Аавын нөмөр, ээжийн энгэр шиг эх орны минь дархан хил. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист эгэлгүй атлаа эгэл жирийн амьдралтай хилчид улсынхаа хилийг эмжин, энхийн манаанд зогсож байгаа. Хээрийн салхи, уул устайгаа ижилссэн эгэл боргилын туйл эрхэм үнэтэй хилчидтэй хамт 80 жилийг туулсан оюуны гэгээ, "тархины талх", ухааны ундарга, урам дэм, мэдлэг мэдээллийн цөм “Эх орны манаа” сонин билээ. Хилчдийн хамгийн дотнын нөхөр, мэдээллийн эх сурвалж, оюуныг цэнэглэгч сониныхоо үе үеийн уран бүтээлчдэд талархлаа илэрхийлэх ёстой. Та бүхэндээ баярлалаа.
Баярлахын учир Хил хамгаалах байгууллагын бодлого, шийдвэр, хилчидтэй холбоотой бүхий л дотоод, гадаадын мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлага, сурвалжлага, хөрөг зэрэг сэтгүүл зүйн олон төрлөөр охь дээж, шим шүүстэй мэдээллийг “Эх орны манаа” сониноос тольддог билээ. Ялангуяа улсынхаа хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдэд юутай үнэтэй вэ. Хилчдийн оюуны хэрэгцээг хангах гэж цаг наргүй хөдөлмөрлөж, тархи оюунаа чилээн, бодол сэтгэлээ хөглөж, тархиа гашилган, эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, хилчдийн хүртээл болгох хариуцлагатай хийгээд амаргүй ажлыг үе үеийн сэтгүүлчид бүтээсээр ирсэн. Бүтээж яваа, бүтээсээр байх энэхүү хэлхээ тасралтгүй, зогсолтгүй үргэлжилнэ. Тасрах ёсгүй амин хэлхээг та бид буюу хилчид л үргэлжлүүлнэ. Үргэлжлүүлэх ч ёстой.
Оюуны хөдөлмөр амаргүй. Амар хялбараар бодох эрх байхгүй. Амаргүй чухал бас эрхэм ажлыг үнэлэх ухамсар хилчдэд бий гэдэгт итгэдэг.
"Эх орны манаа" сонины дугаар бүрийг ангийн төв, хилийн салбар бүхэнд үдэн, түүх болгон үлдээж, хайрлан хамгаалдаг. Хайрлан хамгаалах нь хилчдийн зүрх сэтгэлд оршин буйн хэрэг. Хамаагүй хаяж, хаа сайгүй үрж, гээгдүүлээд эхэлвэл хайран, харамсалтай хэрэг болно. Өөрсдөө хөдсөн дээлтэй ч номыг торгоор ороож баринтаглан дээдэлдэг өвөг дээдсийн өндөр ухаанаас өвлөн үлдэж, суралцах уламжлал ухааныг бид л залгуулна. Ийм л учиртай, тийм л жамтай. Хүн төрөлхтний хөгжилд ч тэр оюуны бүтээлийг үнэлдэг, үнэлсээр ирсэн нь ухамсарт хүний амьтнаас ялгарах шинж гэдгийг оюуныг дээдлэгчид, ухаант билгүүн эрдмийн эрхэм хүмүүс цагийн цагт үлгэр дуурайлал болгон өвлүүлсээр иржээ. Хичнээн цахимжиж, дэлхийн хүмүүс өөрчлөгдсөн ч оюуны соёлыг илэрхийлэх ном, сонин, сэтгүүлийг хөгжүүлсээр, өнөөдрийг хүрчээ.
“Эх орны манаа” маань эргэх дөрвөн цагийн улиралд эрхэм чухал мэдээ, мэдээллээ түгээсээр он жилийг орхин туулсаар 80 нас сүүдэр зооглож буй хүндтэй агаад хүчирхэгжсэн хилчдийн төдийгүй хилчдийн гэр бүл, төрөл төрөгсөд, энгийн ардын шимтэн хүртэх шижир алт шиг цэнэтэй, цэгнэн хэлбэл хойморт заларсан өндөр настан билээ. Өндөр хишигтэй, өргөн мэдээлэлтэй, өргөн олныг хамарсан, үүнээс ч илүү дэлгэрэн хөгжих, цаг хугацааг тасралтгүй туулах, цаглашгүй, хэмжээлшгүй хилчдийн оюуны хөтөч, сэтгэлгээний оосор бүчийг атгасан “Эх орны манаа” сонинд, хамт олонд түүхт 80 жилийн ойн гал халуун мэндийг хүргэе. Дундаршгүй боргилох булаг шиг ундарч, дуусашгүй их ажлыг гүйцээн, хилчдийнхээ мэлмийг гийгүүлж, мянга мянган жилээр түүхийн шаргал хуудсыг түүчээлэн, ивээлт нарны цацраг шиг илч дулаан, эерэг бүхнийг түгээхийн түмэн учгийг атгуулсугай.