“ГАМШГИЙН ҮЕ ДЭХ СЭТГЭЛ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ” ГАРЫН АВЛАГЫГ ХИЛЧДЭД ГАРДУУЛАН ӨГӨВ
  • 16:19
  • 3035
“Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл” төвөөс цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

“Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл” төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд  “Гамшгийн үе дэх сэтгэл зүйн анхан шатны тусламж” гарын авлага гаргаснаа ХХЕГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө. Цар тахлын үед иргэд сэтгэл зүйгээ зөв удирдаж, эрүүл хэв дадлыг хэвшүүлэхэд тус гарын авлага чиглэгджээ. Тус төвийн хамт олноос  нийт 150 ширхэг гарын авлагыг гардуулан өгч цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Энэхүү гарын авлага цар тахлын эсрэг голомтод ажиллаж байгаа, мэдээ мэдээллээс хол, нийгмийн эмзэг бүлэгт үнэгүй тараагдах аж. Олон улсад гамшгаас үүдэлтэй сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, гэр бүл салалт, хүчирхийлэл, мансууруулах донтолт ихсэх хандлагатай байгааг дээрх албаны хүмүүс хэлж байлаа. Тус гарын авлага нь сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгах, гэр бүлийн цаг яагаад чухал, гамшгийн үед болон дараа хүүхдэд үүсэх сэтгэл зүйн хохирол ба авах арга хэмжээ зэрэг олон мэдээ мэдээлэл, зөвлөмжийг дотроо багтаажээ. 

Төвийн тэргүүн, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзул, “Манай байгууллагаас цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа албан хаагч, ажилчдад зориулан сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх гарын авлагыг тарааж байна. Бидний зорилго тэргүүн эгнээнд ажиллаж байгаа та бүхний сэтгэл зүйг дэмжих, ар гэрт нь сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм. Манай байгууллага цар тахлын үед олон нийтэд сэтгэл зүйн бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорьж байгаа. Цар тахлын хүнд үеийг сэтгэлийн хүчээр давж гарна гэсэн зорилго, уриан дор бид ажиллаж байна. Тиймээс та бүхэн сэтгэлээрээ хүчтэй байгаарай. Онцгой үүрэг гүйцэтгэж байгаа хилчид болон тэдний гэр бүлд энэхүү гарын авлага туслах байх” гэсэн юм.