"Засгийн газрын мэдээ" сонин. Ш.Даваадорж
Нэлэнхүй цас хучсан домогт Мэнэнгийн тал цав цагаан далай лугаа цавцайн цайрна. Угаасаа Дорнын хязгаарт хүргэх эл талын зам ямар ч хар (асфальт) замаас үл дутам тэгш толигор бөлгөө. Тиймээс бидний хөлөглөж яваа хөдөө замд тохируулж тусгайлан тоноглосон цоо шинэхэн “Ланд- 200” газрыг хуйлан эвхэж буй мэт үтэр түргэн хороох нь туйлаас урамтай. Машин ч гэж машин, жолооч ч гэж жолооч ажээ. Баатар хэмээх тэрхүү үг дуу цөөтэй, өндөр ахлагч-жолооч асар ур чадвар, туршлагатай нь илт. Басхүү машин тэрэг нь цэвэр, цэмцгэр аж. Ийм найдвартай унаа, жолоочтой байхад би л лав ямагт сэтгэл хан галуун байж чаддаг юм. Хилийн цэргийн амьдралтай танилцах бидний сэтгүүлчдийн бичил баг (Д.Заяабат, Д.Баасанжаргал нарын хамт) ийнхүү Дорнод, домогт Халхын гол, Буйр нуурыг зорин яваа нь энэ билээ. Цэрэг арми, тэр тусмаа хилийн цэргийн амьдралыг сайн мэдэх сэтгүүлчдийн нэгэнд өөрийгөө бардам нэрлэж чадна. Онгирч, омойтсон явдал огт биш билээ. Яагаад гэвэл би хилийн цэрэгт алба хаасан хүн. Саяхныг хүртэл батлан хамгаалах салбарын хэвлэл мэдээллийн албыг нь хариуцан ажиллаж байсан болохоор ингэж хэлэх үндэслэл, шалтгаан бий гэж боддог юм. Тиймдээ ч хааяа нэг энэ чигт ажлын томилолт гарах аваас болж өгвөл явчих хүсэл санаатай, бас дуртай байдаг хүн. Гэхдээ аян замын тэмдэглэлийнхээ өмнө зориуд ингэж онцлон дурдах шалтгаан байсан юм аа! Учир нь нөгөө миний мэддэг байсан хилийн цэргийн амьдрал шал өөр болчихож. Аливаа юм хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг ч, хилийн цэрэгт гарсан өөрчлөлт шинэчлэл намайг бүрмөсөн гайхшируулж орхилоо. За байз, би гэдэг хүн яг арван жилийн өмнө хилээр явж, хилчдийн талаар сониндоо бичиж, нийтэлж байсан байх нь. Тэр үед бичиж байснаа эргээд уншлаа. Өнөө цагтай харьцуулбал, тэнгэр газар шиг зөрөө бий болжээ. Үнэхээр энэ хугацаанд хилчдийн аж амьдрал, алба үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал, техник хэрэгсэл, зэвсэглэл, ахуй хангамж цогцоороо яаж ингэж гайхшируулмаар өөрчлөгдөж чадав аа. Хил хамгаалах байгууллагын дүр төрх ер нь тэр чигээрээ шинэчлэгдсэн байх аж. Бүр цоо шинээр энэ байгууллага дахин мэндэлсэн гэж хэлж болохоор өөрчлөгджээ. Тэгэхээр энэхүү өөрчлөлтийн талаар уншигч авхай нарт дуулгаж танилцуулахыг үүргээ гэж чухалчиллаа. Миний сэтгэл ихэд хөдөлсөн шиг уншигч та бүхэн ч ялгаагүй, Монгол Улсын хил хамгаалалт ямар найдвартай, эрчтэй, хүчтэй, бахархам, мэргэжлийн болсныг мэдэж, мэдрэх аваас эрхгүй бахдан, басхүү баярлан догдлох болно гэдэгт би туйлын итгэлтэй байна.
НЭГ.
Хилийн 0303 дугаар тусгай салбартай танилцах завшаан бидэнд олдсон юм. Завшаан гэх нь ч юу юм. Ийм боломжийг олгосон Хил хамгаалах байгууллагын удирдлагад талархаж байгаагаа юуны өмнө өчсү. Энэхүү тусгай салбарын үйл ажиллагаатай танилцах онцгой эрхийг магадгүй энгийн ямар ч сэтгүүлч урьд өмнө авч үзээгүй байх. Яагаад гэвэл энэ салбар зөвхөн Хилийн цэргийн командлагчийн нөөцөд байж, гагцхүү түүнд л шууд харьяалагдаж, захирагддаг онцгой статустай анги. ХХЕГ-ын дарга асан хошууч генерал Ц.Сэргэлэн энэ тусгай салбарыг анх санаачилж байгуулсан юм билээ. Улсын хил дээр онцгой цагийн байдал үүссэн үед болон өөр хүнд нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх зориулалттай энэ тусгай салбараар монгол хүн чин сэтгэлээсээ бахархаж болно гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна. Үзсэн, харсан тэр болгоноо бичиж, тоочиж болохгүй нь хяслантай ч, энэ салбарын байнгын өндөр бэлтгэлтэй, мэргэшсэн хилчдийг зүгээр л төгс цэргүүд гээд ойлгочих ож болно. Тэд үнэхээр ч төгс юм билээ. Зэвсэглэл, машин техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслүүд энэ тэртэй нь бол ярих ч юм биш. Миний хувьд ийм салбар нэгж байдаг гэж огтхон ч бодож төсөөлж явсангүй. Тэгээд ч ийм тусгай салбар урьд өмнө Хил хамгаалах байгууллагын бүтцэд огт байгаагүй юм. Хувцас хунар гэж янзтай. Цастай, намагтай, элстэй, бороотой, халуун хүйтэнд, ой хөвчид, хад асга, ууланд, тал хээрт гээд бүхий л нөхцөл, цаг улирал, байгалийн өнгө байдалд тохирсон хэдэн ч төрлийн хувцас байв даа. Загвар хийц, материал үнэн мундаг. Хамгийн гол нь бие бүрэлдэхүүн сүрдэм. Өнөөдөр дэлхий дахинаа энхийг сахиулагч, цэнхэр дуулгатнуудаар маань дамжуулан монгол цэргийн ур чадвар, хатуужил тэвчээр, найдвартай үүрэг гүйцэтгэлтийг нь мэддэг, бахархдаг болсон. Тэдний дунд хилчид олон бий. Ийм газар бэлтгэгдсэн цэргүүд найдвартай байхаас ч аргагүй юм билээ. Дэд хурандаа Г.Энхтүвшин захирагчтай энэх үү 0303 дугаар тусгай салбарт сургаж, бэлтгэгдсэн тусгай бүлэг, нэгж Монгол Улсын хилийн бүх анги, хилийн бүх заставт бий болсон нь хил хамгаалалтыг улам чадварлаг хүчирхэг болгосон байна. Хилийн цэрэг ямар их өөрчлөгдснийг эндээс эхлэн харж, гайхаж, танилцаж, танилцахын хэрээр бахархан биширч, өнөө манайхны хэлдгээр аян замын турш үнэнхүү омогшиж явсан билээ.
ХОЁР.
Өглөө аажуу Улаанбаатараас гарсан багийнхан маань 0303 тусгай салбартай танилцаад, их үд гэхэд Хэрлэнг гэтлэн дорно зүг довтолгосоор Чойбалсан хотод төд удалгүй хүрээд ирлээ. Хилийн 0132 дугаар анги энд буй. Ангийн захирагч нь тэвхийсэн өндөр, биерхүү хурандаа байх аж. О.Батгэрэл хэмээнэ. Бид танилцлаа. Хилийн цэрэгт миний мэдэхгүй ямар өөрчлөлт гарсныг л бичнэ гэж уншигч нартайгаа өмнө тохирсон байгаа шүү дээ. За тэгээд хаанаас эхлэх билээ? Ерөөсөө алхам тутамд шал өөр, цоо шинэ төрх байдал угтаж байгаа болохоор базаад ч болсон бүгдийг багтааж тэмдэглэх л хэрэгтэй. “Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа” гэдэг хэлц байдаг санагдана. Энд би идсэнээ ч, явснаа ч өгүүлэх болно. Яагаад гэвэл хилийн цэргийн амьдралд гарсан том өөрчлөлт, шинэчлэлтийн нэг нь магадгүй хамгийн чухал нь тэдний хоол хүнсний чанар, нэр төрөл сайжирч, олширсон явдал гарцаагүй мөн юм. Би бол зүгээр л ангайсан. Анхандаа О.Батгэрэл хурандааг бидэнд зориулж бэлтгүүлсэн тусгай хоолоор дайлж байна гэж бодсон билээ. Хилчин цэргүүд энд халуун тогооны хоолоор үйлчлүүлж байхыг харлаа. Улаанбаатарын ихэнх ресторануудыг дагуулах юм биш. Зөвхөн том ресторануудтай л харьцуулж болох юм. Нээрээ заримд нь ийм олон нэр төрлийн хоол байдаггүй шүү дээ. Өнөөдөр хилийн цэргийн өдөр тутмын хоол нь л гэхэд 25 нэр төрлийнх болсон байна. Эндээс хилчид сонголт хийж, дуртайгаа идэж болно. Нэмэлтээр дархлаа дэмжсэн төрөл бүрийн витаминтай жүүс, аарц, чацаргана өдөр бүрийн цэсэнд нь байна. Миний үед хилийн цэрэг сарлагийн бухны резин шиг махаар голдуу хооллодог байсныг бодтол голдоо ортол гомдол төрмөөр. Ер харьцуулах ч юм биш. Хилчид ийм хоол өдөр бүр иддэг болсон гэдэгт нэг л итгэж ядаж байлаа. Гэхдээ цаашаа Мэнэнгийн отряд, заставууд, бас Халх голын ангиар орж явахдаа аль хэдийн дасаж, хилчдийн чанартай, эрүүл, тансаг хоол, унднаас шилж сонгож, шуналтай, таашаалтай нь аргагүй цохисоор байгаад ирсэн шүү дээ би гэдэг хүн. Оюутолгойн уурхайн ажилчдын хоол л нэг иймэрхүү, хилчдийнхтэй адил байдаг юм. Хүн хоолгүйгээр юуг ч бүтээж үл чадна. Хилчдийн амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт хоол хүнс гэдгийг дахин дахин онцолъё. Хэдий чинээ тэжээллэг, илчлэг, уураг, витаминтай, эрүүл хооллоно төдий чинээ хилчид эрүүл, чийрэг байж, хил хамгаалалт найдвартай бат байх болно. Эндээс О.Батгэрэл хурандаа биднийг дагуулан Хавиргын боомттой танилцуулсан билээ. Энэ бол Дорнод дахь Монгол, Хятадын хилийг холбосон автозамын хамгийн том боомт. Өдөрт 1000 гаруй машин тогтмол нэвтэрдэг гэнэ. Гэхдээ биднийг очиход коронавирусийн халдвараас болж боомтын ажиллагааг зогсоосон байлаа. 1992 онд түр ажиллах горимоор нээж байсан энэ боомт 2015 оноос байнгын ажиллагаатай болсон байна. Жилээс жилд зорчигч, тээврийн хэрэгслийн тоо, ачаалал нэмэгдэж, хэрэг зөрчил ч нэмэгдэх болсон гэнэ. Гэвч хилчид маань ч хил хамгаалалтын арга хэрэгслээ улам боловсронгуй болгож байгааг харлаа. Хилийн хамгаалалтад болон шалган нэвтрүүлэх албанд энгэрийн камер, чигийн болон хөдөлгөөн мэдрэгч лазерийн гэрэл зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийн олон дэвшлийг нэвтрүүлэн ашиглаж байгаа нь гайхширал, бахархал төрүүлсэн бас нэг шинэ дүр төрх байлаа. Хил хамгаалалтын арга хэлбэр ямар нарийн болсныг тэр болгон энд дэлгэрэнгүй өгүүлэх хориотой болохоор ингээд зогсох ёстой байх. Хамгийн гол нь өнөөдөр хил хамгаалалтад инновац маш хурдтай нэвтэрч хэрэгжин, хилчид үр дүнг нь үзээд эхэлсэн нь гайхамшиг байлаа. Энэ боомт дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид бүгд гэрээт цэргүүд аж. Гэрээт албаны хилчдийн байр, амьдарч буй орчин нөхцөл ямар ч тухтай, тохитой болсон юм бэ дээ. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэйг саналаа. Юу гэвээс, нэг хэсэг хилийн шалган нэвтрүүлэх албыг хилийн цэргийн харьяаллаас гаргаж, Гадаадын иргэн, харьяатын албанд шилжүүлсэн билээ. Үүнээс болж улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоо алдагдаж, хүнд нөхцөл үүсээд байсныг засахаар 2016 оноос эхлэн хөөцөлдсөөр 2017 онд буцаад Хилийн цэрэгт харьяалуулсан байдаг. Ингэснээрээ өнөөдрийн хил хамгаалалт илүү нэгдмэл цогц болж, улс орны аюулгүй байдал, хил хязгаарын бүрэн бүтэн байдал найдвартай хангагдах болсныг харж явлаа. Ганц жишээ дурдахад Хавиргын боомт орох гарах чиглэлд ганцхан кабинтай байсныг хилчид найм болгон өргөжүүлж, төхөөрөмжилснөөр боомтоор нэвтрүүлэх хүчин чадал асар нэмэгдэж нэг зорчигчийг шалгахад ердөө 20-30 секунд зарцуулах болсон аж.
ГУРАВ.
Дахин дурсамж сөхөх хэрэгтэй болов. Урьд нь хилийн отряд, заставууд хооронд явахад их л ядардаг байсан санагдана. Тэр үед харьцангуй залуу, халуун байсан хэрнээ л бие буларч, сулардаг байсан юм. Гэтэл энэ удаа үгүй шүү. Шалтгааныг нь би хөлөглөж яваа унаатайгаа холбож дүгнэхэд хүрлээ. Хилчдийн унаа, машин тэр чигээрээ шинэчлэгдэн хүчирхэг япон жийпүүдээр хангагдсан байна. Өмнө харж дассан УАЗ-469 машиныг би л лав зүүн хязгаарт олж харсангүй. Тэртээх он жилүүдэд яг энэ Дорнодын хил хязгаараар спирт, машины хууль бус наймаа, контрабанд цэцэглэн, газар авч галзуурч байсныг сайн санаж байна. Тэр хууль бус наймаа, хил дамнасан контрабандыг таслан зогсоохын тулд авч хэрэгжүүлж үр дүнд хүрсэн нь тухайн үеийн цэл залуухан хурандаа Ц.Сэргэлэн гэх хүнтэй холбогдон яригддаг. Ер нь энэ генералын талаар хилчидтэй уулзаж ярилцах бүрийд улам олон зүйлийг сонсох болсон нь надад дараа сониндоо зочноор зайлшгүй урьж ярилцах ёстой эрхмийн нэг гэж бодож, төлөвлөхөд хүргэсэн юм. Яагаад гэвэл Хил хамгаалах байгууллагын дүр төрх эрс өөрчлөгдөж шинэчлэгдсэн он жилүүд энэ эрхэмтэй шууд хамаатай байдаг юм билээ. 2010 онд ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагчаар анх томилогдоод хүндэтгэх шалтгаанаар гурван жил завсарлаад 2016 онд дахин томилогдож 2019 оны арванхоёрдугаар сарын 31 өдөр хүртэл арав шахам жил Хил хамгаалах байгууллагын удирдлагын түвшинд ажиллах хугацаанд хилийн цэргийн өнөөгийн шинэ дүр төрх бий болсныг хэн ч анзаарна. Хилчид бол энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн автороор шууд л түүнийг нэрлэж байна билээ. Сэтгүүлчид бид хилийн цэрэгт гарсан өөрчлөлтийг мэдэхгүй байхад жирийн ард иргэд хэрхэн мэдэх. Тиймээс миний энэхүү тэмдэглэлийн зорилго бидний мэддэг, төсөөлдөг байсан хилийн цэрэг шал өөр болсныг өөрийн нүдээр харж, бахархаж бахардсан сэтгэгдлээ тэр чигт нь олонд хүргэж таниулах явдал.
Дөрөв.
Буйр нуур. Домогт Халхын голд хүрлээ. Нээрээ би гэдэг хүн хилийн анги бүрд “Хилчин” нэртэй супермаркет байгааг анзаарснаа өгүүлэхээ мартсан байна. Нийслэлийн том дэлгүүрүүдэд байдаг бүх бараа тэнд байна. Одоо бол хилийн цэргийн хугацаат алба хаагчдаас халагдаад явахыг тэр бүр хүсэхээ байж байгааг хилчидтэй уулзаж байхдаа мэдэж авлаа. Болж өгвөл улирч, гэрээт алба хаахыг тэд хүсэж байна. Мэдээж энэ нь хилийн цэргийн ахуй амьдрал, цалин хангамж, нөхцөл гээд бүхий л зүйл өөрчлөгдөж шинэчлэгдсэнтэй холбоотой. Гэрээт хилчин хүн гурван жил алба хаагаад халагдах бол 8-9 сая төгрөгийн хуримтлалтай болсон байдаг аж. Гэрээт хилчин бүрт данс нээгээд цалингийн 90 хувийг нь шууд тэр дансанд нь оруулж 10 хувийг картанд нь хийдэг байна. За тэгээд хилийн нэмэгдэл гайгүй гарна. Гэрээт хилчид цаашдаа офицер болж, их, дээд сургуульд суралцах бүрэн боломж бүрдсэн болохоор хилчин болох хүсэл тэмүүлэл асар нэмэгдсэн байна. Энэ чинь л нөгөө намайг гайхшируулахад хүргэсэн хилчдийн цоо шинэ дүр төрхийн нэг хэсэг шүү дээ. Буйр нуур, Халхын голд өвөл цагийн хил хамгаалалт хэмээх огт мэдэхгүй, цоо шинэ бас нэг арга ажиллагаатай танилцлаа. Монголд цор ганц усан хил хамгаалалт энд буй. Хилийн 0306 дугаар ангийн захирагч Э.Болдбаатар хэмээх тун сэргэлэн залуухан хурандаад гүнээ талархаж буйгаа дашрамд дуулгах байна. Монголд усан цэрэг гэсэн төрөл нэгж байхгүй ч, Буйр нуурын хилчдийг бол усан цэрэг гэж нэрлэж болно. Энэхүү өвөрмөц хилчдийг харахуйд хэний ч зориг золбоо бадарч, хийморь асахаар ажгуу. Усан хилийн хилчдийн хөлөглөдөг завь, газар уснаа явагч, усны мотоцикль гайхалтай. Бүгд хамгийн орчин үеийнх. Нөгөө кинон дээр гардаг тэнгисийн десантынхан хөлөглөдөг завь энд байна. Тоог нь дурдаад яахав. Буйр нуурын усан хилийг байнга зөрчдөг байсан хятадуудын ханд хага дарагдаж, хилийн зөрчил гарахаа больсны учир техникийн шинэчлэлтэй холбоотой байж. Ийм техник хэрэгсэлтэй байхад хэн хил зөрчиж чадах билээ. Хаск нохой бүхий чаргатай хамгаалалтыг сүүлийн жилүүдэд Халх гол, Буйр нуурт мөн ашиглах болсон байна. Булан дэрсний застав, Буйрын заставт нохой чаргатай хилийн цэргийн шинэ бүтэц бий болжээ. Миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн нэг зүйл бол Буйр дээр өвлийн хил хамгаалалтад ашиглаж байгаа мөсний мотоциклууд байлаа. Хурд хүч гэж жигтэйхэн, Японы энэхүү техникийн жолоон дээр суугаад үзлээ. Жишиж ярих ч юм алга. Үнэн “сүүпэр” эд. Хилийн цэрэг илт сэргэж, жавхаажсан байна. Үнэхээр ямар ч аавын хүү, ээжийн охины сэтгэл татагдахаар хийморилог болжээ. Хилчдийн урам зориг ч асар нэмэгдэж, албаараа бахархах бахархал нь ассан байхыг харлаа. Юм ингэж өөрчлөгдөх гэж. Сэтгэл, зүтгэл, зөв оновчтой удирдлага, бодлого байхад өөрчлөгддөг л юм байна. Өнөөдөр хилийн цэрэг идэж ууж байгаа хоол хүнсээсээ эхлээд хувцас хэрэглэл, техник, зэвсэглэл, бие бүрэлдэхүүн, удирдлага дарга, офицерүүд гээд бүгд асар их өөрчлөгдснийг тод анзаарч явлаа. Энэ бүхэн юунаас эхлэв гэж үү? Миний ойлгосноор өөрчлөлт шинэчлэл хийхдээ Хилийн цэргийн командлал хоёр зүйлийг эрхэмлэн гол зорилтоо болгон тодорхойлжээ гэж санагдсан. Энэ зорилтдоо тэгээд хүрч чадсан байна. Нэгдүгээрт, хамгийн чухал суурь болох эрх зүйн шинэчлэлийг хийж, Хилийн тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн боловсруулж 2017 онд УИХ-аар батлуулж гаргасан явдал. Ингэснээрээ хил хамгаалалтын шинэчлэлийн эрх зүйн үндэс тавигдсан хэрэг. Энэхүү эрх зүйн акт дээрээ тулгуурлан хил хамгаалах үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх бүхий л боломжийг асар богино хугацаанд үр дүнтэй ашиглах нь хоёр дахь зорилт нь байжээ гэж харагдлаа. Үнэхээр энэхүү шинэчлэлийн бодлого ямар оновчтой болсныг, үр дүнд нь хилийн цэрэг хэрхэн хурдтай өөрчлөгдөж байгааг нүдээрээ харлаа. Монгол Улс нийгэм, эдийн засгийн байгууллаа цоо шинээр сольж, сонгож байсан 1990-ээд он, 2000 оны эхэн үеийн хилийн цэргийн дүр байдлыг дотроо эргэн саналаа. Тэр үед хилээр байнга зорчиж, ганзагын наймаанд явж байсан монголчууд сайн мэдэх байх аа. Хил дээр ирмэгц, нэг л тийм нунж дорой харагддаг байлаа шүү дээ манай хилийн цэрэг. Наранд гандаж, хөлсөндөө түлэгдэн хувхай цайж, үрчийсэн малгай, хувцастай, өмднийх нь өвдөг далбийж, хэлбэрээ алдан банхайсан бакаалан гутлынх нь түрүүг бараг давж унжсан нэг тийм цог золбоогүй дүр элбэг харагддаг байсан шүү дээ. Магадгүй ингэж хэлсэнд маань дургүйцэх нэгэн байж болно. Үгүйсгэхгүй. Гэхдээ л тийм л байсан юм. Одоо бол шал өөр болжээ. Хилийн цэргийн өмсдөг малгай нь гэхэд л найман төрөл байна гээд бод доо. Хувцас гутал нь ч ялгаагүй. Үнэхээр нүдэндээ галтай, нүүрэндээ жавхаатай, харахад урамтай болжээ хилийн цэрэг. Цаашдаа энэхүү шинэчлэл улам гүнзгийрэн өргөжиж, хилд алба хаах нь Монголын залуусын мөрөөдөл, нэр төрийн үйл хэрэг болох буй за. Яг энэ цаг үед ямар хүнээр мануулснаа эх орон та хараач гэж ёстой л эрхгүй бахдан хашгирмаар байлаа. Хэрвээ надад боломж олдвол шууд мэргэжлээ солиод хилчин болоход бэлэн байна. Хүн бүрийн зүрхэн тольтод хадгалагдан байдаг улсын маань “Хил халдашгүй дархан байх” тухай үндэсний язгуур ашиг сонирхлыг баталгаатай хангах нөхцөл бүрдэж байгаа нь тусгаар Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал улам бүр баталгаажиж байгааг дурдах нь зүйтэй болов уу.