АХЛАХ АХЛАГЧ Ч.ОДГЭРЭЛ: ТОС МАСЛО, АККУМЛЯТОРЫН ХҮЧИЛ, ГАГНУУРЫН УТАА ХАНХАЛСАН ЭНЭ ӨРӨӨНДӨӨ БИ ХАЙРТАЙ
  • 15:39
  • 3353
Үзэсгэлэнт бүсгүй. Бас дайчин эрэмгий. Харин түүний ажлын өрөө эсрэгээрээ. Цэцэг навч, лааны анхилам үнэр энэ тэр байхгүй. Харин тос масло ханхална. Том том төмөр машин байх. Таслагч, зорогч гээд ёстой мэдэхээс мэдэхгүй нь их багаж хэрэгсэл олон. Энэ өрөөнд түүний 17 жилийн хөдөлмөр хөлс, нандин дурсамж шингэсэн гэдгээрээ эрхэм үнэ цэнэтэй.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

 -Таны өрөөтэй танилцья?

-Авто оношлогооны авто засварын бүлгийн байр л даа. Нохой чарга, хянах цамхаг, зам гүүр, модон гүүрний боолт, токарийн машин дээр өнгөлөх, зүлгэх, таслах, цоолох, нүхлэх гээд олон төрлийн үйл ажиллагаа явагддаг. Токарийн суурь машинтайгаа 17 жил нөхөрлөж байна. Мөн өрмийн суур машин, цахилгаан точил байна. Ажилд ороод удаагүй байтал ангийн захирагч, хурандаа Д.Чулуунбаатар дуудаад, “За чамд тосонд нь боосон машин өглөө шүү” гээд энэ машиныг хүлээлгэн өгч билээ. ИТ-1М гэж машин л даа. 1980 оны эд шүү дээ.

-Эдгээр машин дээр эмэгтэй хүн ажилладаг гэхээр төдийлөн хялбар санагдахгүй байна?

-Энэ машин дээр ажиллахад хялбар. Тохиргоог нь нарийн заагаад өгчихдөг. Өгөгдсөн хэмжээн дээр очоод л машин зогсчихно. Би гол нь энэ мэргэжилдээ дуртай.

-Таны өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажил гэвэл?

-Хийх ажил мундахгүй. Та нарын өмнөхөн хэдэн хутга ирлээд буцаалаа. Хутга, заазуур хэрвээ гэмтэлтэй байвал аргалаад ишилж, нөхөөд буцаах жишээтэй. Би ганцхан токарийн машин дээр ажилладаггүй. Давхар аккумляторчноор ажилладаг. Бусад ангиудтай харьцуулахад харьцангуй олон авто техниктэй учраас аккумляторийн засвар үйлчилгээ их хийгддэг. Сүүлийн үед харин ч хүчил шүлт нэмэхээ байсан. Ер нь энэ өрөөнд байгаа хэрэгслүүд бүгд надад хамааралтай. Нийт есөн тоног төхөөрөмж бий. Үндсэн мэргэжил учраас энэ бүхнийг ажиллуулж чаддаг, эзэмшсэн байх нь миний үүрэг. Аюулгүйн арга хэмжээг ханган ажилладаг байх ёстой. Эндээс л миний ажлын бүтээл гардаг. Тэр бүтээл эргээд зориулалтын дагуу хэрэглэгддэг учраас нарийн чамбай ажиллах ёстой. 

-Ингэхэд хоёулаа уншигчдад өөрийгөө танилцуулах ёстой байх?

-Намайг Чойдогийн Одгэрэл гэдэг. Хил хамгаалах байгууллагад 2002 оноос хойш ажиллаж байна. Анх Хилийн 0306 дугаар анги шинээр байгуулагдахад нь ахыгаа даган очиж байлаа. Ахынхаа хүүхдийг харах ажилтай томилогдсон гэх үү дээ. Гэтэл залуу хүн ажил хийх хэрэгтэй гэж тухайн үеийн ангийн удирдлага дэмжсэнээр гал зууханд ажилд орсон. Хоёр жил ажиллаад Хилийн 0252 дугаар ангид шилжин ирсэн.

-Ах тань хилчин хүн үү?

-Тийм. Ер нь хилч удамтай. Миний аав Ж.Чойдог, ээж С.Зоригт нар тус хилийн ангийн анхдагчдын нэг. Аав минь хүнсний албаны дарга, инженерээр ажиллаж байсан. Харин ээж насаараа номын санчаар ажилласан хүн. Ээж 2003 онд тэтгэвэртээ гарахдаа нэг хүүхдээ ангидаа удам залгаж үлдээхээр дотроо бодсон юм билээ. Тэр хүүхэд нь би байж таарсан. Ингээд 2003 оноос хойш тус ангид токарчнаар ажиллаж байна даа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Ах дүү долуулаа. Хоёр нь Шүүхийн шийдвэрт ажилладаг. Харин ах бид хоёр хилчин. Хилийн 0146 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бэлтгэл дэд хурандаа Ч.Амартүвшин гэж хүн бий. Ах маань миний бахархал байсаар ирсэн. Ахынхаа тухай ярихаар өөрийн эрхгүй нулимс урсах гээд байдаг юм. Ахдаа хайртайн илрэл л байх. Ахтай холбоотой олон сайхан дурсамж бий. 2008 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит маршид ахтайгаа хамт оролцож байлаа. Ах дүү хоёр хилчин маршид оролцсон талаар сонин дээр мэдээ нийтлэгдэж байсан. Ах мөнгө, би хүрэл медаль авч байлаа. Тэр үед би их шантарч, халгасан. Саадын зурвасын торон доогуур мөлхөх хамгийн хэцүү. Хамаг бие хөхөрч өвдөнө. Харин тэр үед ах намайг аргадаж, “Миний дүү цэргийн хүн болсон. Бүгдийг чадахын төлөө хичээх хэрэгтэй. Сурчихсан байхад хаана, хэзээ ч газардахгүй эрдэм шүү” гэсэн нь үнэн байсан. Цэргийн хүний мөн чанар маршийн үеэр гардагийг мэдэрсэн. Цэргийн хөдөлмөр ихийг сургадаг. Ерөнхийлөгчийн маршид гурван удаа оролцсон. Ер нь би хилчин мэргэжлээрээ бахархаж явдаг.

-Таны үндсэн мэргэжил тэгэхээр токарчин гэсэн үг үү?

-ХААИС-ийн харьяа Дорнод аймгийн Техник технологийн сургуулийг 2001 онд төгссөн. Авто машины засварчин мэргэжилтэй. Миний бага нас энэ ангид өнгөрсөн. Хүмүүс хэдэн жил ажиллаж байна гэхээр нь 37 жил гэж хариулдаг. Учир нь ангийнхаа усны машинд төрөх гээд дайгдаж явсан хүүхэд. Яг л энэ өрөөндөө, яг л энэ мэргэжлээрээ 17 жил ажиллаж байна.

-Өрөөндөө хайртай гэж жигтэйхэн үү?

-Тэгэлгүй яахав. Наад муухай өрөөндөө юу хийгээд байдаг юм гэж хэлэх хүн олон байдаг. Зарим нь манай өрөөнд орж ирэхээр айдас төрдөг гэх нь ч бий. /Инээв.сур/ Найз бүсгүйчүүдээ өрөөндөө цайлаач гэж урихаар цааргална гээч. Надад бол хамгийн сайхан өрөө. Ямар ч тохь тухтай, гялгар цалгар өрөөнөөс илүүтэй тос масло, аккумляторын хүчил, гагнуурын утаа ханхалсан энэ өрөөндөө би дуртай. Би мэргэжилдээ маш их хайртай. Уг нь аав ээж охиноо уул уурхайчин болоорой гэж энэ чиглэлээр сургасан гэсэн. Гэхдээ хүний амьдрал таашгүй. Миний хоолоо олж идэх газар энд гэдгийг би бат ойлгосон.

-Таны өрөөний хамгийн үнэтэй зүйл гэвэл?

-Мэдээж миний токарийн машин, точилын суурь машин, багажны ширээ минь байна даа. Энэ гуравтайгаа зууралдаж суух нь надад жаргал. Энэ цехдээ хийж болох юу л байна засахыг, болгохыг хичээдэг. Үе үеийн олон дарга нар маань дэмжиж, ажиллах орчин нөхцлийг сайжруулсаар ирсэн. Анх ажлын орчин тиймхэн байсан. Угаас хар болчихдог юм чинь гээд ханыг нь хүртэл бараан өнгөөр будчихсан байлаа шүү дээ. Өрөөгөө боломжоороо өөд нь татдаг. Заваараа токарийн машинаа арчиж зүлгэх дуртай. Дарга нар ажлын орчин бохир байна гэж хэлж л байдаг юм. Надад харин ч тэр зоргодос хогтойгоо байх нь илүү сайхан санагддаг. Ажил явагдаж байгаа нь тэр шүү дээ.

-17 жилийн турш тасралтгүй ажилласан машин гэхэд эдэлгээ нь гайгүй юу?

-ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж чанартай байдаг. Засал ч сайн авдаг. Ажиллагаа дажгүй ээ.

-Ингэхэд хэдүүлээ ажилладаг юм бэ?

-Засварынхаа цехэд гагнуурчинтайгаа хоёулаа ажиллаж байна. Авто засварын бүлэгтээ зургуулаа ажилладаг. Оношлогоо засвар мөн хийнэ. Хийхгүй юм байхгүй. Ядахдаа нөгөө хэдийнхээ багажийг дөхүүлж өгнө. Манай засварын бүлэг хилийн аль ч анги, салбарт ажиллахад бүрэн боломжтой тоноглогдсон техник хэрэгсэлтэй, мундаг ажилсаг хамт олон.

-Ер нь бүсгүйчүүдийн ихэнх нь машин техник хэрэгслээс ангид сонирхолтой байдаг болов уу?

-Мэргэжлийг нь эзэмшсэн болохоор дуртай. Багадаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Миний бага нас хилчдийн дунд өнгөрсөн. Мөрөөдөлдөө ч хүрсэн.

-Танай гэрийнхэн, хүүхдүүд нь таны ажлыг хэрхэн хүлээж авдаг бэ?

-Хүү, охин хоёртой. Миний хань Багануур дүүргийн түргэний жолоочоор ажилладаг. Хоёулаа гэрийн бараа харахгүй шүү дээ. Ямар сайндаа манай хүүхэд "Яаралтай түргэн тусламжийн яаруу сандруу ажилтай аав, ойлгосон уу, мэдсэн үү гэж үргэлж асууж тушаадаг ээж" гээд шүлэглэчихсэн байхав.

-Та түрүүн яриандаа миний бүтээл гэж онцолсон. Таны хийсэн бүтээл эргээд хил хамгаалалтад зориулагддаг. Тиймээс ажлаараа бахархах үе олон тохиолддог байх?

-Тэгэлгүй яахав. Сүүлийн жилүүдэд хилийн хөдөлгөөнт харуулыг хил хамгаалалтад өргөн нэвтрүүлж байгаа шүү дээ. Хөдөлгөөнт харуулын машинуудыг хараад огшоод л ирдэг. Сонин дээр гарсан нохой чарганы зургийг хараад ч баярладаг. Нохой чарганы тасдах, цоолох, хасах гээд олон үйл явц мөн аяны хөнжил, цээживчийг нь хүртэл оёод сууж байсан учраас сэтгэлд сайхан ойр байдаг. Манай авто засварын ажил нэрлэж барахын аргагүй их. Өнгөрсөн жил гэхэд цэрэг тээврийн олон машиныг бид засварласан. Ажлын бүлэгт ч явдаг. Хил дээр хянах цамхагаа хараад энэ миний, бидний бүтээл гэж баярладаг. Сайхан шүү. Хил хамгаалалтад өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог. Гэхдээ ганцхан миний ажил биш. Манай хамт олны хамтын хөдөлмөр шүү дээ. Ажилсаг хамт олноороо бахархдаг. Богино хугацаанд бэлэн болгох үүрэг хүлээх үе бидэнд олонтаа тохиолддог. Тийм үед би жолооч, мэдэхгүй гээд арагш суух хүн байдаггүй. Бүгд л гар нийлэн ажилладаг сайхан хамт олон.

-Уучлаарай, таны гар байнгын л ийм тос масло болчихсон байдаг уу?

-Өө гар хэзээний л халтар, хумс нь байнгын канттай байна шүү дээ. /Инээв.сур/ Бусад хүүхнүүдийн гар шиг сүмбэн хуруутай, гоё ганган хумстай байна гэж үгүй. Жилдээ тоотой хэдэн баярын өдрөөр янзлуулна. Нөгөө баяр нь өнгөрөө бол арилгачихдаг.

-Таны ширээн дээрээ байгаа дэвтээчихсэн зүйл боргоцой юу?

-Дарсан боргоцой. Уушиг болоод биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэхэд сайн гэсэн. Ажлын орчин тоосжилттой учраас манай эрүүл мэндийн албанаас бидэнд уухыг зөвлөсөн. Найруулаад л уудаг. Аккумлятортой ажиллах нь хортой нөхцөл учраас хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг чухалчилдаг. Миний ажлын гол зүйл угаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар сахих.

-Гэртээ ямар эзэгтэй вэ?

-Өөрийгөө магтсан болох бий. Манай найзууд сайхан хоол цайтай гэж намайг магтдаг. Айл гэр гэдэг эрийн нэрээр орж, эмийн нэрээр гардаг. Хүн ороод ирэхэд сайхан хоол ундтай байхыг эрмэлздэг. Миний хоёр хүүхэд аав ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлэх хугацаа нь 18 жил. Тэгээд л үүрээ орхиод ниснэ. Тиймээс энэ богино хугацаанд нь сайн ээж байхсан гэж дотроо боддог. 

-Таныг маршаас гадна спортын талбарт олонтаа харж байсан?

-Хамтдаа хөгжих сонирхолтой, биесээ дэмждэг хэдэн сайхан найз бүсгүйчүүд надад бий. Би ч өөрөө спортоор хичээллэх дуртай. Хүн спортлог, эрчтэй хүчтэй байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч ангийн бялдаржуулах өрөө надад шууд хамааралтай байдаг. Уг нь данс тооцоогүй л дээ. Тус танхимдаа их хөдөлмөрлөдөг учраас эзний ёсоор хандах ёстой л гэж боддог. Цэргийн хүн цэх байх ёстой гэж би боддог. Мөн цэргийн хүн зарчимч байх ёстой гэж эрмэлздэг. Гэхдээ аливаад шударга зан нь ихдэх гээд байдаг бололтой юм билээ.

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Би өөрийгөө дайчин гэж боддог. Хүн бүрт сайн сайхнаар үлгэрлэе гэж хичээдэг. Ядахдаа жагсаалаас зөв гарч, орох ёстой гэж дотроо бодно. Намайг хамт олон, цэргүүд минь харж байгаа гэж боддог. Манлайлж ажиллахыг аав ээж минь надад үлгэрлэсэн. Юмхнаар юм хийгээд сурсан нь манай хоёрын л ач. Намайг ажлын хэнээтэй гэцгээдэг.  Би угаас юу ч байсан хийчихье л гэдэг. Харин эсрэгээрээ ажилгүй байна гэдэг хэцүү. Цаг ч явдаггүй. Худлаа яриад цаг нөхцөөж суух утгагүй. Тиймээс ч миний хувьд ганц ширхэг төмөр ч болтугай балбаад сууж байх нь сайхан. Засварын цех, авто оношлогооны байр, бэлэн байдлын машин, бялдаржуулах танхим гэсэн маршруттай ажилладаг. Өөрийн хариуцсан ажлаа жин тан болгочихоод суух сайхан шүү дээ.