ДЭД ХУРАНДАА Ж.ГАНБАЯР: ГАДНЫ УЛС ОРОНД СУРАЛЦАГСАДТАЙ ҮР ДҮНГ ТООЦНО
  • 09:14
  • 2619
Хил хамгаалах байгууллагаас гадаад орнуудад сургалт, хурал, зөвлөгөөнд оролцогсдын үр дүнг тооцох журам дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байна. Журмын талаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Ж.Ганбаяраас тодрууллаа.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

-Хил хамгаалах байгууллагаас жилд хичнээн тооны алба хаагч гадны улс оронд урт болон богино хугацааны сургалт, дамжаа, хурал, зөвлөгөөнд оролцдог вэ?

-Хил хамгаалах байгууллагаас жилд дунджаар 50-60 алба хаагч богино хугацааны сургалт, зөвлөгөөн, олон улсын хурал, уулзалтад оролцохоор гадаадын улс орнуудад зорчиж байна. Он гарсаар шинэ коронавирусийн цар тархалттай холбоотой гадаад орнуудад сургалт, дамжаа, хурал, зөвлөгөөнд хамрагдахаар явсан хүмүүс цөөхөн байна. Европын болон Азийн зарим орнуудаас бага хурал, зөвлөгөөнд ХХБ-аас албан тушаалтнуудыг хамруулах санал ирж бид алба хаагчдыг оролцуулахаар хариу илгээсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Коронавирусийн дэгдэлтээс өмнө буюу нэгдүгээр сард богино хугацааны сургалтад хамрагдахаар явсан алба хаагчдын сургалт үргэлжилж байгаа. Харин урт хугацааны сургалтад хамрагдагсад гэвэл нэлээд өндөр тоо гарна. 

-Тэднээс үр дүнг нь хэрхэн тооцох вэ?

-Тэдгээр алба хаагчдын үр дүнг Хил хамгаалах байгууллагын Хүний нөөцийн дүрэм болон энэхүү журамд заасны дагуу тооцож ажиллана. Хүний нөөцийн дүрмийн дагуу гэрээ байгуулсан алба хаагчийн “Суралцуулах гэрээ”-г дүгнэхээс гадна сургалт, хурал, зөвлөгөөнд оролцогсдын хувьд сургалтын хугацаанаас хамааран явцын дүн, суралцаж дууссаны дараа сургалтад хамрагдаад юу сурсан, Хил хамгаалах байгууллагад нэвтрүүлж болохуйц шинэлэг санааг ХХЕГ-ын удирдлагад танилцуулж, бие бүрэлдэхүүнд мэдээлэл өгөхөөр болж байгаа. Тэгэхээр сургалт, семинар, хурал зөвлөгөөнд оролцсон үр дүн нь бүх хүнд ил тод болж байна гэсэн үг.

-Гадаадад өмнө нь суралцаж байсан алба хаагчидтай үр дүнг хэрхэн тооцдог байсан юм бэ?

-Өмнө нь Хүний нөөцийн дүрмээр үр дүнг тооцдог байсан. Энэ үйл ажиллагаа хэвээр байгаа. 

-Журмын онцлог юу байна вэ?

-Хүний нөөцийн дүрмээр зохицуулагдаагүй зарим асуудлуудыг тусгасан бөгөөд суралцаж дуусаад суралцсан тухайгаа тайлагнах асуудал орсон. Хил хамгаалах байгууллагаас гадаад орнуудад сургалт, хурал, зөвлөгөөнд оролцож байгаа бол тухайн орноос ядаж сургалтын агуулга, мэдээллийг бүрэн эзэмших шаардлагатай байна. Гадны улс оронд суралцсанаар та өөрийн мэдлэгээ баталгаажуулна, бусадтай харилцах харилцаанд өөрчлөлт орохоос гадна тухайн улс орны хил хамгаалалтад хэрэгжүүлж буй арга, туршлагыг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч чадвал хамт олонтойгоо хуваалцана гэсэн үг. Энэ нь цаашлаад Хил хамгаалах байгууллагад нэвтэрч, үйл ажиллагаагаа шинэчлэн сайжруулахад ашиг тусаа өгнө гэж бодож байна.

-Гадаадад суралцах алба хаагчдад ямар шаардлага, шалгуур тавьж байна вэ?

-Хүний нөөцийн дүрмээр тавих шаардлага шалгуураас гадна, тухайн сургалт, хурал зөвлөгөөний агуулга нь оролцох албан тушаалтны ажил үүрэгтэй хэрхэн уялдаж байгаа эсэх, хэлний мэдлэг, эрүүл мэндийн шаардлагыг харгалзан үзнэ.

-Журмын хүлээх хариуцлага дээр суралцах гэрээг хангалтгүй биелүүлсэн, сахилга, ёс зүйн хариуцлага алдаж зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Ямар хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх вэ?

-Алба хаагчийн суралцах хугацаандаа гаргасан сахилга, ёс зүйн асуудал нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол цэргийн алба хаагчийн, төрийн алба хаагчийн болон цэргийн нийтлэг дүрэм, бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээж суралцуулах гэрээгээ хангалтгүй биелүүлсэн бол Хүний нөөцийн дүрэмд заасан арга хэмжээг авна.

-Суралцаж байгаа алба хаагчид ихэвчлэн ямар алдаа, дутагдал зөрчил гаргаж байна?

-Гадаад орнуудад урт хугацаагаар суралцагсад тухайн сургалтын байгууллагаас тогтоосон хугацаанд ирж буцах, мөн сургалтын явцад холбоотой ажиллах шаардлагатай байна. Харин хурал зөвлөгөөнд оролцогсдын хувьд хүрч ирээд тайлагнах асуудалд анхаарах шаардлагатай.