзлэг, оношилгоог доороос нь эхлэх ёстой. Цусны шинжилгээ, рентген, эхо гэхчлэн шинжилгээг дараалж хийнэ. Дээхэн үед гараар дарж үзээд мухар олгой байна гээд л хагалгаа хийдэг байсан. Мухар олгойн өвдөлт, савны гадуурх жирэмслэлтийн өвдөлт хоёр төстэй тул орчин үед заавал цусны шинжилгээ авч, эход хардаг болсон байх жишээтэй. Өвчин ч гэсэн их өөрчлөгдөж байна. Андуурагдан оношлогдох нь бий боллоо. Энэ нь хүмүүсийн буруу хооллолт, амьдралын хэв маягтай холбоотой.

-Мэс заслын эмчид мэргэжлээ орхих цаг хугацаа гэж байдаг уу?

-Мэс заслын эмч удаан ажиллах тусмаа туршлагажиж, гар нь зүгширдэг. Хүн ажлаа хийж чадаж байвал ажлуулах л хэрэгтэй. Тэр хүн чинь насаараа энэ чиглэлээр ажиллачихсан маш үнэтэй шавхагдашгүй баялаг шүү дээ. Яг тийм эмчийг бүтээхийн тулд доор 20-30 жил шаардана. 

-Өдөрт олон хагалгаанд орохоор ядрах уу?

-Ядарна. Гэхдээ хагалгааны өрөөнд зогсож байхдаа хөлөө чилж байгааг мэдэрдэггүй. Гарч ирээд өрөөндөө суухад хөл, нуруу их чилсэн байдаг шүү. Хагалгаа хийж байхад бүх анхаарал ажилдаа л төвлөрнө. Мэс барьсан эмчид алдах эрх байхгүй тул өөрийн бүх ур чадварыг зориулдаг. Бидэнд итгэсэн өвчтөнийхөө, тэдний ар гэрийнхний урмыг хугалж болохгүй. 

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Манай эхнэр эмэгтэйчүүдийн эмч. Бид АУИС-д сурч байхдаа намар сангийн аж ахуйд танилцсан. Нэг гэр бүлийн хүмүүс эмч болохоор бие биенийхээ ажлыг  ойлгоно, дэмжинэ. Бас хоорондоо зөвлөлдөнө. Миний хувьд эмэгтэйчүүдийн хагалгаанд давхар ордог болохоор эхнэрээсээ зөвлөгөө авах үе байна. 

-Хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэв үү? 

-Бид гурван хүүхэдтэй. Том охин маань шүдний эмч. Одоо Солонгос улсад суралцаж байна. Аав, ээжийн дэмжлэггүйгээр өөрийнхөө хүслээр эмчийн мэргэжил сонгосон. Шарын гол суманд ажиллаж байхад албаны байр байхгүй эмнэлгийнхээ нэг өрөөнд амьдарч байлаа. Дундговьд ч гэсэн эхчүүдийн амрах байранд хэсэг амьдарсан. Охин маань багаасаа эмнэлэг дотор өссөн болохоор энэ мэргэжил сэтгэлд нь илүү ойр байж сонгосон болов уу. 

-Мэс заслын эмч нар багаар ажилладаг гэж та хэлсэн. Тэгвэл хамт олноо хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?

-Манай эмнэлгийн эмч нар их залуужсан. Гар, сэтгэл нийлсэн нэг баг болж чадсан. Бүгд бие биенээ хүлээн зөвшөөрч, тусалж, хамтран ажилладаг. Нарийн мэргэжлийн эмч нарын тухайд урьд өмнө ТТАХНЭ-т хийгдэж байгаагүй хагалгаануудыг хийж эхэлсэн. Одоо бид ахисан түвшний хагалгааг эмнэлэгтээ хийгээд эхэлчихвэл үйл ажиллагаа маань бүрэн жигдэрнэ. Би хамт олныгоо сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай гэж хаана ч бардам хэлнэ.

-Монголчууд аливаа өвчнийг хар бор аргаар эмчлэхийг илүүд үзэх нь бий. Эмч хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ? 

-Шинжлэх ухаанд ам дамжсан эмчилгээний аргыг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, хатиг гарсан үед тос тавиад хөхүүлчихдэг гэж ярьдаг. Энэ нь  цусанд бохир орох эрсдэлтэй. Идээт үрэвсэлийг ясаар хагалчихаар зүгээр гэдэг. Би энэ бүхний эсрэг байдаг.  

-Хүүхдэдээ өлөнгөө өнөөдөр ч өгдөг шүү дээ?

-Анагаах ухааны хувьд шээсэнд ямар нэгэн ашигтай бодис байхгүй. Энэ нотлогдсон шүү.  

-Хагалгааны дараа өвчтөний ар гэрийнхэн баярласан сэтгэлээ илэрхийлж, хоол, цай их зөөдөг?

-Өмнө нь бууз, хуушуур, пицца, тахиа бариад их ирдэг байсан. Одоо бол энэ үзэгдэл больсон шүү. Бид хийх ёстой ажлаа хийсэн болохоор ямар нэгэн хариу нэхдэггүй. Тэр ч бүү хэл мэс заслын эмч хагалгааны өмнө зүрхээ чангалж архи уудаг гээд архи бариад ирдэг байсан. Эмч хүн архи уучихаад хүн аварна гэж байхгүй. Тийм өнгөрсөн зууны дүр төрх одоо байхгүй болсон.

-Хагалгаанд орсон гэр бүлийнхээ хүнийг хүлээгээд зогсоход их хэцүү санагддаг?

-Өвчтөнүүдэд түрдэг орон дээр хэвтээд хагалгааны өрөө рүү явах агшинд сэтгэл зүйн хувьд айдас, түгшүүр хамгийн ихээр мэдрэгддэг гэсэн судалгаа бий. Харин ар гэрийнхнийх нь тухайд хагалгаа явагдаж байх цаг хугацаанд санаа зовдог. Тиймээс бид хүлээлгийн танхимдаа электрон самбар суулгасан. Тэр самбар дээр хэн, хэзээ, хагалгаад орсон болоод хагалгаа дууссан мэдээллийг харуулж байхаар төлөвлөөд ажиллаж байна. Хүн ямар нэгэн мэдээлэлгүй байхад бухимдаж, санаа зовдог. Мэдээлэлгүйгээсээ болоод танидаг хүнээ хайж дээш, доошоо гүйнэ. Сувилагч нарын ажилд саад болно. Тиймээс хагалгааны явцыг мэдээлж байхаар тооцон уг дэлгэцийг суулгасан байгаа. Удахгүй ажиллагаанд орно. Би залуу эмч нартаа бас нэг зүйлийг захидаг. Хагалгааны дараа ар гэрийнхэнтэй нь уулзаад биеийнх нь байдлыг тайлбарлаж өгч бай гэж хэлдэг. 

-Өнөөдөр таны өрөөнд өнжиж байхад гаднаас учир байдлаа хэлээд орж ирсэн бүх хүний асуудлыг шийдэж өгөх юм?

-Би хэнд ч байсан чадах зүйлээрээ туслахыг боддог. Дарга, цэрэг хэн байх нь хамаагүй. Миний чадах зүйл байвал “За” л гэдэг. Чадахгүй зүйлдээ бол хэзээ ч ам гардаггүй. Тухайлбал, танидаг найз нөхөд маань танайд хэвтээд биеэ долоо хоног сувилуулчихья гэнэ. Би хэвтүүлдэггүй. Мэс заслын тасагт даралт нь ихэсдэг өвчтэй хүнийг эмчилж чадахгүй. Дотрын тасагт олгой ургасан хүнийг мөн эмээр эмчилж чадахгүй. Тиймээс би хүнийг хуурч, тусалсан дүр үзүүлэхийг боддоггүй. Эмээр эмчлэх чинь их том шинжлэх ухаан шүү. Өвчний байдалд тохируулан ямар эмийг хэдэн цагаар яаж өгөх нь өөрөө их нарийн. Мэс заслынхан бол эмийн эмчилгээ хийж чадахгүй. Мэс заслын тасгийнханы онцлог хүний биед эмийн аргаар эмчлэгдэх боломжгүй тэр зовиурт өвчнийг нь авах явдал.

-Уншигчдадаа эрүүл  мэндийн бяцхан зөвлөгөөг хүргээч?

-Хилчдийн хувьд ажиллаж, амьдарч буй орон нутгийнхаа онцлог, цаг агаараас болоод өвчлөлүүд харилцан адилгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай залуус эрүүл мэнд, бие бялдартаа их анхаардаг болжээ. Яг өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа үндсэн бие бүрэлдэхүүнд ужиг өвчин бага байна. Харин ахмадуудад архаг хууч өвчин их байгаа нь ажиглагдсан. Мөн хугацаат цэргийн алба хаагчдад төмсөгний судасны өргөсөл их тохиолддог. Энэ нь анатомийн онцлогтой холбоотой. Энгийн амьдралд байхдаа ачаалал авч байгаагүй хүүхэд цэрэгт ирээд алхаж, гишгээд жаахан ачаалал авахаар нь тэр өргөсөөд зовиурлаад байдаг талтай.