АХЛАХ АХЛАГЧ Д.БАТЖАРГАЛ: ГАГНУУРЧИН ХҮН ТӨМРИЙН МЭС ЗАСАЛЧ
  • 09:44
  • 4913
Хилийн 0164 дүгээр ангийн Нэгдсэн засварын бүлгийн засварын тоног төхөөрөмжийн мастер, автын гагнуурчин, ахлах ахлагч Д.Батжаргал. “Монголдоо л сайн гагнуурчин” гэж түүнийг ангийнхан нь хүндлэх юм билээ. Түүнтэй ажлын байранд нь ярилцахаар очиход Төв хангах техник хадгалалтын төвийн авто тавиуланд нэгдсэн засварын бүлгийнхэн, хүнд даацын жолооч нар ажил ихтэй угтав. Ажил мэргэжилдээ эзэн болж яваа эгэл даруухан хилчин гагнуурчинтай ийнхүү ярилцлаа.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Таныг цэргийн алба хааснаас хойш тус ангид ажиллаж байгаа гэж сонссон юм байна?

-Аав ээж минь Хилийн 0129, 0198 дугаар ангид ажиллаж байсан хүмүүс. Ах бид хоёр аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн удам залган хилчин болсон. Би долоон хүүхэдтэй айлын дундах хүү. Дорноговь аймгийн Эрдэнэ сумд төрж, бага нас минь хил дээр өнгөрсөн. Арван жилийн сургуулиа төгсөөд цэргийн албанд татагдан улмаар Хилийн 0164 дүгээр ангитай ажил үйлсээ холбосон юм. Хуучнаар Хилийн цэргийн дээд сургуулийн бага даргын курсыг төгссөн. Цэргийн амьдралыг сонгох болсон нь миний өсөж торнисон амьдрал ахуйтай холбоотой болов уу гэж боддог. Аав минь тээврийн жолооч байсан учраас багаасаа замд хамт явдаг байлаа. Аавтайгаа хамт хээрээр гэр хийж, шинэ газар нутаг үзэж явах их сайхан санагддагсан. Ингэж явахдаа техникийн хүн болохоор татагдсан гэж боддог. Тус ангид засварчин, жолоочоор ажиллаж байгаад сүүлийн долоон жил гагнуурчнаар ажиллаж байна. 

-Та сая намайг орж ирэхэд машины тэвш гагнаж байгаа харагдсан? 

-Манай ангид цэрэг тээвэр, хүнд даацын машины засварын бүлэг байгуулагдаад удаагүй байгаа. Ер нь засварын хоёр бүлэгтэй. Бид ангийнхаа авто машинуудын засвар үйлчилгээг хийхээс гадна Хилийн цэргийн хэмжээний засвар үйлчилгээг хийдэг. Хилийн хаана, хэзээ ч хээрийн нөхцөлд бүрэн засвар хийх боломжийг бүрдүүлж ажилладаг. Ирэх тавдугаар сараас Баруунтурууны чиглэлд засварын бүлэг үүрэг гүйцэтгэхээр гарна. Тус бүлгийн бэлтгэл ажил эхлээд явж байна. Сүүлийн үеийн хүнд даацын машинуудын тэвш нь төмөр болсон. Тогшин төмөртэй учраас хүнд ачаатай, зам муутай газраар явахад урагдалт ханзралт их гардаг. Тээвэрт яваад ирсэн машинуудынхаа засвар үйлчилгээг хийнэ. Ер нь гагнуурчны ажилд сул үе гэж байдаггүй. 

-Та гагнуурчин мэргэжлийг анх хэрхэн эзэмшив?

-Дээхнэ үед хилийн ангид нарийн мэргэжилтэн төдийлөн ажилладаггүй байлаа шүү дээ. Тиймээс ч аав минь гагнуур хийхээс гадна техникийн бүхий л засвар үйлчилгээг өөрөө хийчихдэг байв. Наймдугаар ангийн сурагч байхдаа гагнуур хэрхэн хийхийг анх ааваараа заалгаж сурсан юм. Зуны амралтаараа гагнуур хийдэг байлаа. Гагнуур хийх тусам надад сонирхолтой санагдах болсон. Хийж чадвал маш сайхан мэргэжил шүү дээ. Төмрийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Гэхдээ хүнээс багагүй тэсвэр тэвчээр шаардана. Анх гагнуур хийж сурч байхад нүд их өвддөг байлаа. Түлэгдсэн нүүр хэдэн өдрийн турш гар хүрэхийн аргагүй хорсож явна. Тиймээс анх няцсан. Гэхдээ дадлагажих тусам илүү сайн хийхийн төлөө тэмүүлдэг юм билээ. Хүн сонирхсон чиглэлээ тодорхойлчихсон байхад юуг ч бүтээх гэж зүтгэдэг.

-Нээрээ л гагнуурын очийг битгий хараарай, нүд өвдөнө гэдэг шүү дээ? 

-Гагнуур хийхэд гарах туяаг харахад нүүр, нүд их хорсдог. Наранд түлэгдэхээр арьс яаж улайж хорсдог билээ, яг түүн шиг. Хорссондоо уйлаад л хонодог байлаа шүү дээ. 

-Тэр үед хамгаалалтын хэрэгсэл ашигладаггүй байсан юм уу? 

-Хэрэглэлгүй яахав. Ашиглаж сураагүйдээ л тэр байхгүй юу. Гагнуурын хамгаалалтын баг чинь тас хар шилтэй. Туршлагагүй учраас хар шилний цаанаас гагнах гэж байгаа зүйлээ сайн олж харж чадахгүй. Тиймээс гагнах зүйлээ олж харахын тулд багныхаа хажуугаар харж байгаад нүдээ өвтгөчихдөг байсан хэрэг. Дадлагажаад ирэхээр ерөнхий баримжаагаар ажиллаад сурчихдаг.

-Та мэргэжлээрээ ажиллах тусам сонирхолтой болдог гэлээ шүү дээ. Ер нь гагнуурын төрөл хэр олон бэ?

-Хуучин цахилгаан болон хийн гагнуур гэж л байлаа шүү дээ. Сүүлийн үед олон төрлийн гагнуур шинээр гарч байгаа учраас бид суралцах шаардлага тулгарч байна. Энэ жил манай анги гагнуурын шинэ тоног төхөөрөмж авахаар захиалчихсан байгаа. 

-Төмөр гэх хатуу биетийг гагнуурчин хүн хүссэнээрээ өөрчилж чаддаг нь гайхамшигтай. Ер нь мод, чулуутай ажиллахаас ямар ялгаатай вэ?  

-Төмрийг өөрийн хүссэнээр өөрчилж болдог учраас ажиллахад урамтай байдаг. Мужаан хүн модныхоо хэмжээг нэг л буруу авчихвал алдаа гарч, эргээд ашиглахад төвөгтэй байдал үүсдэг. Харин төмрийг бол цааш засварлан ашиглаж болдог.  

-Тухайн эд зүйлийн гагнаасыг хараад чанар байдлыг үнэлэх боломжтой юу?

-Тавигдаж байгаа гагнаас оёос, ширээсээр нь шууд уншигддаг.  

-Оёдол гэж ярьдаг юм уу? Ер нь гагнуурын эрдэм өөрийн гэсэн онолтой байх тэ?

-Онол байлгүй яахав. Бид нуман тулгуурт гагнуурыг ихэвчлэн хийдэг. Харин миний хувьд аавыгаа дагалдаж гагнуур хийж сурсан. Мэргэжлийн үнэмлэхтэй. Энд тэндхийн мэргэжил нэгт найз нараасаа мөн суралцсаар ирсэн. 

-Таныг байгууллага төдийгүй улсдаа урдаа барих сайн гагнуурчин гэж тодотгох юм билээ?

-Монголдоо ч гэж ярьж болохгүй байх. /Инээв.сур/ Өөрийн өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх нь миний үүрэг. Эрчим хүч, сан, даац, өндрийн даралтын гагнуурчид маш чадварлаг, нарийн мэргэшсэн байдаг. Мэргэжлийн ур чадвар өндөр шаарддаг ажил. Тэдний хажууд мань мэт мундагт тооцогдохгүй. 

-Мэргэжил бүхэн сайхны зэрэгцээ хүндрэлтэй тал ч байдаг шүү дээ?

-Залуу байхад аливаад хайхрамжгүй ханддаг байлаа. Тиймээс алдаа гаргах үе байсан. Жишээлбэл, машины рам тасарлаа гэхэд цааш нь ухаж паскдаж гагнадаг. Тэгтэл рамны цаана юу байгааг харалгүй ухсанаар цахилгааны утсыг шатаах магадлалтай. Нэг ажил хийх гээд өрөөлд төвөг удаж болохгүй биз дээ. Ер нь бага залууд аливаад хөнгөн хандчих гээд байх үе бий. Ажлыг хурдан хийхдээ гол биш гэдгийг ойлгож авсан. Дээр үеийн тээврийн жолооч нар маш чамбай хүмүүс байлаа. Бид нарын дутуу дулимаг хийснийг ах нар чиглүүлэн хэлж хийнэ. Тэр бүрт нь ажилдаа хариуцлагатай болж суралцсаар ирсэн. 

-Та ажлаасаа ямар жаргал мэдэрдэг вэ? 

-Гагнуурчин хүн ажлаа нэг л эхлүүлбэл өөр зүйл бодох ямар ч боломж байдаггүй. Төмрийнхөө хайлшийг нарийн харна. Анхаарал сарнихад алдаа гаргах, буруу хийх эрсдэлтэй. Зарим газар гагнагдахгүй орхигдох ч магадлалтай. Гагнуур хийж байгаа үед хажууд юу болж байгааг, орчин нөхцлөө төдийлөн анзаардаггүй. Гагнуур хийж эхлэхээс өмнө амьдралд тохиолдсон элдэв зүйл толгойд бодогдож л байдаг. Харин гагнуур эхлэхэд бүхий л анхаарал электродны үзүүр дээрх төмрийн хайлшан дээр төвлөрдөг. 

-Электрод хайлаад бөнжигнөх нь хөндлөнгөөс сонирхолтой харагддаг шүү?

-Тугалга хайлаад мэлтэлзээд л урсдаг шүү дээ. Тэрийг л харах ёстой. Яг энэ үед орчноос тасарчихдаг. Хажууд юу болж байгааг үнэхээр анзаардаггүй. Юм унаж, машин асаад хөдөлж байхад ч мэдэрдэггүй. Тиймээс гагнуурчин хүн ажлаа эхлэхээс өмнө өөрийн эрсдэлийг тооцож, байрлалаа зөв сонгох шаардлагатай. Жишээлбэл, өндөрт гагнуур хийхдээ хажуу тийш хэд алхах боломжтойгоо тооцоолох хэрэгтэй юм. Багтай үед орчноо сайн хардаггүй учраас хөл хий алдаж гишгэж ч болно. 

-Гагнуурчны үндсэн хэрэгсэл гэвэл?

-Гагнуурын аппарат, электрод баригч, масс утас, хамгаалалтын баг юм даа. Сүүлийн үеийн аппарат гагнуур хийх үеэр шил нь цайрч, харлаж хувирдаг болсон. Гагнах зүйлээ хайж багаа сөхөх шаардлагагүй болсон гэсэн үг. Ер нь гагнуур хийх үед маш хурц туяа гардаг учраас электродны үзүүрийг л харахаас биш нийт талбайг хардаггүй. 

-Яг л мэс засалч шиг санагдаж байна. Би хамгаалалтын багны цаанаас бүгдийг харж байдаг гэж боддог шүү дээ?

-Төмрийн мэс засалч л гэсэн үг. Гагнуур эхлээгүй үед хав харанхуй, электродоо асаасан үед бага зэргийн гэрэл гарна. Ажлынхаа нийт талбайг харах ямар ч боломжгүй. Тиймээс л анхаарал маш ихээр хандуулах шаардлагатай гээд байгаа юм. 

-Тиймээс ч хүнээс олон нарийн мэдрэмж шаарддаг байх нь?

-Гарын жигд хөдөлгөөн, нүдний ур дүй, мэдрэмж шаардана. Бүтэн өдөр гагнуур хийсний дараа маш их ядардаг. Гараа байнга өргөж ажилладаг учраас цуцна. Мөн ихэнхдээ өвдгөн дээрээ сууж ажиллах шаардлагатай. Босоо байрлалаар гагнах нөхцөл ер нь бага. Тиймээс ч гагнуурчдын өвдөг арай илүү хөрсжсөн байдаг. /Инээв.сур/ Өмдний өвдөг тэснэ гэж байхгүй. Олон жилийн туршлагатай гагнуурчин чимээгээр гагнадаг болдог. Хайлж байгаа чимээг мэдэрдэг гэсэн үг. Манай ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Сэнгэдорж гээд ахмад гагнуурчин чимээгээр л гагнадаг байлаа. Сүүлийн үеийн монгол залуус гагнуурын төрлөөр дэлхийд тэргүүлж чадаж байна. Сайн гагнуурчны цалин хөлс ч  өндөр болсон. Зэрэг ахих тусах цалин нь нэмэгддэг юм билээ.

-Та амьдрал дээр мэргэжлээсээ юуг суралцсан бэ? 

-Гагнуурчны мэргэжил хүнд тэвчээр суулгана. Нүд өвдөх, түлэгдэх энүүхэнд гэж хэлсэн шүү дээ. Гагнуурын оч бие рүү үсрэхэд анхандаа цочин сандарч сүйд болдог байлаа. Сүүлдээ жаахан займчихсхийгээд тоохоо ч болино. Мөн хүнийг хариуцлагатай болгодог ажил. 

-Ажиллах нөхцөл хортойд тооцогдоно биз?

-Хортой нөхцөл. Бүтэн өдөр гагнуур хийсний дараа хамарнаас хар тортог гардаг. Төмрийн шатсан утаа, туяаны хор гэж бий. Хортой нөхцлийн сүүний нормоо өдөр бүр уудаг. 

-Та Хил хамгаалах байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ? Өнгөрсөн жил хамт олноо тэргүүлэн “Сүлдэт багана” шагналын эзэн болж байсныг санаж байна?

-Хорь дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн онд энэ эрхэм шагналын эзэн болсондоо баяртай байгаа. Таван сарын турш цэрэг тээвэр, хөдөлгөөнт харуулын машинуудыг тоноглох, засварлах ажилд хамт олонтойгоо гар нийлэн ажилласан. Энэ таван сарын туршид бид бараг амралтгүй. Хилийн 0252, 0151 дүгээр ангийн засварын бүлэгтэй хамтран ажилласан. Өнгөрсөн жил манай ангийн түүхт 80 жилийн ой тохиосон учраас ангийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Хово маркийн машины ачаа даацыг нэмэгдүүлэх ажил хийсэн. Төв агуулахын хашаан дээгүүр торон саад татаж, дохиололжуулах, камержуулах ажилд 200 орчим шон хийсэн ажлыг минь үнэлсэн юм болов уу. 

-Та шавиа хэрхэн бэлтгэж байна. Шинэ залуу гагнуурчдад юу гэж зөвлөх вэ?

-Гагнах гэж байгаа зүйлийнхээ нарийн зураглалыг гаргах хэрэгтэй. Ингэж төлөвлөхгүй бол нэг зүйлээ ахин дахин хийх шаардлагатай болно. Тухайн ажлыг чадна гээд хийж эхэлсэн бол төгс болгохын төлөө зорих хэрэгтэй. Өнгө үзэмж, мөнгөний төлөө ажиллана гэдэг худал зүйл. Сүүлийн үеийн залуус хүнд ажлаас зугтах, халгах тал ажиглагддаг. Гэхдээ Хилийн цэрэгт залуус шалгуураар ордог учраас ажлаа сайн хийж гүйцэтгэдэг. Ажилдаа сэтгэлтэй сонирхолтой хүн яаж ийгээд болгох гэж зүтгэдэг. Ийм хүн туршлагажих нь хүртэл хурдан байдаг. Өөрийн хариуцаж авсан ажлаа чанартай хий. Ингэж ажиллахад хамт олондоо ч нэмэртэй дэмтэй байдаг юм шүү. Хамт олны амжилтаас хойш татахгүйн төлөө хичээж ажиллах ёстой. Тус болохгүй юм гэхэд дараа болохгүй амьдар гэж үг бий. Уг нь нэг залууг гардаж аваад сүүлийн хоёр жил бэлдсэн юм. Гэтэл биеийн байдлаас үүдэж гагнуурчнаар ажиллах боломжгүй болсон. Тиймээс нэг жил шавиа бэлдчихээд тэтгэвэртээ гарах төлөвлөгөөтэй байгаа. Сайн гагнуурчин болоход цаг хугацаа шаардлагатай. Нэг жил гэдэг ямар ч байсан гагнасан зүйл нь эргээд салахааргүй болж туршлагаждаг хугацаа. 

-Хоёулаа ажлын тань талаар багагүй ярилцлаа. Гэр бүл, хамт олон нь энэхүү ярилцлагыг уншиж байгаа шүү дээ?

-Түшигтэй ар гэр, сайн нөхөд үгүй бол амжилт гаргана гэж байхгүй. Хүнд гоц авьяас, чадвар байж болно. Гэхдээ хамт олон, найз нөхөд, гэр бүлийн тусламж дэмжлэгтэйгээр амжилтад хүрдэг. Хамт олны хүчийг үл тоомсорлодог хүн байдаг. Хичнээн мундаг нэгэн байлаа ч хамт олонгүй бол хэн ч биш. Би хамт олноосоо, хашир туршлагатай ах нараасаа ихийг сурсан. Аав минь надад, “Аливааг хийлээ гэхэд бусдад битгий түвэг болоорой. Хэрэв хийж чадахгүй зүйлд хэн нэгэн тусламж гуйвал чадахгүй гэдгээ шуудхан хэл. Чадна гэсэн бол хийсэн шиг хий. Хэн нэгэнд сайн хүн болж харагдах шаардлагагүй” гэж захисан. Тиймээс ч би чадах зүйлдээ л эзэн нь болж явья гэж боддог. Хилийн цэрэг сайхан байгууллага. Элгэмсэг “айл”. Ажилд анх орчихоод энэ мэдрэмж, хилчдийнхээ халамж хайрыг их мэдэрч билээ. Ер нь амьдралдаа Хилийн цэргийн хамт олны нөмөр нөөлгийг олонтаа мэдэрсэн. Цэргийн хүн мужаан, цэвэрлэгч, барилгачин, дарга гээд бүгдийг хийж чаддаг. Чадахын төлөө суралцдаг. Тиймээс ч цэргийн хүн илүү чадварждаг юм болов уу. Энэ бүхнийг өнгөрсөн жил ангийнхаа 80 жилийн ойн бүтээн байгуулалтын үеэр олж харсан. Хамтын хөдөлмөрийн үр шимээр ямар сайхан тохижилттой, ажиллах орчин нөхцөл бүрдэснийг та бүхэн ч харсан байх. Хилчний мэргэжил хүнийг илүү чадварлаг болгодог. 

Бас л ажлаа ярьчихлаа. Би эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Хоёр хүү оюутан, харин бага хүү хэнз гарсан. Одоо гурван настай. Манай эхнэрийн аав, ээж мөн л хилчид. Хадам аавыг хурандаа Аварзэд гэхээр хилчид андахгүй. Ханьтайгаа заяаны хань зам дээр гэдэгчлэн танилцсан. 1999 оны Увсын операцийн үеэр бид танилцаж айл гэр болон сайхан амьдарч явна.