Т.ЛХАГВАСҮРЭН: БУРЖГАР ЧИНЬ МИНИЙ ХОЧ БАЙХГҮЙ ЮУ
  • 14:43
  • 3112
Хилийн 0184 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Б.Төмөрбаатарынх гурван хүүхэдтэй. Хүн болгон л Буржгар гэж дуудах сэргэлэн, хөдөлгөөнтэй энэ жаал тэдний дунд хүү. Амралтаараа гэртээ ирээд байгаа нь энэ аж. Хүү их яриасаг. Харин бага охин Т.Мишээл өөрийгөө гурав хагас настай гэж танилцуулсан. Мишээл охидын зангаар энхрий бас сониучхан. Нүүрээ будаж гоёх их сонирхолтой. Ээжээрээ уруулаа будуулж түүндээ тун сэтгэл хангалуун байгаа харагдана. Ингээд малын суурьт цасан шуурга намдахыг хүлээх зуурт Буржгартай ярилцсан юм.

Ахлах дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ

-Миний дүү өөрийгөө танилцуулаач?

-Намайг Т.Лхагвасүрэн гэдэг. Гуравдугаар ангид сурдаг. Найман настай.

-Чиний нэр Буржгар биш юм уу?

-Тэр чинь миний хоч байхгүй юу. Би ер нь зөндөө олон хочтой. 

-Тийм үү?

-Торооски, бэлэн гоймон, “Дотно сэтгэл”, “Доширак” гээд л явна.

-“Дотно сэтгэл” гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Бэлэн гоймон ш дээ. Томчууд л ер нь намайг хочилж дууддаг юм. Би нэгдүгээр ангид байхдаа үсээ хусуулсан. Тэгсэн ахиад л буржгар ургачихсан. 

-Энэ урт амралтыг яаж өнгөрөөж байна. ТВ хичээлээ үзэж байгаа биз дээ?

-Сагс үздэг. Өнөөдөр харин шуураад дохио байхгүй болчихсон.

-Сагсны ямар багийг дэмждэг юм бэ?

-NBA-ийн Милоуки багийг дэмждэг. Одоо 44 хожилтой яваа. Араас нь Торонто 39 хожилтой. Өнөөдөр бас л хичээлээ ч, сагсаа ч үзэж чадсангүй. Уг нь “Сан Антонио Спөрс"-"Клипрес” багууд тоглох байсан. Сагт өглөө 09.30 гэж эхлээд 11.00 цаг өнгөрөөгөөд дуусдаг юм. 

-Шүтдэг тамирчин байгаа юу?

-“Милоуки Бакс” багийн Яннис Адетокунпо. 34 дугаартай тоглодог юм.

-Монголын багаасаа? 

-Үндэсний лигийн “Алдар-Танан” багийг дэмждэг. Манай баг бас тэргүүлж байгаа. Гэхдээ ойрд тоглоогүй. Та ямар баг дэмждэг юм?

-Лейкрес.

-Танай багт ямар ямар тамирчид байдаг вэ. Мэдэх үү?

-Сайн мэдэхгүй байна аа.

-Өө. Леброн, Рондо, Энтони Дэвис байна. Мэднэ биз дээ. Бас 0, 39 дугаартай тоглогчид чинь сайн ш дээ. Нэрийг нь мартчихаад байна аа. Манайд Яннис, Брук Лопиз гээл байна. Коби сонинд, “Би ягаан, шар өнгөнд итгэдэг” гэж ярилцлага өгсөн байна лээ. Би нэг сонингоос уншсан юм. Охинтойгоо явж байхад нь муу юм болсон гэсэн. Тэр өдрийн NBA-ийн тоглолтууд бөмбөг гаргаал 48 секундын турш довтолгоон хийлгүй хүндэтгэл үзүүлсэн ш дээ. Харамсалтай. Та Харданыг мэднэ биз дээ. Көрри гараа гэмтээчихсэн, харсан уу?

-Мэднэ, тийм ээ. Чиний дуртай хичээл?

-Биеийн тамир, дүрслэх урлаг, монгол хэлд дуртай. Математикт жоохон дургүй. Шоо дээр гоё бичих гэхээр нэг том болоол, нэг жижиг болоод байдаг юм. Харин гулд дээр бичихээр амар ш дээ. 

-Шоо, гулд гэж ямар дэвтэр байдаг юм бэ?

-Яагаав. Жижиг жижиг дөрвөлжинтэй нь шоо. Бүдүүн бүдүүн зайтай, нэг нь жоохон бүдүүн нь гулд дэвтэр ш дээ. Хурдан л сургууль ороосой. Байрандаа би ахтайгаа цуг байдаг юм. Бас сургууль дээрээ жүдогийн дугуйланд явдаг. Одоохондоо олигтой мэх сураагүй л байгаа. Волейбол, сагсан бөмбөгийн дугуйлан хичээллээд жүдогийн бэлтгэл бараг орохгүй байгаа. Сагсан бөмбөгийн дугуйланд явах гэсэн чинь гуравдугаар анги гээд авахгүй байгаа.

Ийм нэг яриа хөөрөөтэй, өхөөрдмөөр хүүтэй танилцсан юм. Найман настай хэвлүүхэн энэ хүүд өөрийн сонирхдог NBA-гийн тоглолтууд болоод тамирчдын талаар мэдэхгүй зүйл гэж алга. Тиймээс ч түүнтэй сагсны талаар ярилцахдаа ихэнх асуултанд нь “унасан” шүү. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, сонирхолтой Т.Лхагвасүрэн маань ирээдүйд нэртэй тамирчин болох байх. Дүүдээ сурлага, спортын өндөр амжилтыг хүсье.