Ахлах ахлагч О.Энхцолмон
Цэргийн алба хаах ямар байна?
Байлдагч О.Гэрэлчулуун: -Би ур ухаан шаардсан ажил санаачлан хийх дуртай. 18 нас хүрэнгүүт ах нартайгаа хамт цэрэгт явчихмаар санагдах болсон. Тиймээс ч цэрэгт саналаараа явж нутгаасаа гарахад сайхан мэдрэмж төрсөн. Цэргийн ангид ирэхэд үлээвэр хөгжим эгшиглэж, алд цэнхэр хадагтай угтахад сэтгэл ихэд огшсон шүү. Өглөөний ургах нарнаар хилийн дагуу хилээ манаад явах сайхан. Бас оройн тоогоо хийчихээд алхах сайхан. Цэргийн албанд ирснээс хойш бие хөнгөрөөд их сайхан байгаа. Манай тогооч эгч нар амт чанартай халуун хоол цайгаар бидэнд үйлчилдэг. Өдөр өнгөрөх тусам албандаа дасаж дадлагажиж байна. Цаашид дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж, заасан хичээл сургалтандаа шамдан албаа нэр төртэй хаах болно.
Цэргийн алба хаана гэдэг чиний бодлоор?
Ахлах байлдагч Д.Чойжилжав: -Цэргийн албанд ирэхээсээ өмнө Политехникийн коллежид сантехникч мэргэжлээр суралцаж төгссөн. Гагнуурчнаар ажиллаж байхдаа эр цэргийн албыг өөрийн биеэр хаана гэж өөртөө амласан. Би ирээдүйд хэн ч болж болно. Гол нь эр хүн болж төрснийх хариуцлага гэдэг зүйлийг мэдрэх ёстой гэж дотроо бодсон. Намайг ирээдүйд хариуцлагатай эр хүн болгож төлөвшүүлэх ганц зам нь цэргийн алба гэж бодсон гэх үү дээ. Мөн цэргийн алба хааснаар амьдрах ухаанд суралцахын зэрэгцээ хайрлан энэрэхийг мэдэрч цаашид амьдарлаа авч явах хариуцлагатай үүрэгт суралцаж байгаадаа баяртай байна. Анх зарлан дуудах хуудас аваад маш их баярласан. Бас тэнцэхгүй бол яанаа гэж дотроо айсан. Миний шийдвэрийг аав минь ойлгож дэмжсэн. Би өөрийн зорилгодоо үнэнчээр үлдэж чадсандаа бас яг энэ цаг мөчид эх орноо хамгаалж байгаадаа маш их аз жаргалтай, бахархалтай байна.
Цэргийн нөхөрлөл гэж юуг хэлэх вэ?
Байлдагч М.Болдсүх: -Цэргийн албанд зарлан дуудах хуудас аваад өөрийн хүсэлтээр ирсэн. Энд ирээд олон аавын хөвгүүдтэй танилцаж сайхан нөхөрлөж байна. Бид богино хугацаанд бие биедээ дасаж нэгнийгээ ч хүндэлж эхэлсэн. Манай аав онжавуудтайгаа өнөөдрийг хүртэл холбоотой байж, байнга уулздаг. Тэр нандин харилцааг яагаад ийм бат бөх оршдогийг өөрөө цэргийн албанд ирээд ойлгож байна. Анх цэргийн албанд ирээд өглөө 06.00 цагт босож, гүйлт дасгал хийхэд хүнд байсан. Гэхдээ найзууд болон дарга нар, халамжлан хүмүүжүүлэгчдийнхээ урам дэмжлэгээр албандаа дассан. Өглөө босохоос эхлээд орой амрах хүртэл хамт байгаа болохоор ижилдэн дасахаас ч өөр аргагүй. Нэг жилийн цэргийн албанаас нэг насны андуудаа олно гэдэгтээ итгэлтэй байна.
Хилчин хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Байлдагч Э.Эрдэнэбаатар: -Би Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Айлын бага хүү Цэрэгт ирэхээсээ өмнө хил хязгаар, хилчдийн талаар ямар нэгэн төсөөлөлгүй байлаа. Цэргийн албанд татагдан Хилийн 0311 дүгээр ангид ирээд хил, хилчдийн талаарх анхны зураглалыг сэтгэлдээ буулгасан. Цэргийн албанд татагдан ирэхэд офицер, ахлагч нар маань биднийг их сайхан угтаж хүлээж авсан. Дарга нарыгаа харахад нүдэндээ галтай, зүрх нь эх орныхоо төлөө цохилдог болов уу гэх мэдрэмж төрсөн. Сургалтын төвд гарах хугацаанд маш их зүйлийг ойлгож, хичээж суралцсан. Хил манах нь маш өндөр хариуцлагатай алба юм. Хилчдийн гүйцэтгэж буй үүрэг нь ариун болохоор тэдний зам мөр нь тэгш сайхан байдаг юм шиг санагдсан. Миний хувьд нэг жилийн хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж суралцах болно. Мөн цэргийн алба хаах нэг жилийг маш том боломж гэж харж байгаа.
Цэргийн албанд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
Байлдагч Ц.Цэрэнбямба: -Миний бие ХААИС-ийг механик инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн “Цэвэр улавч” үйлдвэрт ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн албанд ирсэн. Цэргийн алба хаах сайхан байна. Тэр тусмаа Хилийн цэрэгт алба хааж байгаагаараа бахархаж байгаа. Цэргийн албанд татагдан ирснээр бие бялдраа хөгжүүлж олон найз нөхөдтэй болсон. Миний төсөөлж, сонсож байснаас илүү гоё байна. Миний хувьд сургуульд сураад цэрэгт явах хугацаа хэдэн жил хойшилсон. Хилчин хүн гэдэг даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, аливаад сонор сэрэмжтэй, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг хэлдэг юм байна. Нэг жилийн хугацаанд найзуудтайгаа ойр байж, сэтгэл санаа болоод жаргал зовлонгоо хуваалцан нэг гэр бүл шиг хамт байх нь жаргал юм байна. Би сагс тоглох мөн хайчилбар хийх дуртай. Хайчилбарын дугуйланд явж байсан. Улсад хоёр удаа, дүүрэгт долоон удаа энэ чиглэлээрээ үзэсгэлэн гаргаж байлаа. Цэргийн албанд татагдан ирээд салбаруудын байгалийн онцлогт газрууд болон мөн Ерөнхийлөгчийн зургийг хайчилбараар хайчилсан.