Бэлтгэл хошууч Ж.Нямдорж
1940 оны аравдугаар сарын 17. Энэ бол “Эх орны төлөө” сонины анхны дугаар хэвлэгдэн хилчин дайчдын баярын магнайг тэнийлгэсэн түүхэн өдөр. Хилчдийн хэзээнээс тэсч ядан хүлээж байсан тус сонинг уншигчдын хүртээл болгох эрхэм үүргийг Хөвсгөл аймгийн Их Жаргалант сумын харьяат хошууч Линхуагийн Дарьсүрэнд ногдсон юм. Харин 1945 онд “Эх орны манаа” шинэ нэртэй болсон үед В.И.Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академи төгссөн Дорноговь аймгийн Мандах сумын Очирын Цэрэндорж 1951 оны арванхоёрдугаар сар хүртэл эрхлэгчээр ажиллажээ. 1950 оны есдүгээр сард 10 жилийнхээ ойгоор Байлдааны гавьяаны одонгоор шагнагдсан нь хоёр эрхлэгч тэдний ахалсан хамт олны зүтгэл бүтээлтэй салшгүй холбоотой нь маргаангүй үнэн билээ. 1952 оноос нам засгийн бодлогоор “Эх орны манаа”, “Улаан од” сонинтой нэгдэх болсон тухай шийдвэр гарсанд хилчин дайчид гүнээ харамсаж байсан гашуун үнэн бас бий.
Дэлгэр уудам эх орны минь өмнөд чиглэлийн хил хязгаарын хилийн цагийн байдал эгзэгтэй ээдрээтэй үед хилчин дайчдын удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу 1971 онд Байлдааны гавьяаны одонт “Эх орны манаа” сонин дахин сэргэн мандаж, хилчин дайчид уншигч олныхоо гар дээр очих болсон юм. Энэ нь хилчдийн болон нийт уншигчдын урам зоригийг сэргээсэн баярт үйл явдлуудын нэг болсныг үгүйлж баршгүй.
“Эх орны төлөө”-г “Эх орны манаа” хүртэл намтар баян түүх, сайн сайхан бүхний дээжээр зузаалсаар ирсэн тус сонинг үргэлжлүүлэн гаргаж, хилчдийн хүсэн хүлээдэг дотны туслагч, мэргэн зөвлөгч болгох хариуцлагатай үүргийг Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан Эрэнцэнгийн Лувсанбалданд оноожээ. Тухайн үед намын даалгавар дээд газрын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэг байсан болохоор ажилдаа шамдан орсон байдаг. Анхны дугаараа “Хөдөө аж ахуй” сонинд байсан Сэрээтэрийн Намшир, Ардын цэргийн бригадад ажиллаж байсан Цэрэндоржийн Цэвээндорж, “Үнэн” сонины бичээч байсан Лувсангийн Пагма нартай хамтран гаргаж байсан түүх бас бий. Миний бие энэ үед Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны үзэл суртлын редакцид сурвалжлагч, редактороор ажиллаж байсан юм. Тэгтэл нэг өдөр С.Намшир “Манай сонин өргөжин дугаар нэмэгдэх болж орон тоо, зохион байгуулалтын асуудал яригдаж байна. Ирж ажиллаач. Чи чинь хил хилчний талаар сонирхож зохиол бүтээл бичнэ гэдэг биз дээ. Тийм хүсэл сонирхолтой хүн одоо л ирэх цаг боллоо. Ирэх эсэхээ эртхэн хэлээрэй” гэж утасддаг юм байна. Тэгээд л түүний санал болгосноор 1979 онд энэ хамт олны халуун ам бүлд орохоор зориг шулуудсан. Намайг ирэхэд эрхлэгчээр Э.Лувсанбалдан, хариуцлагатай нарийн бичгийн даргаар С.Намшир, утга зохиолын ажилтнаар Ц.Цэвээндорж, гэрэл зурагчнаар Ч.Цэндэв, бичээч бөгөөд кассын эрхлэгчээр Д.Батмэнд, сонин гаргагчаар Ч.Лхагвасүрэн нар (хожим нь утга зохиолын ажилтан болсон) ажиллаж байлаа. Тэр үед сонингоо долоо хоногт нэг удаа гаргадаг байснаа 1978 оны гуравдугаар улирлаас эхлэн нэг хэвлэлийн хуудсаар дөрвөн нүүрээр долоо хоногт хоёр удаа жилдээ 96 дугаар гаргадаг болов. 1972 оны аравдугаар сард 1000, 1986 оны хоёрдугаар сард 2000 дахь тусгай дугаар гаргаж байв.
Бид нийтлэлийн бодлого, яам командлал хил хамгаалах удирдамж зааврын дагуу “Хилийн манааны уран чадвар”, “Сонор сэрэмж манай зэвсэг”, “Зөвлөлтийн хилчдийн туршлага”, “Мөнх дурсагдах үйлстнүүд”, “Манай эх оронд” зэрэг олон булан нээж хилчдийн сонор сэрэмж, сахилга дэг журам, ахмад хилчдийн түүхэн замнал, байгуулсан гавьяа, баатарлаг үйлсийн талаар өргөн сурталчилахын зэрэгцээ “Хилчин уран зохиол”, “Ногоон погонтны клуб” булангаараа Монголын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийг нийтэлж, авьяас билиг алдар цуугаараа олны танил болсон олон арван хүмүүсийн уран бүтээл, урлаг соёлын талаар өргөн дэлгэр сурвалжлан бичдэг байв. Намайг ажиллаж байхад Эрхүү хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн Л.Отгон НАХЯ-ны тусгай дунд сургуулийг төгсгөсөн Б.Батхүү “Үнэн” сониноос Г.Далантай, Д.Пүрэв-Очир, ангиас Ж.Эрдэнэпил нар сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар томилогдон ажиллаж байсны дотроос Бороохойн Батхүү, бичлэгийн бүх төрлөөр бичин яруу найргийн хэд хэдэн ном гаргаж, МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн яруу найрагч болсныг би мэдэх юм. Ж.Дорж гэрэл зургийн сурвалжлагчаар, Б.Цээсүрэн гэрэл зургийн лаборантоор, Д.Энхтуяа бичиг хэргийн эрхлэгч, кассын няраваар ирж байлаа. Мөн энэ үед сонины үсэг нийтлэгчээр хугацаат албаны хэд хэдэн байлдагч байсны дотроос Хөвсгөл аймгаас татагдсан Ж.Цэрэнбат сайн ажиллаж “Онц хилчин” тэмдгээр шагнагдаж байсан юм.
Манай сонинд намын төв хороо, НАХЯ, хүчний байгууллагын удирдлага олонд нэр алдар нь түгсэн сэхээтэн, эрдэмтэн, соёл урлагийн зүтгэлтнүүд эх бичдэг байсны зэрэгцээ хилийн анги, салбаруудаар явж хилчдийн хил хамгаалалт ахуй хангалттай биечлэн танилцаж үүрэг даалгавар, сургамж зөвлөгөө өгдөг байлаа. Тухайлбал, МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх Хилийн 0164 дүгээр ангид, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа Хилийн 0146, 0129 дүгээр анги, салбарын ажил байдалтай танилцахад гэрэл зурагчин Ч.Цэндэв бид хоёр сурвалжлага хийж явлаа. Мөн НАХЯ-ны Сайд, хурандаа генерал С.Лувсангомбо, НАХЯ-ны Орлогч сайд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын дарга, дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал Л.Баябазар бусад удирдах хүмүүсийг хил хязгаараар явахад зурагчинтайгаа хамт дагалдан явж мэдээ, сурвалжлага, тэмдэглэл бичдэг байв. Үүнээс гадна сонины эрхлэгч Гэлгээгийн Дагважамц улс төрийн газрын зарим ажилтны хамт ЗХУ-ын Өвөрбайгалийн хилийн цэргийн тойргийн ажилтай танилцах туршлага судлах ажлаар явж байлаа. Үүнээс гадна 1980 оны арванхоёрдугаар сард Хилийн 0168 дугаар ангийн дугаар салбарт арав хоног хилчин болж, манаанд явахын сайхныг тэгэхэд л мэдэрсэн. Ингэж явж байхдаа хилчин байлдагчдыг сонор сэрэмж, авхаалж самбаа, ажилч хярхай чанар, тэсвэр тэвчээр ямар өндөр байдгийг бүрэн ухаарсан даа.
Үе үеийн хилчдийн дотны зөвлөгч хүсэн хүлээж унших дуртай “Эх орны манаа” сонинтойгоо 1978-1990 он хүртэл 11 жил амьдрал, уран бүтээлээ холбож сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэслэгчээс хошууч, Орос, Монголын “Онц хилчин” цол хүртсэн хүний хувьд хуучлах зүйл, сэтгэлд хоногшин үлдсэн зүйлс бишгүй л байх юм. Та бүхний үнэт цагийг хэмнэхийг эрхэмлэн энэ бүхнийг цэглэе.
Энэ хугацаанд соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор цол хүртсэн Э.Лувсанбалдан, доктор, профессор, хурандаа Г.Дагважамц, дэд профессор хурандаа Ш.Доржбал нартай гар санаа нийлэн ажиллаж байснаа эргэн санахад сэтгэл өег явдгаа илэрхийлэхийн ялдамд хамт алба хашиж явсан болон нийт хилчдэдээ сониныхоо 80 жилийн ойн баярын гал халуун мэнд дэвшүүлье.