ХИЛИЙН 0168 ДУГААР АНГИ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД БИЕ ДААН ОРОЛЦСОН
  • 09:06
  • 2600
Чөлөөлөх дайны 75 жилийн ойд

Цуврал 2

Дэд хурандаа Г.Даваатогтох

Ангийн удирдлага дээд командлалын тушаалыг хүлээж аваад байлдааны хөдөлгөөнт ангийн штабыг байгуулж, удирдлагыг томилсон байна. Байлдааны хөдөлгөөнт ангийг дарга Эрдэнэцогтын Халтар өөрөө удирдаж, сургагчаар нь А.М.Морозов, орчуулагчаар Ринчинов томилогдов.

Хөдөлгөөнт ангийн штабыг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Штабын даргаар нэгдүгээр тасгийн туслах, дэслэгч Жавзангийн Ядмааг, штабын туслах ба гүйцэтгэх ажилтнаар Т.Цагаанхүү, Д.Лханаажав, Ц.Тогтох, Б.Дүүдэй, Ж.Цоодол, н.Дамдинсүрэн, С.Орги нарыг, Улс төрийн орлогчоор ухуулах ажлын зааварлагч Ж.Доржготов, түүний бүрэлдэхүүнд намын товчооны дарга Я.Очир, эвлэлийн товчооны даргаар Г.Шижээг, Аж ахуйн хангалтын даргаар Ц.Тавхай /том/, бүрэлдэхүүнд нь И.И.Лобик, Ж.Даш, А.А.Мехтиев, н.Чимэдрэгзэн, М.Хаймчиг нарыг томилсон байна.

Дайн эхлэхэд штабын дарга Ц.Лувсанзундуй, V тусгай тасгийн дарга Ч.Дамдин нар эзгүй байсан тул улс төрийн орлогч Б.Бурмаа, I тасгийн дарга н.Намсрай, аж ахуйн дарга н.Жамбал нар ангийн ар тал, хил хамгаалалтыг хариуцан зохион байгуулахаар үлджээ.

Хөдөлгөөнт ангийн штаб байгуулагдмагц ангийн даргын өгсөн үүргийн дагуу дээд командлалын тушаалыг үндэслэн байлдааны төлөвлөгөөг боловсруулав. Штабын төлөвлөгөөгөөр байлдааны ажиллагаанд нийт 470 хүн оролцож, эхний ээлжинд 270 хүнтэйгээр хилийн чанадад үүрэг гүйцэтгүүлэх, байлдааны ажиллагааны явцад хилийн салбарууд болон бэлтгэл хүчнээс шаардлагатай нэмэлт хүчийг наймдугаар сарын 20 гэхэд татсан байхаар тусгажээ.

Мөн Өвөрмонголын Улаанцавын чуулганы нутаг дэвсгэрт байгаа дайсны цэрэг, тагнуулын объектууд, тэдгээрийн хүч хэрэгслийг нарийн тооцож, хэзээ, ямар хүч хэрэгслээр цохилт өгөх талаар нэг бүрчлэн төлөвлөсөн байна.

Төлөвлөгөөний дагуу хүч хэрэгслээ бэлтгэж, хүн нэг бүрийн зэвсэг, салаа бүр хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, суманд хүнд пулемёт /тачанк/, минемёт нэг, сум бусад хэрэгслийг ар талаас автомашин /Зис-5/-аар тээвэрлэхээр тооцож бэлтгэжээ.