Баяргүй жил
  • 11:24
  • 1964
Жил бүрийн гуравдугаар сарыг миний бие тэсэн ядан хүлээдэг. Ирж яваа цаг гэдэг утгаараа сэтгэл догдолж бас шил шилээ дарсан олон баярт бялуурч суудаг билээ.

Дэслэгч М.Уранбайгаль

Жил бүрийн гуравдугаар сарыг миний бие тэсэн ядан хүлээдэг. Ирж яваа цаг гэдэг утгаараа сэтгэл догдолж бас шил шилээ дарсан олон баярт бялуурч суудаг билээ. Харин энэ жил олон баярыг алгасав. Цаг үеийн байдлаас болж Улсын онцгой комиссоос хоёр, гуравдугаар сард тохиох баярыг бүх нийтээрээ тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө төрөөс гаргасан шийдвэрийг  монголчууд дагаж үндэсний хэмжээний баяр болоод бусад дагалдах баяр ёслолыг тэмдэглээгүй. Тун цомхон гэр бүлийн хүрээнд ёслоод өнгөрч байна. 

Том, жижиг элдэв баярыг тэмдэглэхгүй өнгөрүүлэх нь олон талын ашигтай ч бас хөнгөн гунигтай. Баяр ёслол тэмдэглэх нь хүнд сэтгэлийн таашаал өгөх нэг хэлбэр юм. Харин энэ жил дийлэнх хүмүүс сэтгэл зүйн хувьд харамсангуйгаар баярын өдрүүдийг үдэж байна. Цахим сүлжээнд хөл хорионы өдрүүдэд уйдсандаа гэрийнхээ шаланд хичнээн паркет орсныг тоолсон, буузыг жигнэж, шарж, тэр ч бүү хэл хөлдөөж байгаад хүлхэж идэж үзсэн хөгжилтэй сэтгэгдлүүд хөвөрсөн. Эсрэгээрээ баярыг өргөн хүрээнд нүсэр тэмдэглэхгүй байх нь эдийн засгийн хувьд болоод ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зэрэг хэд хэдэн ач холбогдолтой нь батлагдлаа. Хүмүүс ч баярыг бас нийтээрээ архидан согтуурахгүй, хөл хөөр болж хэн нэгэндээ хүндрэл үүсгэхгүйгээр тэмдэглэж болохыг анх удаа мэдэрсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд сар шинийн баяраас гадна гэгээн хайрын өдөр, нөхөрлөлийн өдөр зэрэг тоймгүй их тэмдэглэлт өдрийг алгасаж чадсан. Гуравдугаар сард ч бид эх орончдын өдөр, хэвлэл мэдээллийн ажилтны өдөр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдөр, Наурызын баярын өдөр, монгол хүн сансарт ниссэн баярын өдөр, дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэхгүй. Эрүүл байвал ирэх жил эдгээр өдрүүдийг үзнэ. Тиймээс нэг жил өнжье. Тэмдэглэсэнгүй гээд биднээс юу ч унахгүй харин ч маш зөв алхам байж мэднэ. Яахав хувь хүндээ сэтгэл зүйн хувьд хөнгөн гунигтай, хамт олны дунд хүлээлттэй байдаг баяр чимээгүй өнгөрлөө. Монголчуудын тэмдэглэх баяр хэт олширч үндэсний хэмжээний баяраас гадна төрсөн өдөр, байрны найр, хурим, сэвлэг үргээх ёслол зэрэг дагалдах баяраас баярын хооронд хэтэвчээ сэгсрүүлж, ажлаа алдаж байгаа талаар шүүмжилдэг. Тэгвэл баяргүй буюу баяр тэмдэглэхгүй байж болохыг харлаа, үзлээ, мэдэрлээ. Алдсан, уруудаж, доройтсон зүйл лав алга. Мэдээж баяр наадмыг хөл хөөр болон тэмдэглэдэг зангаараа догдолсон сэтгэл л жаахан гонсойв. Бид эрүүл байна. Бид эв эетэй байна. Бид монгол төрийнхөө шийдвэрийг хамтаараа дэмжлээ. Бид хариуцлагаа ухамсарласан. Ийм байхад ирээдүйд хөврөх олон баярт үйл явдлыг үзэж л таарна.