ХИЛ ХАМГААЛАЛТЫН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДСЭЭР БАЙНА
  • 16:40
  • 2417
Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хил хамгаалалтад орчин үеийн техник хэрэгсэл өргөнөөр нэвтрүүлэн, улсын хил хамгаалалтыг 24 цагийн туршид тасралтгүй, найдвартай зохион байгуулсаар байна.

Тухайлбал хилийн харуулыг хөдөлгөөнт байдлаар үүрэг гүйцтгэх нөхцлийг бүрдүүлэн хил хамгаалалтад орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж эхэлснийг та бүхэн гэрэл зургаас харж байна. Ингэснээр цагийн байдлын ямар ч үед бага хүчээр, олон хувилбараар хил хамгаалалтыг уян хатан зохион байгуулах боломж бүрдээд байгаа юм. Хил хамгаалах ерөнхий газраас ЗИЛ-130, ЗИЛ-131, Урал маркийн автомашинуудыг тусгайлан тоноглож, хил хамгаалалтад хилийн хөдөлгөөнт харуулын хэлбэрээр ашиглаж байна. Хилийн нөхцөл байдал, физик, газар зүй, байгаль, цаг агаар, бүсийн онцлогоос шалтгаалан хилийн зөрчил гарч болзошгүй чиглэл, хүрэхэд хүндрэлтэй хэсэг, хил орчмын дэглэмийг сахиулах зорилгоор хилийн хөдөлгөөнт харуулыг үүрэг гүйцэтгүүлж, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж байна. 

Хил хамгаалах байгууллага нь цаашид улсын хил хамгаалалтад хилийн хөдөлгөөнт харуулыг үр дүнтэй ашиглах, илүү боловсронгуй болгох, дохиолол хамгаалалтын техник технологийн ололтыг нэвтрүүлэх бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх бодлого зорилт тавин ажиллаж байгаа юм.