Дэслэгч Б.Мөнхтуяа
-Сайхан хаваржиж байна уу?
Н.Б: -Сайхан хаваржиж байна. Та сайн явж ирэв үү?
-Хаваржилт ямар байна. Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Б.А: -Энэ жилийн хавар бага зэрэг хатуу байж магадгүй талаар ахмад настнууд ярьж байгаа. Цас алаг цоог байгаа нь малд устай яваандаа газарт чийг өгөөд сайхан хавар болох шинжтэй. Би Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. Би үсчин мэргэжилтэй. Малын суурийнхныхаа үсийг засаж өгдөг.
Н.Б: -Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрж өссөн. Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдсан. Эхнэр Л.Саранзаяа бага ангийн багшаар ажилладаг. Бид Энхрийлэн гэж гурван настай хөөрхөн охинтой. Би 23 настай. Өөрийн саналаар малын суурьт үүрэг гүйцэтгэж байгаа. Миний хувьд багаасаа мал малласан. Малчинг би тусгай мэргэжил гэж боддог.
-Танай гэр их цэвэрхэн юм. Эрчүүд амьдардаг орчныг ийм сайхан цэвэрхэн байхыг харах сайхан санагдаж байна шүү?
Б.А: -Тантай санал нэг байна. /Инээв/ Эр хүн хаана ч амьдралаа түүртэхгүй зохион байгуулж авч явах ёстой гэж боддог. Бидэнд өвөө, эмээ маань их тусалдаг. Өвөө, эмээ гэхээр гайхаж магадгүй. Малчин Г.Өлзийбат, Б.Бямбасүрэн нарыг бид ингэж авгайлан дууддаг юм. Бид чөлөөт цагаараа өвөө, эмээтэйгээ шагай, шатар тоглож, бас ном уншдаг. Ангиас бүлэг ирэх бүртээ шинэ ном, сонин авчирч өгдөг юм.
Н.Б: -Манай суурь бог малтай. Мал ид төллөөд эхэлсэн учир ажил их байна. Гэхдээ чөлөөт цагаа бид хоёр зөв өнгөрөөхийг боддог. Сая ангийн төвд “Төл түмний үйлс” аян өрнөж бие бүрэлдэхүүн бидэн хэрэгтэй зүйлс ихийг бэлтгэн явуулсан байна билээ. Энэ дашрамд баярлаж талархсанаа илэрхийлье. Их сайхан урам авсан шүү гэж хэлмээр байна.
-Цар тахлын эсрэг хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байна?
Н.Б: -Бид телевизийн мэдээнээс цаг алдалгүй мэдээлэл авч байна. Мөн ангийн Эрүүл мэндийн төвөөс ариутгал хийх аргачлал, зөвлөгөө өгч ариутгалын бодисыг ч өгсөн. Байнга гараа угааж, амьдарч буй орчиндоо ариутгал хийж байгаа. Ангиас ирсэн бүлэг мөн их цэвэрлэгээ, ариутгал хийж өглөө.
Б.А: -Хавар болоод цаг агаар сайхан дулаарч байна. Үүнд тайвширч хувцсаа шууд нимгэлж болохгүй. Өвөө, эмээ хоёртой хамт байгаа учраас бидэнд байнга анхаарал тавьж байгаа.
-Та хоёртоо амжилт хүсье. Улам гялалзаад байгаарай, залуус аа?
Н.Б: -Баярлалаа. Биднийг байнга анхаарч байдаг ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд, өвөө, эмээдээ баярлаж талархсанаа илэрхийлье. Эхнэр, охин хоёртоо сонины хуудсаар дамжуулан “хайртай шүү” гэдгээ хэлье.
Б.А: -Би ч мөн адил баярласнаа хэлье. Албаа нэр төртэй хаах болно. Мөн эх орны дөрвөн зүг, найман зовхист үүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчдэдээ амжилт хүсье.