БНМАУ-ын Баатар ЛХҮНРЭВИЙН ДАВААДОРЖ /1926-1948/
  • 12:00
  • 6142

Хөвсгөл аймгийн Бүрэн сумын Эрчимийн нурууны Донхор хэмээх газар мэндэлжээ. Гэрээр бичиг үсэг сурч, мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад 1946 онд цэргийн албанд татагдан Эрдэнэцагааны отрядод алба хаав. Баруун хилийн байдал нэн хурцдан дайны байдалд хүрсэн тул түүнийг Хязгаарын 6-р отрядын Дамжигийн суманд шилжүлжээ. Алба хаах хугацаандаа зэвсэгт тулгаралтад хэд хэд оролцож эрэлхэг дайчин болохоо харуулж байлаа.

1948 оны 7 сарын 7-нд Ховдын Булган сумын нутаг Бүдүүн харгайтад Хаянхярваагийн удирдлаганд 10-уул хилийн манаанд гарч байтал миномёт, хүнд хөнгөн пулемётор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй Гоминданы цэргийн салбарын эсрэг хүч тэнцвэргүй байлдаанд оролцжээ.

Тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётчин туслах наводчикоор хойт толгой дээр хориглон байлдаж дайсанд үлэмж хохирол учруулсан ч дайсан хүний олон газрын бартаа зэвсгийн хүчний давуугаар тэднийг бүслэх агшинд сумаа дууссан 3 хилчин нэгэн дор зэрэгцэн хэвтээд эцсийн гранатаа тэслэн дайснуудын хамт амь үрэгджээ. Даваадоржийн цогцос цээж бөгсөөрөө салж, хоорондоо 6м зайтай шидэгдсэн байжээ. УБХТ-ийн 1949 оны 6-р хурлын тогтоолоор БНМАУ-ын Баатар цол нэхэн шагнаж, анх алба хаасан Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагааны отрядын Тэрэгтийн заставыг Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор түүний нэрэмжит болгосон юм. Баатрын хөшөө Хөвсгөл аймгийн төв талбайд сүндэрлэж байна.