Сайн байна уу? Сайхан ээж минь. Удахгүй уулзахын ерөөл тавин умард хязгаараас мэндчилж байна. Таны минь бие сайн биз дээ? Хүү нь олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн албаа амжилттай хаасаар халагдахад гуравхан сар үлджээ. Нэг жил маш хурдан өнгөрч байна шүү. Шинэ цэрэг болж цэргийн тангарагаа өргөсөн мөч саяхан мэт санагдана. Хилчин гэж дуудуулах нэр хүндтэй бөгөөд бахархалтай үүрэг удахгүй дуусах гэж байгаад сэтгэл жаахан хоргодох юм. Хилийн цэрэгт алба хаахаар татагдан ирээд эх оронч үзэл, тусгаар тогтнол, амьдралын үнэ цэнэ, хэрхэн зөв хүн байх, өөрийгөө дайчлах, тэвчээр хатуужил, бие бялдрын өв тэгш хөгжил гээд тоймгүй олон зүйлсийг сурч мэдлээ. Хүү нь уул өргөж таныхаа ачийг хариулж чадахгүй ч гэлээ муу явж таныхаа санааг зовоохгүй ээ, ээж ээ. Таны надад хэлдэг байсан үгс санаанд их л ойрхон байх юм. Та санаж байна уу? Намайг дээд сургуулиа төгсдөг жил, “Миний хүү амьдрал хатуудаа дэндүү хатуу, зөөлөндөө зөөлөн байдаг юм шүү. Ээжийнхээ ачийг хариулья гэвэл миний хүү сэтгэлийг минь чилээлгүй сайн явахад болно” гэсэнсэн. Хүү нь сайн хүү байх болно. Хайрт ээж минь удахгүй уулзъя. Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай, ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй.
Эх орон минь та хүүгээ эр хүн болгосон
Алтан дэлхийд төрөөд
Алдаж эндэж явахад минь
Амьдрал надад боломж олгож
Аав ээжийн захиасыг сонсож
Цэргийн албанд татагдаж ирээд
Цэргийн хэдэн нөхөдтэй болоод
Цэнгэл жаргалыг хамтдаа хуваалцсан
Цэмцгэр хэдэн онжавууд минь
Халагдах хоногоо хүлээсэн
Хайрт ээжийн хонгор үрсүүд
Хамаг амьдралаа хамтдаа ярилцсан
Ханагар хэдэн онжавууд минь
Илүү муу зуршилгүй
Эрүүл чийрэг залуус болж
Эр хүн болгосон албаа хаагаад
Ээждээ үнсүүлэх хилчин эрчүүд минь ээ.
Ухаант буурал ээж тандаа удахгүй хүү чинь яваад очно. Онжавууд маань танд мэнд хүргэж байна шүү. Сайн сууж байгаарай ээж ээ уулзатлаа түр баяртай.