ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХИЛЧИД БЭЛЭН
  • 15:24
  • 2557
Та Хил хамгаалах байгууллага гэгч энэхүү их айлын гишүүн болж өнөөдөр ажилтай албатай, амьдралдаа зарцуулах орлоготой байгаа нь үнэн болохоор өөрийн хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийж бүтээж байгаа бүхнээ сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ нь амжилт гарна. Үүний дараагаар өөрийн хариуцсан албаны ажлыг тасралтгүй явуулж, байнга шинийг санаачлан эрэлхийлж ажиллах нь зүйтэй болов уу.

Хилийн 0252 дугаар ангийн Дотоод хяналтын албаны дарга, дэд хурандаа В.АМАРЖАВХЛАН

XXI зуун бол хүн төрөлхтөний хувьд дэвшилтэт техник технологийн эрин үе. Хил хамгаалах байгууллагын хувьд XXI зууны эхний арвануудад хил хамгаалах алба хэмээх их айлын бүтээн байгуулалтыг бий болгох хөрс шороогоо буюу өөрөөр хэлбэл байшин барих сууриа бэлтгэсэн гэж дүгнэдэг. Аливаа үйл ажиллагааны хөгжил дэвшлийн суурь нь хамгийн сайн хууль эрх зүйн орчин байдаг. Энэ хөрс шороон дээр чадварлаг боловсон хүчинг бүрдүүлснээр байгууллагын үйл ажиллагааны хөгжил дэвшил цогцлон босох ёстой. Хил хамгаалах байгууллагын хувьд үйл ажиллагаагаа зохицуулах эрх зүйн орчинг тэртээ XIX зууны сүүлчээс шинэчлэн бүрдүүлснээс хойш жил ирэх тусам улам төгөлдөржиж боловсронгуй болсоор байна.

Монгол Улсын Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, нэмэлт өөрчлөлт орсноор хилчид бидэнд үйл ажиллагаагаа төгс хэрэгжүүлэх хөрс суурь бүрдсэн. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш хилийн цагийн байдал эрс өөрчлөгдөж үүнийг даган үе үеийн Хил хамгаалах байгууллагын удирдлагаас хил хамгаалалтын арга тактикыг боловсруулан хэрэгжүүлж, хилчдийн үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоо, ахуй хангалт, техник хэрэгслийг сайжруулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Улам даяаршлагдан нэгдэж, түүнийг даган улс дамнасан гэмт хэрэг газар авч байгаа өнөө үед Хил хамгаалах байгууллага бие даан оршин тогтнох аль эсвэл нэг яам, хүчинд нэгтгэгдэн ажиллах асуудлыг өнөөгийн хилчид бидний үйл ажиллагаа харуулах ёстой. Бид л шийдэж, бид л өөрчилж чадна. Тиймээс ч XXI зууны шинээр гарч буй энэ арваны эхлэлд “Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхийг бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн Хил хамгаалах байгууллагын удирдлагууддаа талархал илэрхийлье.

Энэхүү зорилтоо ханган биелүүлэхийн тулд хилчин хүн бүр эхлээд хувь хүнийхээ хандлага, төрхийг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Хувь хүн өөрийн дүр төрхөө олсноор байгууллагын дүр төрх харагдана. Хүн өөрт байгаа муу зуршил болгоноо хаяж, ажил албандаа хандах сэтгэлээ өөриймсөг болгох ёстой. Та Хил хамгаалах байгууллага гэгч энэхүү их айлын гишүүн болж өнөөдөр ажилтай албатай, амьдралдаа зарцуулах орлоготой байгаа нь үнэн болохоор өөрийн хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийж бүтээж байгаа бүхнээ сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ нь амжилт гарна. Үүний дараагаар өөрийн хариуцсан албаны ажлыг тасралтгүй явуулж, байнга шинийг санаачлан эрэлхийлж ажиллах нь зүйтэй болов уу. Хил хамгаалах байгууллагад албан тушаал үл харгалзан ажилтан бүхэн дотоод хяналт шалгалтыг өдөр тутам явуулж байдаг. Ямар ч дутагдлыг бага гэлтгүй хэлж, түүнийг засуулдаг байх ёстой. Бидний нүдэнд дасал болсон зөрчил дутагдлууд хэвийн байх л эд шиг оршин тогтсоор байгааг өөрчлөх цаг болсон. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Тиймээс шаардлага тавьж буй нэгнээ буруу өнцгөөс биш эсрэгээрээ энэ хүн надад юу хэлэв, яагаад хэлэх болов гэдэг байдлаар хандаж үзье.

Их эзэн Чингис хаан маань “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг сургаалаа зүгээр нэг хэлээгүй гэдгийг бид бүхэн ч бас бодох хэрэгтэй.

Барилгын чанар байдал нь сайн тавигдсан сууриас бүрэн хамааралтай. Найдвартай суурийг бий болгон чадварлаг боловсон хүчнээр ханаа босгосон хилчид бид “Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрхөө бий болгоход хэзээд БЭЛЭН” байна. Та бүхэндээ амжилт хүсье.