ЦЭРГИЙН ХҮҮ БИ АЗТАЙ
  • 14:48
  • 4048
Захидал ирлээ

Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист мөр зэрэгцэн алба хааж буй хилчид та бүхэндээ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Хилийн салбар, харуулд үүрэг гүйцэтгэдэг залуус бидний цор ганц нөхөр болсон “Эх орны манаа” сониноор дамжуулан та бүхэндээ сэтгэлээс урсах үгсээ хүргэхийг зорьсон билээ. Намайг түрүүч А.Жанцанхорол гэдэг. Би эгэл жирийн ажилчин гэр бүлд төрж, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Төмөр замын коллежид суралцаж, туслах машинист мэргэжлийг эзэмшсэн. Үеийн найзууд минь сургуульд орж, зарим нь ажил амьдралын босгыг алхаж байхад би цэрэгт явахыг илүүд үзэж, мөрөөдөлдөө хүрэхийг зорьсон юм. 

Цэргийн алба хаах мөрөөдөл байрны ахын ярианаас улбаатай. Нэг өдөр хилд цэргийн алба хаагаад ирсэн байрны ах цэргийн албаныхаа нэг жилийн талаар тун сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Тэр цагаас хойш цэргийн албыг өөрийн биеэр хааж үзэх хүсэл надад төрсөн юм. Цэргийн зарлан дуудах хуудас авах нас хараахан болоогүй тул хилчдийн талаар мэдээлэл, дуу, кино бүрийг үзэж судаллаа. Цахим орчинд хилийн албаны талаар сөрөг мэдээлэл хэд хэдийг уншиж байсан. Харин өнөөдөр яг хилчин болоод энэ амьдралын утга учрыг мэдэрч байхад тэдгээр мэдээлэл буруу ташаа болохыг ойлгож байна. 

Мөрөөдөлдөө хүрэх “виз”-ээ гардсан нь 

2019 оны намар зарлан дуудах хуудас ирэв. Ингээд удаан хүлээсэн мөрөөдлөө биелүүлэхээр цэрэг татлагын комиссоор орсон юм. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн намайг хаашаа явах талаар санал асуухад эргэлзэх зүйлгүй Хилийн цэрэг гэж хариулсан. Монгол Улсын оршин тогтнох үндэс нь хил хязгаарын амгалан байдал гэж би боддог. Иймээс өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан эх нутгийг хамгаалахаар Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0184 дүгээр ангид хуваарилагдан ирсэн.

Ингэж л хилчний амьдралаар замнах нэг жилийн “аялал” эхэлсэн билээ. Анх ирэхэд бүх л зүйлс шинэ сонин, содон санагдаж хөл гараа олохгүй өрөөлдөж, илтгэл өгч чадахгүй түгдрэн зогсож билээ. Харин өнөөдөр эргээд бодоход их амархан санагдана. Сургалтын төвийн шинэхэн цэрэг байхаас эхлээд хилийн манааны ахлагч, бага дарга, соёл амралтын тасалгааны эрхлэгч, түрүүч цолонд хүртлээ алба хааж байгаадаа баяртай байна.

Аав Д.Мөнхтөр, ээж А.Амаржаргал маань Өмнөговь аймагт ачааны авто машин барьж амьдралаа залгуулдаг. Харин хоёр дүү минь Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Хайртай гэр бүлийнхэн минь энэхүү захидлыг уншиж байвал хүү нь, ах нь эх орныхоо хилийг манаад маш сайн байгаа гэдгээ нүүр бардам хэлье.  

Энэ онд манай анги анх удаа соёл амралтын танхимын эрхлэгч, идэвхтэн бичигч болох есөн хугацаат цэргийн алба хаагчдыг салбар бүрээс сонгож, гурав хоногийн хугацаатай арга зүйн сургалт зохион байгуулсан нь бидний хувьд маш онцлогтой, бахархам санагдсан. Биднийг зочид төлөөлөгчид шиг  тусгай машинаар авчирч ангийн төвд байрлуулан сонголттой хоолоор үйлчилж, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулсан. Цугларалт сургалт ямар болдог яг тэр жишгийн дагуу дэвтэр, бал, хавтас, өнгийн тодруулагч, нэрийг маань хүртэл байрлуулсан ширээнд суулгаж, байгууллагын бодлого үйл ажиллагаа, албан тушаалын үүрэг, чиглэлийг төрөл бүрийн албадын дарга нар сургалтаар хүргэж, үүрэг чиглэл өгсөнд нийт хилчин байлдагчид маш их талархан хүлээн авсан. Сургалтын төгсгөлд бидэнд зориулсан үдэшлэг хүртэл зохион байгуулж, ангийн захирагчийн тушаалаар түрүүч цол олгож үүрэг хариуцлагыг улам нэмэгдүүлсэн. 

Цэргийн алба хаах хугацаандаа цугларалтад оролцоно гэж бидний хэн нь ч зүүдлээгүй. Энэ үйл явдал нь насан туршдаа дурсаж ярих том сэдэв болсон юм. Амьдралд юм бүхэн уялдаа холбоотой байдаг шиг хилийн салбар гэдэг ХХБ-ын нэг хэсэг нь юм. Хилийн салбарын амьдрал эвсэг найрсаг уур амьсгал дээр тогтдог. Салбарын алба хаагчид хугацаат цэргийн алба хаагчид биднийг үр хүүхэд шигээ санаж, зааж сурган халамжилж байдаг. Тэднийхээ сайхан сэтгэлийн хариуг Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг хамгаалах эрхэм үүргээ үнэнчээр биелүүлснээр бага ч болов хариулах бизээ. 

Дархан-Уул хотоос гарч үзээгүй аав ээжийнхээ гар дээр эрх танхи өссөн надад цэргийн алба хаах нэг жилийн хугацаа үгээр хэлэхийн аргагүй шинэлэг, сургамжтай, мартагдашгүй дурсамжаар дүүрэн байна. 

Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа мандаж буй нарыг бүхнээс түрүүнд харахад хорвоо ямар сайхныг тэндээс л мэдэрч, эрч хүч аван торгон хилийнхээ ариун шугаман дээр алхдаг азтай хүмүүс нь зөвхөн хилчид юм. Ийм сайхан боломжийг атгасан би үнэхээр азтай. Амьдрах ухаан, хувь хүний хөгжил, амьдралд хандах хандлага, үүрэг хариуцлага, дэг журам, цэвэр цэмцгэр байдал, хувцас хэрэглэл, эд аж ахуйг ариг гамтай хэрэглэх гээд бүхий л зүйлд сургаж бие бялдар, сэтгэлийн тэнхээ хатуужилтай болгохын төлөө хичээж байгаа салбарынхаа хилчдэд баярлалаа. 

Миний бие цэргийн албанаас халагдаад өөрийхөө чадварыг дээшлүүлэн их, дээд сургуульд суралцаж, цэргийн албаны энэ сайхан бахархлын тухай тусгай лекц бэлтгэж, түүнийгээ залуучуудад хүргэх ажлыг зохион байгуулна гэж боддог. Залуус бид үг үйлдэл бүрээ анхаарч, үүрэг хариуцлагатай байж өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэхийн төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж ирээдүйгээ харсан, байгаль дэлхийдээ хайртай эх оронч байцгаая гэж уриалж байна.

Хилийн 0184 дүгээр анги, 0174 дүгээр салбарын соёл амралтын танхимын эрхлэгч, түрүүч А.Жанцанхорол