ДЭД ТҮРҮҮЧ Д.БАТБЯМБА: ЗОРИЛГОДОО ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС БОЛДОГ
  • 10:52
  • 2841
Хилийн 0168 дугаар ангийн 0172 дугаар салбарын гэрээт хилчин жолооч, механикч, дэд түрүүч Д.Батбямбатай албаных нь талаар ярилцлаа.

Дэслэгч М.Уранбайгаль

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрж, өссөн. Одоо 21 настай. Үндэсний бөх сонирхдог. Ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. 2017 онд Хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан.

-Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчин авч байгааг хэрхэн мэдэж, энэ албыг сонгож ирсэн бэ?

-Цэргийн албанд татагдан очоод 10 сар болж байсан юм. Нэг өдөр салбарын дарга, ахмад Ж.Золбоо гэрээт хилчний албанд элсэн орох хүсэлтэй хугацаат цэргийн алба хаагчдын судалгааг авч байсан. Тэр үед надад гэрээт хилчний алба их сонирхолтой санагдаж гэрээт хилчний албыг судалж үзэхэд их таалагдсан. Тэгээд би өөрийн саналаа хэлж сонгон шалгаруулалтад орж тэнцээд гэрээт хилчний албанд 2018 онд элсэн орсон юм. Энэ нь миний хувьд хамгийн зөв алхам болсон.

-Чиний хувьд гэрээтийн албанаас олж авсан мэдлэг, ур чадвар юу байна вэ?

-Би гэрээтийн албанд анх ирэхдээ бүрэг ичимхий дуу цөөтэй байсан. Алба хаах хугацаандаа бусдад өөрийгөө ойлгуулж, үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаг болсон. Мөн цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлж, өөрийн эзэмшдэг Фермер автомашиныг бүрэн ашиглаж сурсан. Гэрээтийн албанд ирсэн залуус өөрийгөө таниж мэдэн, зорилгоо тодорхойлон түүндээ хүрэхийн тулд хичээж үүрэг гүйцэтгэдэг. Миний хувьд эр хүн аливаад хүлээцтэй, тэвчээртэй хандаж, өөрийн гэсэн зорилготой байх ёстойг ойлгосон. Ер нь асар их зүйлийг л суралцаж байна. Өнгөрсөн 2019 онд өөрийгөө дайчилж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул “Тэргүүний гэрээт хилчин” болсон. 

-Ангийн “Тэргүүний гэрээт хилчин” болоход хамгийн ихээр нөлөөлсөн зүйл? 

-Би салбарынхаа жолооч, механикч албан тушаал дээр ажилладаг. Хил хамгаалалтыг зохион байгуулж явуулахад нэн чухал зүйлийн нэг бол албаны бэлэн байдал. Тэр дундаа автомашины бэлэн байдал гэж боддог. Тиймээс өөрийн эзэмшиж буй автомашиныхаа байнгын бэлэн байдлыг хангаж, жижиг гэлтгүй засвар үйлчилгээ тогтмол хийж хэвшсэн. Энэ хичээл зүтгэлийг хамт олон маань үнэлсэн байх. Мөн удирдлагаас надад өгсөн бусад үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж илтгэх, бие бялдраа хөгжүүлэх, зохиогдож байгаа бүхий л ажилд идэвхитэй, манлайлж оролцож байсан нь нөлөөлсөн болов уу. Хүн нэг өдөр биш өдөр тутам хичээж ажиллах нь маш чухал юм байна гэдгийг ойлгож ажилладаг. 

-Чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ?

-Хилийн салбарт өдөр бүр ажил ундарч байдаг. Бид бүгд өглөөнөөс орой болтол хил хамгаалалт, сургалт дадлага, аж ахуй тохижилт гээд нэлээдгүй ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэ бүх ажлуудыг хийж дуусаад оройн цагаар чөлөөт цаг гардаг. Миний хувьд чөлөөт цагийнхаа ихэнх хугацааг автомашины техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийх, жижиг зүйлсийг засварлах, фитнесийн өрөөнд бэлтгэл хийх, ном унших, сагсан бөмбөг тоглох зэргээр өнгөрөөдөг. Өөрийгөө хөгжүүлэх нь чөлөөт цагийн гол зорилго байдаг. 

-Цаашдын зорилго?

-Гэрээтийн албаас халагдаад үндэсний бөхийн спортоор хичээллэн улсын цолтой бөх болох зорилготой. Бөхийн спорт бол миний дуртай спорт юм. Бас мэдээж хилчин офицер болох мөрөөдөл бий. Аль алийг нь хослуулна гэж бодож байгаа. Хүн хичээж, тэмүүлж, хөдөлмөрлөж байхад цаг хугацаа шагнадаг. 

-Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө ямар шаардлага тавьж, хэрхэн хөдөлмөрлөж байна вэ?

-Би зорилгодоо хүрэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, юун түрүүнд өөрийн бие бялдраа хөгжүүлэхээр бэлтгэлээ  хуваарьтайгаар хийж байгаа. Мөн уншиж судлах албаны ном их бий. Эхнээс нь уншиж байна. Хамгийн гол нь өөрийгөө бэлтгэхдээ зорилгодоо чин сэтгэлээсээ дурлах нь амжилтын үндэс болдог. 

-Гэрээт хилчний албыг хаах залуустаа хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Гэрээтийн хичний алба хаах залуустаа ямар нэгэн зүйлийг хийхээр зорьсон бол тууштай байж, өөрийгөө дайчилж хүрэхийн төлөө ажиллах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.