Хилчин бүсгүй танаа...
  • 11:27
  • 4012
Бидний хэлж заншсанаар таван жилийн урамшуулал авсан хилчин эхнэртээ гоё хувцас, үнэт эдлэл авч өгөөд, “Энэ мөнгө миний хөдөлмөр ч гэсэн чиний минь оруулсан хувь нэмэр, хажууд минь байсан өдрүүдийн хүч юм шүү” хэмээх дурсамжийг сонсоод ийм нэгэн бичвэрийг үзэглэхээр шийдэв.

Дэслэгч Ё.Сэндэр

Бидний хэлж заншсанаар таван жилийн урамшуулал авсан хилчин  эхнэртээ гоё хувцас, үнэт эдлэл авч өгөөд, “Энэ мөнгө миний хөдөлмөр ч гэсэн чиний минь оруулсан хувь нэмэр, хажууд минь байсан өдрүүдийн хүч юм шүү” хэмээх дурсамжийг сонсоод ийм нэгэн  бичвэрийг үзэглэхээр шийдэв. 

Миний бие анх хилийн салбарын бэр болоод даруй жил гаруйн хугацаанд сүлжээгүй газар амьдарч байгаад улсынхаа нийслэлд орж ирэв. Ирсэн даруйдаа их сургуулийн найзуудтайгаа уулзаж, “Найз нь улсынхаа хил дээр, эр цэргүүдтэйгээ хамт амьдарч байгаад ирлээ. Хилчид, нөхөр маань хилээ манадаг юм” гээд гайхуулж ярьтал “Хил манана гэж юу гэсэн үг вэ, хүмүүс нь гар гараасаа бариад зогсож байдаг хэрэг үү” хэмээн гайхсан хүмүүс том нүдээр намайг ширтэх мөчид надад нүүр хийх газар олдоогүй юм. Гэхдээ би хилчин хүний эхнэр болсноосоо ичих бус, иймхэн бодол тээж явдаг монгол хүн байдаг аа гэж бодохоос л ичсэн хэрэг. Тэр мөчид миний бие “Та нарт хилчин хүний мөн чанарыг өөрийн биеэр, өөрийн үйл хэргээрээ, ажил, амьдралаараа харуулах болно доо” гэж дотроо амлалт өгч байлаа. Мэдээж амлалтандаа хүрэх гэж хичээсэн зүтгэл маань талаар болсонгүй. Харин ч бахархах зүйлтэй, үр хойчдоо ярих түүхтэй үлдэхээр хилчдийн эгнээнд нэгдэн орсон байдаг юм. Яг л ийм нөхцөл байдалтай тулгардаг олон охид бүсгүйчүүд хилийн алтан шугамнаас амьдралын гараагаа эхлүүлэх гэж нэлээдгүй зүдэрдэг гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ. Гагцхүү шантарч үл болох, буцаж үл чадах амлалтыг тэд ханьдаа, хилдээ өргөдөг учраас улсын хил хамгаалалтад эмэгтэйчүүдийн маань оролцоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Тэд маань амьдралаа өөд нь татахын төлөө чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэж, мэргэжил бүхнийг өөртөө цогцлоохын төлөө л гэж хичээж, суралцаж явахаас биш амьдралаасаа, ханиасаа, хилээсээ огт урвадаггүй сэтгэлийн их хүч, биеийн их тэнхээтэй хүмүүс байдаг. Нэгэн цагт миний бие ч шантармаар юм шиг санагдаж, дөрвөн жил сурсан сургууль минь хаачив, мэргэжил минь хаягдав, юу хийж бүтээх вэ, яаж ажилтай залгаж, улс орондоо хэрэгтэй хүн болох вэ гэж шаналж явсан нь бий. Гагцхүү ирээдүйдээ итгэлтэй, зорилготой хүнийг амьдрал боломжоор шагнадгийг би их сургуулийн нэг ангийн гурван сайхан бүсгүй хилчдийн эгнээнд гэр бүлээрээ орж, тангараг өргөн зүтгэж яваагаас олж хардаг юм. Тэд ирээдүйгээ хилчдээр төсөөлөөгүй, харин амьдрал хөтлөсөн. Тэд хилчин болно гэж таамаглаагүй, харин зүтгэл нь шагнасан.  

Магадгүй энэ нийтлэлийг маань уншиж буй бүсгүй та дөнгөж өнөөдөр цолоо зүүгээд ирж буй шинэхэн дэслэгчийн гэргий бол, дөрвөн зүгтээ эх орноо хамгаалах тангараг өргөсөн ахлагчийн хань бол, дөрөө нийлүүлэх амьдралын замд ханьтайгаа анхлан учирч, дархан хилээ хамтдаа хамгаалж яваа хилчин бүсгүй бол “Хил дээр ургаж, өнгө үзэмжээ гайхуулах бүсгүй та элэг бүтэн, энх жаргалтай гэр бүлийнхээ төлөө сонгосон мэргэжил,  хүссэн ажил, хүсэл мөрөөдлөө хойш нь тавьж чаддаг, басхүү өөрийгөө ч, өрөөлийг ч ирлэж, хурцалж өгдөг, зорилгынхоо төлөө зүтгэж  тэмцдэг, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж ялдаг хилийн бурхад юм шүү” хэмээх үгсийг  эрхэм хилчин бүсгүй таньд илгээж байгааг минь хүлээн авна уу. Хилчдийн өргөө гэр хөөрхөн үрсийн минь инээд хөөрөөр бялхаж, хилчин бүсгүй таны сүүн цацлаар ерөөгдөх хувьтай билээ.