Хошууч И.Батзориг
ХХЕГ-ын даргын 2019 оны Монгол Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай удирдамжийн хугацаанд хилийн дэглэмийн болон хил дамнан мал хулгайлах хэлбэрийн зөрчлийг бууруулах зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн тул манай ангийн хамт олон Хил хамгаалах байгууллагаас “Хилийн зөрчлийн хувийг хамгийн ихээр бууруулсан анги” өргөмжлөлөөр шагнуулсан билээ.
Энэхүү амжилтаа бататгах, ахиулах, бие бүрэлдэхүүний идэвх, санаачлагыг нэмэгдүүлэх, алба, тасаг, салбаруудын ажлын уялдааг сайжруулах зорилгоор Хилийн 0245 дугаар ангийн СМССА-наас “Хилчдийн хандлагаас хил хамгаалалтын үр дүн” аяныг зарлав. Аяны хүрээнд алба, тасгууд батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу өөр өөрсдийн чиглэлийн үйл ажиллагааг хилийн салбар, харуул, малын суурьт хүргэх, газар орон дээр нь арга зүйн заавар, зөвлөгөө өгөх, хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэх бодитой арга хэмжээ, шинэ санаа санаачилга, бүтээлч ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.