Хошууч Д.Амарсайхан
1945 оны Чөлөөлөх дайнд төр засгийн бодлогын дагуу хилчид тавигдсан үүрэг, тушаалыг бүрэн биелүүлж түүхийн шаргал хуудсанд удаа дараагийн баатарлаг үйлс нь тодоор бичигдэж үлдсэн тул Хилийн 0184 дүгээр анги нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 129 дүгээр зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор нэхэн шагнагдсан. Фашист Германы хамсаатан милитарист Японы цэргийн хүчийг цохихоор ЗСБНХУ 1945 оны наймдугаар сарын 08-нд Японы эсрэг дайн зарласантай холбогдуулан БНМАУ, ЗСБНХУ-тай 1936 онд харилцан туслалцах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, БНМАУ, Японы эсрэг дайн зарласан.
Монгол-Зөвлөлтийн хамтарсан армиудын баруун жигүүрийг хангах хөдөлгөөнт бүлгийн командлагч, ЗСБНХУ-ын баатар, хурандаа генерал И.А.Плиев, Монгол ардын төв хорооны нарийн бичгийн дарга, армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Ю.Цэдэнбал, бүх цэргийн жанжны орлогч, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар 1945 оны наймдугаар сарын тэр нэгэн өдөр Хилийн 0184 дүгээр ангийн 0107 дугаар салбараас байлдааны анхны тушаалыг өгсөн байдаг.
Тодруулбал, 1945 онд наймдугаар сарын 09-ний өдөр Хилийн 0184 дүгээр ангид хурандаа генерал И.А.Плиев нисэх онгоцоор ирж ангийн захирагч, хурандаа М.Гомбожав, штабын дарга, ахмад Д.Өлзий-Утас нараас хилийн цагийн байдлын өрнөлт, хил хамгаалалтын тухайн үеийн арга ажиллагааны тухай танилцуулга мэдээлэл сонсоод, тэднийг хилийн 0107 дугаар салбарт очих үүргийг өгчээ. Үүргийн дагуу ангийн захирагч, хурандаа М.Гомбожав, штабын дарга, ахмад Д.Өлзий-Утас нар машинаар тогтоосон хугацаанд очиход дайнд оролцох Зөвлөлт-Монголын мотомеханикжуулсан групийнхэн, анги нэгтгэлийн дарга нар гээд нийт 60-70 офицер цугласан байв. Ингэж тус ангийн хариуцсан хэсэг дээр дайн эхлүүлэх анхны үүргийг давшилтад орох анги нэгтгэлийн дарга нарт тавьсан нь энэ байв. Хилийн 0184 дүгээр ангийг БНМАУ-ын хилийг давж Японы эсрэг дайнд давших үеийн аюулгүй байдлыг хангах үүргийг ангийн захирагчид өгсөн юм. Тус ангид тавигдсан үүрэг нь:
1. Монгол, Зөвлөлтийн хамтарсан армиуд давшилт явуулах нөхцлийг хилийн ойролцоох бүсэд хангах, дайсны хөдөлгөөний сүүлийн байдлыг мэдэхийн тулд хилийн ойролцоо суурьшсан Японы таван заставыг устган амьд хэл олзлох;
2. Дайны хүчээр чөлөөлсөн газар оронд тусгай бүлгүүд томилон, түр хугацаагаар суурьшин, нуугдаж хоцорсон дайсны зэвсэгт бүлэглэл, тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэн баривчлах, шаардлагатай тохиолдолд устгах;
3. Чөлөөлөгдсөн нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлын хангах ажлыг зохион байгуулж, дайснаас хамгаалах тусгай бүлэг томилон үүрэг гүйцэтгүүлж байсан байна.
1945 оны Чөлөөлөх дайнд Хязгаарын цэргийн найман анги нэгтгэл үүрэг авч оролцох болсон бөгөөд үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.