Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ
-"Цуглуулагч" клуб хэзээ байгуулагдсан бэ?
-"Цуглуулагч" клуб 2017 онд байгуулагдсан. Анх багш, сонсогчид буудлагаас гарсан хонгионуудаар бүтээл хийж, сургуулийнхаа брэнд болгох зорилготойгоор байгуулж байсан юм. Клубын тэргүүн нь хурандаа Д.Нямсүрэн. Нийт 10 гишүүн, 50 орчим дэмжигчтэй.
-Клубын гишүүдийн цуглуулгаас сонирхуулбал?
-Гадаад, дотоодын цаасан дэвсгэрт, зоосон мөнгө, шаазан эдлэл, ил захидал, марк цуглуулдаг.
-Таны хувьд юу цуглуулдаг вэ?
-Би гадаад, дотоодын цаасан дэвсгэрт болон зоосон мөнгө цуглуулдаг. Өнөөдөр хилчдэдээ Монголын гүйлгээнд ашиглаж байсан зоосон мөнгөний цуглуулганаасаа дэлгэхээр авчирсан.
-Сонирхуулбал?
-Анх 1925 онд гүйлгээнд орж байсан мөнгөөс эхлээд 1937, 1945, 1959, 1970, 1981 онд ашиглагдаж байсан зоосон мөнгөнүүдийн цуглуулга байна. Мөн 1994-2001 онд гарсан “шар” нэг төгрөгний цуглуулга бий. Үүнийг зоос цуглуулагчид найман шарга гэж нэрлэдэг.
-Хэзээнээс зоосон мөнгө цуглуулах болсон бэ?
-Улс орны мөнгөн дэвсгэрт гэдэг тухайн улсынхаа түүхийг илэрхийлж байдаг. Мөн ямар ч цаг үед үнэ цэнээ алддаггүй. Энэ утгыг нь бодож 2011 оноос цаасан дэвсгэрт, 2015 оноос зоосон мөнгө цуглуулж эхэлсэн. Ер нь хүн өөрийн гэсэн хоббитой болж, ямар нэгэн зүйлийг цуглуулахад аривч хямгач, нямбай болж төлөвшдөг юм шиг санагддаг. Хөл хориотой байгаа эдгээр өдрүүдэд цуглуулгаа өдөрт хэд үзсэн ч уйдахгүй сууна.
-Таны цуглуулгын хамгийн хамгийн гэвэл?
-Хамгийн олдоц ховор нь 1925 оны зоосон мөнгө. Олдсон ч гэсэн чанар нь их муудсан байдаг. Тэр дундаа 15 мөнгө хамгийн ховорт тооцогддог. Энэ оны зоос чанар байдлаасаа шалтгаалаад нэг ширхэг нь 50.000-500.000 төгрөгөөр худалдаалагддаг.
-Та зоосон мөнгөнүүдээ он оноор нь төрөлжүүлж цуглуулсан байна?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж Монгол банкнаас 2006 онд гүйлгээнд ороогүй зооснуудыг он, оноор нь гаргасныг олж авсан юм. Энэ зоосон цуглуулганы онцлог нь гадна савалгаан дээрээ бүх тайлбарыг нь тун ойлгомжтойгоор тусгаж өгсөн байдаг тул давхар танин мэдэхүйн ач холбогдолтой.
-Танд нийт хичнээн зоос байна?
-Одоогоор надад Монгол зоос 100 орчим байна. Монгол Улсад гүйлгээнд ашиглагдаж байсан бүх зоосон мөнгийг цуглуулж чадсан. Гэхдээ цуглуулагчид нэг иж бүрдлийг цуглаалаад зогсдоггүй. Өөртөө байгаа зоосыг давхар цуглуулдаг. Тэгж байж өөрт илүү байгаагаа бусадтай солилцдог.
-Цаасан дэвсгэрт болон зоосон мөнгө цуглуулахад эрсдэлтэй юу?
-Цаасан мөнгө урагдаж, үрчийх эрсдэлтэй. Зоосон мөнгө ч мөн адил хоорондоо үрэгдэж, зурагдана. Өнгө нь алдагдана. Тиймээс бүгдийг нь тусгай зориулалтын альбомонд хийж хадгалдаг. Зоосон мөнгөнүүд чийг авах, хүний гар хүрэх бүрт өнгөө алдаж, элэгдэж байдаг. Тиймээс дан дангаар нь хадгалах нь тохиромжтой.
-Хүмүүс өнгөө алдсан зоосон мөнгийг шүдний оогоор өнгөлчихдөг?
-Өнгөлж болно. Гэхдээ өнгөлсөн зоос мэдэгддэг л дээ. Тиймээс хэдий хуучирсан ч анхны төрхөөр нь хадгалах нь үнэ цэнэтэй.
-Танд байгаа зооснуудаас хамгийн өртөг өндөр нь?
-БНМАУ-ын 50 жилийн ойгоор алт, мөнгө, зэс, никель гэх дөрвөн төрлийн зоосон мөнгө гаргасан байдаг. Надад мөнгөн нэг төгрөг бий. Энэ нэг төгрөг зах зээлийн үнэлгээгээр 400-500 мянган төгрөгний ханштай байгаа. Цуглуулагчдын хувьд алт, мөнгөн хувилбар нь тун үнэ цэнэтэй. Гуулин нэг төгрөг нь мэр сэр зарагдаж байдаг.
-Таны цуглуулгыг мөнгөн дүнгээр бодож үзвэл хэд орчим болох вэ?
-Яг тогтсон үнэлгээ, ханш гэж байхгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Миний багцаагаар хоёр сая төгрөгний зоосон мөнгө бий.
-Цуглуулгандаа энэ мөнгө, зоосыг нь олоод авчих юмсан гэсэн зоос бий юу?
-Манж, Хятадын зоос цуглуулдаг юм уу гэж бодож байгаа. Мөн Монгол Банкнаас цуглуулагчдад зориулж гаргасан зооснуудыг олж авах бодолтой байна.
-Эртний зооснуудын олдоц хэр байх бол?
-Ховор биш. Эртний эд зүйл худалдаалдаг дэлгүүрт нэг зоос хадгалалтын чанар байдлаасаа шалтгаалаад 2000-5000 төгрөгний ханштай зарагддаг.
-Танд байгаа хамгийн элбэг зоосон мөнгө?
-1970-1980 оны зоос их байна. Гадуур ч олдоц нь элбэг.
-Гадаад зоосон мөнгө цуглуулдаг уу?
-Нэлээн хэд байгаа. Хааяа үндсэн цуглуулга зогсох үед гадаад зоосон мөнгийг төрөлжүүлээд цуглуулна.
-Цуглуулганаасаа нэмж сонирхуулах зоос юу байна?
-Хамрын хийдийг зорьж очоод авсан зоос байна. Тэнд зоосон мөнгөний автомат машин байдаг. Нэг зоосыг 5000 төгрөгөөр худалдаж авдаг.
-Зооснуудаа хэрхэн олж авдаг вэ?
-Өөрөө худалдаж авна. Мөн найз нөхөд бэлэглэнэ. Гэхдээ цуглуулагчид хүнээс зүгээр зоос авдаггүй. Заавал хариуд нь амттан өгдөг. Үнэгүй орж ирсэн зүйл алга болдог, тогтдоггүй гэх “мухар” сүсэг байдаг л даа.
-Хоббигоо дэлгэсэнд баярлалаа.