ХИЛЧИН ИНЖЕНЕРҮҮДИЙН АЖЛААС СОНИРХУУЛАХАД
  • 10:53
  • 3492
Хилийн 0252 дугаар ангийн ажил үйлсээс...

РЕДАКЦИЙН УУЛЗАЛТ

“Эх орны манаа” сонины редакцийн бүрэлдэхүүн 2014 онд Хилийн 0243 дугаар ангид уншигч редакцийн уулзалт хийснээс хойш зургаан жилийн дараа энэ өдөр Хилийн 0252 дугаар ангийн СМССА-ны бүрэлдэхүүнийг оролцуулан уг уулзалтыг зохион байгууллаа. Редакцийн уулзалтын үеэр "Эх орны манаа" сонины 80 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, сонины нийтлэлийн бодлогыг танилцуулж, цаашид "Эх орны манаа" сонинд хилчдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. 

ТАВТАЙ ОРЧИН НӨХЦӨЛД АЖИЛЛАХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС

Авто оношлогооны байр тухтай. Энд алтан гартай техникчид Хил хамгаалах байгууллагын хэмжээний тусгай зориулалтын автомашиныг тоноглож, хилд үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгодог байна. Тэдний тоноглосон, засварласан автомашинууд өнөөдөр ч хилийн ангиудад эвдрэл гэмтэлгүй үүрэг гүйцэтгэж байгаа.

ӨНГӨЛӨГ, ЖАВХААЛАГ ЦЭРГҮҮД

Хугацаат цэргийн алба хаагчдын байраар оров. Цэрүүд график хуваарийн дагуу бялдаржуулах танхимд биеэ хөгжүүлж байв. Тус анги техник хэрэгсэл сайтай сайхан тохижилттой бялдаржуулах танхимтай юм билээ. Цэргүүдийн бие хаа ч задарч, сайхан хөгжжээ. Соёл амралтын тасалгаанд зарим нь шатар, даам тоглож байв. Инженерийн ангийн цэргүүд өнгө зүстэй, жавхаалаг байна. Тэдний төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.

ШИНЭ САНАА, ТЭРГҮҮН ТУРШЛАГА

Авто оношлогооны авто засварын байраар орвол саад байгууламжийн техникч Н.Мөнх-Очир гагнуур хийж байлаа. Түүний гагнаж байгаа зүйл нь бэлэн байдлын зуух аж. Тун авсаархан эд. Хэдэн хэсэгт салж, эргээд угсрагддагаараа онцлогтой. Яндан нь хүртэл угсрагдаж жижиг болно. Ердөө үүргэвчинд багтчих юм билээ. Эхний хувилбараа ангийн захирагчид танилцуулсан бөгөөд хоёр дахь хувилбараа илүү боловсронгуй болгож байгаа аж. Цаашид бэлэн байдлын бүлгүүдийг хангах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Аяны зориулалттай угсардаг зуухан дээр хэдэн ч хүний хоол боловсруулах боломжтой. Хаягдал материал болох төмрийн өөдөс ашиглан хийж байгаа нь энэ аж. Шинэ санаа, тэргүүн туршлага болохуйц уг зуухны хэмжээ 40х40 см.  

ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН БҮЛГИЙН АЖЛААС 

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд тус ангийн үйлдвэрлэл технологийн бүлгийн үйл ажиллагаа хэдийнэ танигдсан. Тиймээс ч биднийг очих үеэр Хилийн 0277 дугаар ангиас туршлага солилцохоор ахлах дэслэгч Г.Сумъяабилэгээр ахлуулсан дөрвөн цэргийн алба хаагч үйлдвэр дээр дадлагажиж байв. Тэд долоо хоногийн томилолттой иржээ. Модны бүтэц, үйлдвэрлэлийн багаж, техник, аюулгүйн ажиллагааны аргачлалыг Л.Одонхүү танилцуулж байлаа. Хилийн 0243 дугаар ангийн захиалгын дагуу хувцасны өлгүүрийн эсгүүр, модон сандалны бэлдэц бэлдэх, сандалны углуурга гаргах, угсрах ажиллагаа энд явагдаж байв. Дэслэгч П.Ууганбаатар даргатай тус бүлэг нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд ачаалал өндөр. Хилийн ангиудаас ирүүлсэн захиалгын дагуу нийт 14 төрлийн тавилга үйлдвэрлэдэг байна. Өнгөрөгч 2019 онд 1000 орчим тавилгын захилга үйлдвэрлэжээ. Энэ жил хилийн найман ангийн 800 гаруй тавилгын захилга авч ажлаа эхлүүлээд байгаа бүлгийн ажил ундарч байна билээ.

ЦЭРГИЙН ГАЛ ЗУУХ 

Тус өдөр гал зуухны ээлжийн тогоочоор Онончимэг, бэлтгэгчээр Одонтуяа, үйлчлэгчээр Алтанзул, талхчнаар Олзвой, гал зуухны жижүүрээр дэд ахлагч Мөнх-Оргил нар ажиллаж байв. Тус гал зууханд ХЦАХ-чид болон харуул хамгаалалтын бүрэлдэхүүн хооллодог. Өдөр бүр 70 талх барьдаг бөгөөд шинэхэн талхны үнэр савссан зургийг манай гэрэл зурагчин буулгажээ.

АМЬДРАХ ОРЧНОО ТЭД ТОХИЖУУЛЖЭЭ

Ангийн хамт олон өнгөрсөн жил 36 айлын орон сууцыг засварлаж янзалсан нь ажилчдынхаа амьдрах орчинд хийсэн бодит хөрөнгө оруулалт болжээ. Тиймээс Багануур дүүргээс иргэдийн амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд зохион байгуулсан “Манай хороо-Миний гудамж” аянд амьдрах орчноо тохижуулан, бүтээлчээр хөдөлмөрлөж, шилдэг тохижилттой орон сууцаар шалгаруулсан байна.