АХЛАХ ДЭСЛЭГЧ Г.ХАЛИУНАА: СЭТГЭЛЗҮЙЧ ХҮН БУСДААС БҮХ ТАЛААРАА ЯМАГТ ТҮРҮҮЛЖ АЛХАХ ЁСТОЙ
  • 09:10
  • 3801
Бүтээлч хандлага, эерэг сэтгэлгээг хамт олондоо түгээхийг зорьж, зорилгынхоо төлөө мятрашгүй, тууштай, сахилга баттай ажиллаж, үр дүнг нь амсаж яваа бүсгүй бол Хилийн 0165 дугаар ангийн СМССА-ны социологич, сэтгэл зүйн бэлтгэлийн офицер, ахлах дэслэгч Г.Халиунаа билээ.

Ахлах ахлагч Ж.Наранцэцэг

-Уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Галхүүгийн Халиунаа гэдэг. Би Баян-Өлгий аймгийн Өлгий хотод төрж өссөн. Ам бүл гурав. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг.

-Хил хамгаалах байгууллагад анх хэрхэн хөл тавьж байв? 

-Би анх 2014 онд Хилийн 0252 дугаар ангид хөгжимчнөөр ажилд орж байлаа. Ажилд орсон эхний өдөр хурандаа Ж.Дамдинбазар дарга өрөөндөө дуудаад “Хил хамгаалах байгууллага хүн болгоны ороод байдаг алба биш шүү нөхөр минь, өндөр үүд хаалгатай, маш хариуцлагатай газар. Иймд чамайг энэ айлд тэнцэх үгүйг шалгана” гээд Цэргийн гал зууханд аяга таваг угаагчаар ажиллах үүрэг өгч билээ. Маргааш өдрөөс нь өндөр өсгийтөө тайлж пүүзээ өмсөөд  үүрийн таван цагаас оройны 22.00 цаг хүртэл аяга таваг угаадаг байв. Тэр олон цэргийн аяга таваг угааж ядарч байсан үе минь надад хэзээ ч мартагддаггүй. Ангийн захирагчийнхаа шалгалтад ч амжилттай тэнцэж хөгжимчнөөр улиран ажилласан. Хилийн 0252 дугаар ангиасаа хамгийн их цагийн байдал өндөртэй, цаг уурын эрс тэс уур амьсгалтай Хилийн 0311 дүгээр ангид Соёлын төвийн даргаар ажиллаж байгаад 2017 оноос тус ангид шилжиж одоог хүртэл ажиллаж байна. 

-Таны аав хилчин хүн. Удам дамжсан хилчин хүний хувьд? 

-Миний аавыг бэлтгэл дэд хурандаа Б.Галхүү гэдэг. Аав минь Хилийн 0130, 0165, 0285, 0131 дүгээр ангиудад ажиллаж байсан. Мөн 2004 онд Улаанбаатар хотод зохиогдсон Баруун таван аймгийн урлагийн их наадамд хилчдээс ганцаараа оролцож, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэн, Цэргийн гавьяаны одон, Монгол Улс, ОХУ-ын “Онц хилчин” зэрэг олон шагналын эзэн. Яахын аргагүй охиныхоо үлгэр дуурайлал, бахархал болсон хүн дээ. Аав Хилийн 0165 дугаар ангийн Сурталчилгаа, соёл хүмүүжлийн тасгийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед 1996 онд соёлын төвийн дэргэдэх “Харуул Алтай” хамтлагийг байгуулан аймгийнхаа бүх сумын төв, багуудаар тоглолт хийж явахдаа намайг дагуулан тайзнаа дуу дуулуулдаг байсан үе дурсамж болон үлджээ. Аавынхаа хийсэн бүтээсэн зүйлийг үргэлжлүүлэх өндөр  их хариуцлага оноогдсон гэж бодож хичээж явна даа.  

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн засварлаж тохижууллаа. Энэ талаар?

-Өнгөрсөн онд анги маань бүсдээ тэргүүлсэн бахархам амжилттай үдсэн. Хүн бүрийн хичээл зүтгэл, ажлын үр дүн байсан болов уу. Би ч бас ангидаа өөрийнхөө хувь нэмрийг багахан ч болов оруулах хүсэл зорилгыг эрхэмлэж, энэ ондоо багтааж өөрийн хариуцсан ажлын байр болох ангийн сэтгэл заслын өрөөг орчин үеийн шийдэл, стандартад нийцсэн өрөө болгож бүрэн засварлан тохижуулахаар төлөвлөсөн. Төлөвлөсөн ажлаа ч амжилттай хийж гүйцэтгэж дууслаа. Миний хувьд хамт олон, ажлын байр гэдэг тухайн хүний хоёр дахь гэр бүл гэж ямагт бодож явдаг. Хамт олныхоо сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч, судалдаг, зөвлөдөг, тусалдаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой судалгааг явуулж дүгнэлт, санал боловсруулан удирдлагыг үнэн зөв бодит мэдээллээр хангаж, түүний бодлого шийдвэрт тусгаж чаддаг байх нь сэтгэл зүйчдийн гол баримтлах зарчим, арга барил юм. Мөн аливаа амжилт бүтээл, зөрчил дутагдлын цаана байдаг олон хүчин зүйлийн дундаас хүний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй зүйл нь сэтгэл санааны хүчин зүйл байдгийг эрдэмтэн судлаачид нотолсон байдаг. Тийм ч учраас бага ярьж, их сонсдог хүнийг “Сэтгэлзүйч” гэнэ гэсэн тодорхойлолт хүртэл байдаг. Ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл санааг судлах, ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг энэ шаардлагад нийцүүлэн засварлан тохижуулсан. Энэхүү өрөөгөөр ороод гарсан хүн бүрт эерэг, өөдрөг, сэтгэл ханамжийг бага ч болов төрүүлэхүйц өрөө байгаасай гэж хүссэн бас хичээсэн. Ер нь тархиндаа бодож боловсруулан, төсөөлж байсан зүйлээ зорилго болгож, сэтгэл зүрхээ шингээж хийсэн ажлын минь үр дүн гэж хэлж болно. Цаашид хийхээр төлөвлөсөн олон ажлууд байгаа. 

-Хэчнээн төгрөгний хөрөнгө, мөнгө шаардав?

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг орчин үеийн шаардлагад нийцсэн, өнгө үзэмжийн зохилдлогоо, сүүлийн үеийн барилгын материалаар хийж гүйцэтгэсэн. Ангийн сэтгэл заслын өрөөг бүрэн шинэчилж, засварлан  тохижуулахад нийтдээ 2.066.000 төгрөгийг зарцуулсан. Хамгийн сүүлд л гэхэд өрөөний тавилгыг шинээр авч тавьсан. Дашрамд дурдахад энэхүү өрөөнд маань Монгол Улсаас анх удаагаа дэлхийн ноён оргил Эверестэд хөл тавьсан алдарт уулчин, уулын спортын Олон улсын хэмжээний мастер, бэлтгэл дэд хурандаа Ноокоогийн Жуков гуай олон жил Шалган нэвтрүүлэх тасгийн даргын албыг хашиж амьдарсан буянтай өрөө хэмээн надад хэн нэгэн хэлсэн. 

-Цаашдын зорилго?

-Хүн үхэн үхтэлээ суралцдаг гэдэг. Түүнтэй адилхан ойрын хугацаанд сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж, дадлагажиж, чадваржихыг хүсэж байна. Сэтгэлзүйч хүн гэдэг бусдаас бүх талаараа ямагт түрүүлж алхах ёстой гэж боддог. Тиймээс ч өөрийгөө цаг ямагт боловсруулж явахыг хүсдэг. Мөн хүүгээ өлгийдөж аваад оны өмнөхөн ажилдаа орсон болохоор бүх хилийн салбарт хүрч ажиллах асуудал дутагдалтай байгаа. Ер нь бидний ажил хүн нэг бүрт хүрч ажиллах явдал шүү дээ.